Б.Баяр

“Ланд”-даа А80 хийгээд давхих уу. Мэдээж болохгүй. Ер нь сүүлийн үеийн автомашинуудад А80 автобензин тохирохгүй. Хөдөлгүүрт дуу орж, гэмтэл үүсдэг. Жолооч болгон үүнийг мэднэ. Өөрөөр хэлбэл, А80 автобензин бол зөвхөн Оросын хуучны автомашинуудад зориулагдсан байдаг.
Ерөөсөө сүүлийн үед дэлхий дээр хоёр төрлийн автобензинийг хэрэглэдэг болсон. Бүх автомашины хэрэглээ regular буюу АИ92, premium буюу АИ95, АИ98 автобензин болчихсон. Зарим улсад АИ95-ыг  regular ангилалд оруулсан байдаг байна. Өндөр октантай автобензин хэрэгдэх тусам детонаци өгөх буюу хөдөлгүүрээс цохисон дуу гарах нь багасдаг. Хөдөлгүүрийн хүч сайн, шатахуун зарцуулалт сайжирна. Гэвч энэ нь АИ92-оос дээш октантай автобензин хийхийг заасан автомашинд л хамаатай. Харин орос машинд өндөр октантай бензин хийх нь үр дүнгүй. Хөдөлгүүрийн тохиргоо нь өөр байдаг. Ер нь бол ямар автобензин хэрэглэх боломжтойг үйлдвэрлэгчид нь заагаад зөвлөөд өгчихдөг. Тэр нь ямар байх вэ гэхээр хар тугалганы хольцгүй, байгальд ээлтэй байхын зэрэгцээ автомашины түлшний системд сайнаар нөлөөлөх ёстой. Дэлхийгээрээ ийм стандарттай болчихсон. Энэ нь автомашин хийгээд автобензин үйлдвэрлэгчдийн хамтын зорилго нь болоод байна. Товчхондоо, А80 нь хуучны орос машиндаа, АИ92-оос дээш октантай автобензинүүд одоогийн бүхий л автомашинд тохирдог. Ийм байтал манайхан “Ланд”, “Приус”-ээс эхлээд сүүлийн үеийн автомашинуудад А80 автобензин хийгээд балласан тохиолдлууд гардаг байна. Ингэхгүйн тулд арай үнэтэй ч гэсэн АИ92, түүнээс дээшх автобензинүүдээ хийхгүй бол болохгүй. 


Тэгвэл яг үүнтэй адилхан явдал IPTV-гийн хэрэглээн дээр гараад байгаа юм. Манайхан хэрэглээд арав гаруй жил болчихсон болохоор “Юнивишн”-ээ сайн мэднэ. Энэ компанийнхан сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийсэн. IPTV-гийн чиглэлээр хэрэглэгчээрээ толгой цохидог болохоор тэр бүрт нь бараг бүгдээрээ мэддэг. Тэр утгаараа тэдний хийсэн нэг өөрчлөлт нийгэмд дорхноо л мэдрэгддэг. Тэдгээр өөрчлөлтийн нэг нь дэлхийн IPTV-ийн чиг хандлагыг тодорхойлж буй хамгийн сүүлийн үеийн Full android системийг нэвтрүүлсэн байна. Харамсалтай нь манайхан бүгдээрээ энэ системийг хангалттай мэдэрч чадахгүй байгаа аж. “Юнивишн”-ийн IPTVнь Linux, AOSP, Android TV гэсэн үндсэн гурван системээр хэрэглэгчдэд үйлчилгээгээ хүргэдэг аж. Linux системийг нь дэлхий дахинд ашиглахаа больсон. Ингэснээр энэ системийг нэмэлт сайжруулалт хийхгүйгээр хөгжүүлэлтийг зогсоосон байна. Улмаар тухайн систем дээр ашиглаж байсан төхөөрөмжийг үйлдвэрлэгчээс дахиж үйлдвэрлэхээ больжээ. Тодорхой хугацааны дараа бүрмөсөн унтраах юм байна. Мөн Linux систем нь Android TVсистемтэй харьцаж ажиллаж чадахгүй байгаагаас хуучин системийн хэрэглэгчид IPTV үйлчилгээний сүүлийн үеийн нэмэлт хөгжүүлэлтүүдийг авч чадахгүй, мөн хурд удаашрах, шалтгаангүй гацах, систем унах зэрэг ноцтой асуудлууд үүсдэг юм байна. Тэгэхээр Linux системээр үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн төхөөрөмжийг сольж байж шинэ системээр үйлчилгээ авах шаардлага үүсээд байгаа аж.


Нөгөө талаас орчин үеийн хэрэглэгчийн хэрэглээ, ашиглаж буй технологийн шийдэл нь 10 жилийн өмнөхөөс хэд дахин өсөж дэвшсэн. Тиймээс хуучин төхөөрөмжийн хүчин чадал түүнийг дагаад гологдож эхэлдэг. Иймд төхөөрөмжийг тодорхой цаг хугацааны мөчлөгтэйгөөр шинэчилж, сайжруулах шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, WiFi төхөөрөмж хуучирч насжилт явагдахад интернетийн хурдад нөлөөлөх, төхөөрөмж гацах, үйлчилгээ тасалдах зэрэг асуудлууд үүсдэг. Хэрэглэгч төхөөрөмжийн насжилтын талаар мэдээлэл муутай байдаг тул үүнээс болж хэрэглэгч бухимдах, бусад хэрэглэгчдэд нөлөөлөх зэрэг эрсдэл гардаг. Яг л “Ланд”-даа А80 хийгээд давхихтай адил эрсдэл ч, хоцрогдол ч үүсдэг байгаа юм. Ийм зөвлөгөөг мэргэжлийнхэн өгч байна. Ер нь бол төхөөрөмж хуучрахад солих хэрэгтэй гэсэн үг. Одоо “Удаан байна”, “Гацаад байна” гэсэн гомдлын “объект” болоод байгаа төхөөрөмж бол тэртээ 2011 оноос эхэлж ашигласан. Өнөөдөр хугацаа нь дуусчихсан. Ер нь бол IPTV-гийн төхөөрөмж ашиглах дундаж хугацаа тав орчим жил байдаг юм байна. Тэгэхээр “Бидний ашигладаг бүх төхөөрөмж ашиглах хугацаатай” гэдгийг ойлгох ёстой болж байна. Ерөөсөө л, хуучин төхөөрөмжүүд нь орчин үеийн дэвшилтэт технологи, системтэй хосолж ажиллах боломжгүй, хүчин чадал нь хүрэлцэхээ больж хоцрогдсон гэсэн үг л дээ. Нөгөөтэйгүүр Монгол Улс үйлдвэрлэгч орон биш. Төхөөрөмж нийлүүлж байгаа үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүний хөгжүүлэлтээ зогсоовол бид тэдний санал болгосон төхөөрөмж хэрэглэхээс өөр сонголтгүй. Тиймээс хуучин IPTV-гийн Zyxel хар төхөөрөмж болон интернэтийн HG256 цагаан төхөөрөмжийг солих шаардлага үүсжээ. Ийм л юм. Нэг үгээр, “Ланд”-даа А80 хийгээд давхих IPTV-г хуучин төхөөрөмжөөр үзэх хоёр яг адилхан гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 100 (7085)