Д.НАДМИД

 

Бараг л тээр жил гэж ярихаар болчихож дээ. 20 гаруй жилийн өмнө юм. 2002 онд УИХ-ын нэгэн тогтоолд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт 1996 оны шийдвэрийг үндэслэн хилийн заагийг тогтоосон “Алтанбулаг чөлөөт бүс”-ийг байгуулсугай гэжээ. Зорилго нь гэвэл олон улсын жишигт нийцсэн чөлөөт бүсийг бий болгон хөгжүүлэх явдал ойрын шийдэх асуудал гэж үзсэн байдаг. Ингээд 2003 оноос хойш тэнд хийгдсэн бүтээн байгуулалт нь цэвэр усны 16.6 км шугам, 3.6 км сайжруулсан автозам, үерийн хамгаалалт, цахилгаан хангамжийн түр шугам хийсэн мэдээлэл бий. Цаашлаад өнөөгийн төр, засгийн бодлогын баримт бичгүүдэд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чөлөөт бүс байгуулж, карго ложистикийн төвтэй болно гэсэн байгаа. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд үе үеийн Засгийн газар бараа, бүтээгдэхүүнийг давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33, хөрөнгө оруулалтыг хөхүлэн дамжих, харилцан хамгаалах хэлэлцээрийг 40 гаруй улс оронтой байгуулсан юм билээ. Гэсэн хэрнээ чөлөөт бүсийн дэд бүтцийг бий болгох, тохижуулах ажил тун олон жил “унтаа” байдалтай байв.

Харин одоогоос таван жилийн өмнө чөлөөт бүс өнгө төрхөндөө бараг орж эхэлсэн юм. Машин тэрэг, иргэдийн хөл хөдөлгөөн ч сүрхий ихэссэн. Корона өвчин дэгдсэн үед ч тийм л байсан. Долоон бүсэд 100 гаруй аж ахуй нэгжид 123 га газрыг олгосноор нэгэн үе худалдааны олон цэг дэлгүүр ажиллаж 20 гаруй орны хүнсний болоод техник төхөөрөмж, гэр ахуй, гоо сайхны, спортын бараа гутал хувцас гээд 200 илүү нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байлаа. Энэ байдлыг өмнөх 2014 онтой харьцуулахад чөлөөт зах зээл гэсэн нэрэндээ зохицох тийшээ хандсаныг энэ оны эхэн үе хүртэлх үйл ажиллагаа нь харуулсан юм.

Төрөл бүрийн уулзалт, ярилцлага хийсэн нь цөөнгүй. Төр, засгийн удирдах нөхөд тэнд очиж байдалтай танилцаж заавар зөвлөгөө өгсөн байдаг. Тэгвэл бид саяхан уг чөлөөт бүсээр очиж сонирхлоо. Үүдэнд байх харуул хамгаалалтынханд сүрхий нь аргагүй шалгуулж зөвшөөрлийн хуудас аваад орох үед нэг л сайхан бужигнасан олны дунд орж зах зээлийн жинхэнэ нэг өнгө төрхийг харах нь гэсэн оргилуун бодол төрсөнсөн. Гэтэл юу вэ. Эл хульхан орчин угтдаг байна шүү.

Хэн бүхэн уншчихааргүй янз бүрийн хаягтай амбаар байшингууд. Уг нь дэлгүүр худалдааны цэгүүд юм байна л даа. Даанч бүгд хаалттай. Ажиллаж байгаа нь аравт нэг гэхээр. Тэнд нь ороход үйлчлүүлэгч ч алга. Аргаа барсан худалдагч нь утсаа маажаад сууж байна. Лангуу тавиурын дийлэнх нь хоосон. Байгаа нь гэвэл хатаасан жимс, үзэмхэн харагдана. Арай дөнгүүр гэхээр дэлгүүр нь гол талбайн зүүн талд байх "Uni mart" дэлгүүр. Тэнд байгаа бараа гэвэл хүнснээс гоймон бараанаас угаалгын нунтагхан төдий. Гаднаа хоёр гуравхан машин байна. Дотроо холын зорчигч бололтой хэдэн хүн хоосон тэрэг түрж зогсох.

Яагаад ийм байдал бий болсныг зарим наймаачид хэлж байх юм. Нэг хэсэгтээ чөдөртэй юм шиг нойрмоглож байсан чөлөөт бүс амь ороод түм түчигнэж бум бужигнаж байлаа. Коронагийн үед ч машин тэрэг, зорчигчдын оочер дараалал хачин их байсан. Гэтэл энэ оны эхэн үеэс ийм ажин түжин болчихлоо. Бидний бодоход чөлөөт бүсийг зүй зохисоор нь ажиллуулах талд төр, засгийн бодлогод алдаа гарсан бололтойдог гэцгээж байна тэд. Тэр тухай иргэдээс лавлабал энэ оны эхний сард чөлөөт бүсэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосноор эндхийн үйл ажиллагааг 100 хувь гэж үзэх юм бол 80 хувь нь байхгүй болжээ. Нөгөө л олны хөлд өглөөний найман цагаас оройн 18:00 цаг хүртэл дараастай байсан дэлгүүрүүд хаалгаа тас барьсан байна. Чөлөөт бүсийн өнгө төрх огт алга эх хульхан ёстой л чөлөөт бүс “чөлөөтэй” байх юм. Олны хөл тэндээс дайжиж. Уг нь чөлөөт бүсэд бараа татваргүй учраас бусад газрынхаас хоёр дахин хямд учир тэнд очигсод хүссэнээ аваад л гардаг байв. Тиймээс хол, ойрын зорчигчид, Сэлэнгэ аймаг даангүй Алтанбулаг сумынхны амьдралд нэг үе сэргэлт авчирсан гэж хүмүүс ярилцаж байна лээ.

Алтанбулаг сум гэхэд 5000 орчим хүнтэй. Тэдний 10 хүрэхгүй хувь нь төрийн албан хаагч. Тэд л цалинтай. Гэтэл үлдсэн дийлэнх нь одоо ямар ч орлогогүй болсон гэх. Тус сумын нэг иргэн хэлж байна л даа. “Чөлөөт бүсэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэр гарснаас хойш ийм болчихлоо. Архи зарлаа гээд Алтанбулагийнхан согтуураад байсан нь юу л бол. Ер нь архи, дарсыг дагаад энд чинь дэлхийн нэртэй брэндийн гутал, хувцас хүртэл байдаг л байв. Одоо “түй” ч байхгүйг харж байгаа биз дээ” гэлээ тэр. Үнэндээ дэлгүүр мухлаг найман нэрийн бараатай байж л орлого нь овоо байдаг шүү дээ. Үүний тодорхой жишээ чөлөөт бүсийн амьдралд байжээ. Энд архийг магтах гэсэн дээ биш. Энэ арилжааг дагалдсан бараа туруу түмний хэрэгцээг хангаж байдаг гэдгийг нь хэлэх гэсэн юм. Алтанбулаг сумын жирийн иргэд өдрийн хоолны мөнгөө олох боломж ч хаагджээ.

Үнэн нь гэвэл архи согтууруулах ундаа оруулж ирэх, худалдаалах эрхийг зарим компани, аж ахуйн нэгжид шилжүүллээ гэсэн дээд газрын шийдвэрийн дараа чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнөөдөр чөдөртэй мэт дэвхцэж байна. Тийм шийдвэр гаргахад хэн гуайн лообий нөлөөлж жингийн туухайг хэн хазайлгаж орхисон юм бол. Чөлөөт бүсээр өдөрт 2000 гаруй хүн үйлчлүүлж байсан бол одоо 200 хүрэхгүй тооны хүн орж гарч байна гэж үүдээр нэвтрэх эрх олгогчид нь хэлж байсан юм. Чөлөөт бүс үнэхээр “чөлөөтэй” байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 104 (7089)