Т.САЙХАН
АТГ-аас Боловсролын зээлийн сан болон нүүрсний гэх хэргийн талаар өнөөдөр /05.22/ мэдээлэл өглөө. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч М.Даваатогтох "АТГ-т өнөөдрийн байдлаар 800 гаруй хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа бөгөөд манай байгууллага 50 орчим мөрдөгчтэй. Ачаалал өндөр байдаг гэсэн үг. Гэхдээ олон нийтийн зүгээс хүлээлт ихтэй байгаа хэрэгт шалгалтын ажиллагаа явуулдаг. Иргэн, ААН-ээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагддаг. Нөгөөтэйгүүр АТГ гүйцэтгэх ажиллагааны шугмаар гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэг илрүүлэх чиг үүрэгтэй. Энэ хүрээнд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудалд хэрэг нээгээд ажиллаж байна. Уг асуудлыг 1992 оноос хойш яагаад шалгаагүй вэ гэж сэтгүүлч асууж байна. Гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг хуулийн зохицуулалттай учраас тэр. Гэмт хэргийг хэн, хэзээ, хаана үйлдсэн болохыг тогтооно. Ингэхдээ бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, шаардлага хангаагүй байж зээл авсан байвал оролцсон бүх талыг шалгах юм" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn