Б.БЯМБАЖАРГАЛ

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд ХНХЯ-наас нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв оролцож иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллажээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлмөр, хамгааллын хувцас, ортопед, тусгай хэрэгслийн танилцуулга, зөвлөгөөг өгч ажилласан байна. Мөн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үндсэн үйлчилгээг иргэдэд хүргэж мэргэжлийн сургалтад хамрагдах болон ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэн зуучилжээ.

“Нээлттэй өдөрлөг”-ийг нээж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын цахимжилтыг үе шаттайгаар хэрэгжүүлж төрийн үйлчилгээг иргэн бүрт нээлттэй, хүртээмжтэй хүргэхэд анхаарч байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын бодлого, үйл ажиллагаа нь нийгмийн бүхий л бүлэг, иргэнд шууд нөлөөлдгөөрөө онцлогтой. Манай салбараас үйлчилгээ авдаггүй ААН, Монгол Улсын иргэн байхгүй. Энэ өдөрлөгөөр иргэд хөдөлмөр эрхлэлт, хүүхэд хамгаалал, бусад нийгмийн хамгааллын үйл ажиллагааны талаар бүх мэдээллийг нээлттэй авах боломжтой. Түүнчлэн хөдөлмөр нийгмийн хамгааллын эрх зүйн орчныг шинэчлэхэд анхаарч Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна” гэсэн юм.

ХБХХЕГ-ын харьяа Протез, Ортопедийн үйлдвэрийн мастер, ерөнхий технологич Д.Дулмаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс тусгай хэрэгсэл, ортопедийг хэрхэн ашиглах, шинээр хийлгэх талаар мэдээллийг авлаа. Энэ талаар иргэдийн мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажиллах боломжоор хангахад тусгай хэрэгсэл, ортопедийн нөлөөлөл чухал нөлөөтэй. Жишээлбэл, хөлний гэмтэлтэй иргэд ажил, гэр хоорондоо явах, босож зогсоход тусгай хэрэгсэл зайлшгүй шаардлагатай. Эдгээрийг ашигласнаар явах, суух, алхах боломжтой болох юм” гэв.

Өдөрлөгт ХНХЯ-ны харьяа газар, салбар нэгжүүдээс гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан өрхийн бизнес эрхлэгчдйн үзэсгэлэн худалдаа гарсан байв. Тодруулбал, эсгий урлал, эко саван, оёдол, хатгамал, таримал ургамал болон гар урлалын бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид оролцож байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын бодлогын үр дүн урт хугацааны дараа гардаг. Нийслэл болон Хөдөлмөр халамжийн газар хамтран 43 га талбайд иргэд хүнсний ногоогоо үнэгүй тариалах боломжоор хангаж ажилласан. Иргэдэд шууд халамж олгох биш хөдөлмөрт суурилсан дэмжлэг үзүүлж түүгээрээ өрхийн орлогоо олдог байхад зорьж ажиллалаа. 43 га талбайд 650 иргэн хүнсний ногоо тарьж эхэлж байна. Нийслэлээс газар, усалгаа, үр, үрсэлгээг шийдэж өгсөн. Түүнчлэн хүнсний ногоо тариалахад мэргэжлийн агрономич үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. Тарьсан ногоогоо өрхийн хэрэглээндээ хэрэглэж илүү гарсныг нь худалдан борлуулах боломжтой. Энэ мэтчилэн иргэдэд шууд халамж олгохоос илүү хөдөлмөрлөх, өрхийн орлогоо өөрсдөө бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна” гэдгийг онцлов.

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)