П.АМГАЛАН
Хүний дүр төрх, тухайн цаг хугацааны ховор агшинг буулган үлдээх гайхалтай мөн чанар гэрэл зурагт оршдог. Үүнтэй адил хэдэн арван жил өнгөрсөн ч түүх болон хадгалагдах үнэ цэн ном, сонин, сэтгүүл гээд хэвлэмэл материалд буй. Энэ хоёр үнэт зүйлийг нэгэн цогц болгож нэгтгэсэн “Тэнгэрийн заадас” ном уншигчдад хүрэхэд бэлэн болжээ. Монголын соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын манлайлагч болсон 81 эрхмийн амьдралын замналыг өөрсдийнх нь эшлэлээр оруулсан Монголын анхны гэрэл зургийн хөрөг номын нээлтийн талаарх мэдээллийг өглөө. Хуралд номын зохиогч Ж.Бум-Эрдэнэ, гэрэл зурагчин Ө.Баттайван, н.Ган-Од болон номын баатруудын төлөөлөл, Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Б.Долгион, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким нар ирсэн байв.
Номын нээлт VS гэрэл зургийн үзэсгэлэн
“Тэнгэрийн заадас” номыг бүтээл болгох ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлжээ. Энэ номыг бүтээхэд дөрвөн гэрэл зурагчин, хоёр дизайнер, хоёр редактор ажилласан байна. Олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаанаа зориулж бүтээсэн номын нээлтийг энэ сарын 26-нд “Чингис хаан” музейд хийхээр болжээ. Мөн нээлтийн үеэр гэрэл зургийн үзэсгэлэн гарахаараа онцлог. Гэрэл зураг сонирхогчид болон номын үнэнч нөхдийг нэгэн дээвэр доор уулзуулах гайхалтай мөч тохиох нь ээ. Мөн номын нээлт номын баярын өдрөөр тохиож байгаа бөгөөд эхний дээж Б.Бааст, С.Дашдооров нарын асарт худалдаалагдахаар болсон байна. Номонд 81 эрхмийн хөрөг зураг, эшлэл багтсан нь телевизийн нэвтрүүлэгтэй зүйрлэбэл “Монгол тулгатны 100 эрхэм”-тэй адил гэдгийг номын зохиогч Ж.Бум-Эрдэнэ хэлж байлаа.
“Тэнгэрийн заадас” бол Монголын өнөө цагийн оюуны манлайлагч, сэхээтэн хүмүүсийн тухай ном юм. Номны нэрний тухай харанхуйг тэнгэрийн заадас гэрэлтүүлдэг. Түүнтэй адил номын баатрууд бол оюун санаанд гэрэл нэмдэг эрхмүүд гэсэн утга санааг агуулжээ.
“Номын эхний хуудаст агуу хүмүүсийн магнайд бичигдсэнд баярлаж байна”
Энэ үеэр “Тэнгэрийн заадас” номонд хөрөг зураг болон амьдралын замнал нь багтсан эрхмүүд сэтгэгдлээ хуваалцлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким “Аким буюу А үсгээр нэр минь овоглогдсоноор номын эхний хуудаст агуу хүмүүсийн магнайд бичигдсэнд баярлаж байна. Энэ ном бол зөвхөн гэрэл зургийн цоморлиг биш юм. Зургийн хажуугаар хүмүүсийн хэлсэн үг, амьдралын цаг хугацааны түүхээс түүж оруулсан нь сайшаалтай” гэв.
Харин Урлагийн гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Б.Долгион “Эгэл жирийн Монгол сэхээтнүүдийн тухай өгүүлжээ. Энэ номонд өөрийгөө багтснаараа нэр хүндийн хэрэг гэж ойлгож байна. Гэрэл зураг хүний ертөнцийг харуулж байдаг том ертөнц, урлаг гэдгийг номонд багтсан хүмүүсийн дүр төрхөөс харж болохоор. Энэ ном үргэлжлэх байх гэж ойлгож байна. Номынхоо хамт олонд амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Энэ үеэр номын гэрэл зурагчин Ө.Баттайван номын баатар бүрийн хөрөг зургийг буулгахдаа их цаг хугацаа зарцуулсан гэдгийг хэллээ.
Ийнхүү хөрөг зураг, бичвэрийн хослол “Тэнгэрийн заадас” ном удахгүй уншигчийн гарт очих нь ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23. МЯГМАР ГАРАГ. № 102 (7087)