Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

“Монголд ажилгүйдэл гаарч ажлын байр хомсдоогүй. Харин ажиллах хүн алга. Ажлын зар тавиад холбогдож байгаа хүмүүс нь зөвхөн цалин асууж байна. Ажил олгогчид өөрсдийн компани, шаардлагатай орон тоонд биш ажил хайгчдад тааруулж байна” зэрэг ажил олгогч нарын бухимдалтай постууд олон нийтийн сүлжээнд дүүрэн. Энэ нь нэг талдаа үнэн боловч нөгөө талаараа компаниас санал болгож буй ажлын байранд тавигдах шаардлага, нөхцөл өнөөгийн нийгэмд нийцэж байна уу гэдэг нь анхаарах ёстой өнцөг юм. Ажил олгогчид, компаниудын тавих шаардлага болон ажил хайгч нарын ажиллах хүсэл огтлолцож компани, ажилтан хоёр талдаа харилцан ашигтай байх ёстой. Гэвч энэ байдал хангагдахгүй байгаагийн улмаас ажилтан хайсан компани, гадаадад ажиллахаар виз мэдүүлж аятайхан ажил хайсан иргэд олон байна. Энэ байдал нь томоохон компаниудын хүний нөөцийн менежрүүдэд ур чадвартай, бүтээмж өндөртэй ажилтнуудыг шилж олох өрсөлдөөнийг бий болгож байгаа аж.  

Энэ талаар хүний нөөцийн менежерүүд “Монгол Улс ажиллах хүчний хомсдолтой байгаа одоо үед байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. Шаардлагад нийцэх ажил горилогчид хөдөлмөрийн зах зээл дээр цөөн байгаа нь компаниудын хооронд өрсөлдөөнийг үүсгэж байна. Мөн байгууллагууд өөрсдийн цалин хангамж, ажиллах орчин нөхцөл, байгууллагаас олгох боломжуудыг нэмэгдүүлэх, байгууллагын хүний нөөцийн брэндинг үүсгэх дээр анхаарч ажиллах шаардлагатай болсон” гэдгийг онцолж байна. Түүнчлэн ажил олгогч нар ажиллах хүсэлтэй, тогтвортой ажиллах сонирхолтой бол сургаад авъя гэж санал тавьдаг болсон нь аргаа барсаных болов уу?! Учир нь ХНХЯ-наас гаргасан энэ оны эхний сарын Хөдөлмөрийн зах зээлийн тоймоос үзэхэд ажил олгогчдоос ирүүлж байгаа ажлын байрны захиалгын ашиглалт аймгийн дунджаар 29 хувьтай байхад нийслэлд 66 хувьтай буюу улсын хэмжээнд ердөө 36 хувьтай байгаа юм. Гэтэл нөгөө талдаа хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 52.8 хувь болж өмнөх улирлаас 2.1 нэгж хувиар буурсан байна. Тэгвэл ажилгүйдлийн түвшин өссөн хэрнээ ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгын ашиглалт хангалтгүй, ажлын байрны эрэлт, нийлүүлэлт тэнцэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ гэдэг асуулт гарч байгаа юм.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг ажил олгогчдоос ирүүлж буй ажлын сул байрны захиалгаар, нийлүүлэлтийг ажиллахад бэлэн ажил идэвхтэй хайж буй бүртгэлтэй ажилгүй иргэдээр тооцно.

Үүнийг зөвхөн ажил олгогч нарын болон ажлын байранд тавигдах шаардлага, цалингийн хангамжийн асуудлаас шалтгаалсан гэж үзэж болохгүйг албаныхан тайлбарлаж байна. Олон нийтийн зүгээс ажил эрхлэх боломжтой залуучуудаа олноор нь гадаадад ажиллах хүчээр илгээсэн нь ажиллах хүчний хомсдолд орсон гэж шүүмжилдэг. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Монгол Улсаас 20 жилийн өмнөөс Солонгосын аж үйлдвэрийн салбарт ажиллах хүч илгээж эхэлсэн. Монгол залуучууд гадаад улсад хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байгаа нь хөдөлмөрийн үнэлэмж, цалингийн хэмжээ, ажил горилогчийн шаардлагыг ажил олгогч нар хангаж чадахгүй байх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд ажиллах хүчнийг олноор нь гадаадад илгээснээс Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн баланс алдагдсан гэдэг нь учир дутагдалтай. Өмнө жилд 5000-6000 хүн явдаг байсан бол энэ жил 2404 хүний ажлын квот ирсэн байна” гэсэн юм.

Тэгвэл залуучууд шинээр орох ажилд орохдоо юуг чухалчилж анхаардаг талаар тодруулахад цалингийн хэмжээ, ажил үүрэгт тусгагдаагүй өөр ажил давхар гүйцэтгэх, байгууллагын ажилчдын харилцаа гэж онцолж байв. Энэ нь ч судалгааны үр дүнгээр гарсан байна. Тодруулбал, Иргэдийн зүгээс хөдөлмөр эрхлэхийг хүсэж буй ажлын байранд тавигдах шаардлагад цалингийн хэмжээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, хамтран ажиллагсдын харилцаа чухал үзүүлэлт болдог гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Дэлхийн банкнааас гаргасан судалгаагаар дүгнэжээ. Үүний араас удирдлагуудын харилцаа, ажил гэр хоорондын зай, мэргэжил дээшлүүлэх боломжоор хангадаг байх , давхар ажиллах боломж зэрэг нь ажилд ороход голлон нөлөөлдөг байна. Ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгч залуучуудын байр суурь, судалгааны дүнгээс харахад ажил олгогчид зөвхөн уламжлалт тогтсон хэв маягт ажлын байрны нөхцлөө өөрчлөх шаардлагатай болжээ. Харин нөгөө талдаа ажил хайгч иргэд зөвхөн өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн ажил олгогчид шаардлага тавихаа хойш тавьж өөрийн бүтээмж, түүний үр дүн, ажил олгогчид өгч чадах өгөөжийг тооцох хэрэгтэй байна.

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга Н.Алтансувд: Төгсөгчдийн ур чадвар хангалтгүйгээс хөдөлмөрийн зах зээлийн тэнцвэр алдагдаж байна

-Ажил олгогчдоос ирүүлсэн ажлын байрны захиалгад нийцэх ур чадвартай ажил хайгч байхгүй байгаа нь манай улсын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдал алдагдахад нөлөөлж байна. Их, дээд сургуулийн төгсөгчдийн ур чадвар ажил олгогчдын зүгээс тавьж буй шаардлагад нийцэхгүй, ажилд тэнцэхгүй байна. Тэгэхээр ажлын байрны захиалгын ашиглалтыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төдийгүй БШУЯ мөн анхаарах ёстой. Үүнд хоёр яам хамтран ажиллаж байж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн балансийг тэнцвэржүүлэх боломжтой болно. Хөдөлмөрийн зах зээлийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан шаардлагад нийцэх ур чадвар, мэдлэг эзэмшсэн боловсон хүчнийг бэлтгэн гаргахад хамтран ажиллаж бодлогоор зохицуулах хэрэгтэй байна.

 

“Монос хүнс” компанийн Хүний нөөцийн ахлах менежер Ц.Болдчимэг: Ур чадвар, хувь хүний хандлага, ирээдүйд өсөлт үзүүлэх боломж зэрэг шалгуурыг тавьдаг

-Тухайн ажлын байрнаас шалтгаалан ялгаатай шаардлагууд тавьдаг ч дараах шаардлагуудыг нийтлэг бүх ажил горилогчдод тавьдаг. Тухайлбал, Суурь шаардлага буюу боловсрол мэргэжил, туршлага ур чадвар, хувь хүний хандлага, ирээдүйд өсөлт үзүүлэх боломж зэрэг үндсэн шалгууруудыг ажил горилогчдод тавьж байна. Тухайн ажил горилогч манай компанид ажилд орсноороо компанийн зорилго, зорилтууд биелэх үед тухайн ажил горилогчийн зорилго биелэх үү, манай байгууллагын соёлд нийцэх үү, тухайн ажлын байр нь ажил горилогчийн хэрэгцээ шаардлагыг хангах уу, ажил олгогч, ажил горилогч хоёр талдаа ашигтай байж чадах уу, урт хугацаандаа компанид тогтвортой ажиллах, үр өгөөжтэй харилцааг үүсгэх боломжтой эсэхийг харахыг хичээдэг. Шинэ төгсөгчдийн хувьд мэргэжлийн чиглэл болон цаашид компанид тогтвортой ажиллаж, үнэ цэнэтэй ажилтан болж чадах эсэхийг хардаг. Харин 30-аас дээш насныхан ажлын туршлагатай, аливаа байгууллага, хамт олны соёл болон ажил хэрхэн яаж явдаг тухай ойлголттой, ажлын гүйцэтгэл өндөр байдаг. Харин нөгөө талд ажил горилогчид компаниас хамт олны уур амьсгал, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хадгалах боломж, ажлын бус цагаа өөртөө болон гэр бүлдээ зарцуулах боломж, байгууллагаас ажилтныхаа хувь хүний хөгжил, карьер, эрүүл мэндэд анхаардаг эсэхийг ажил горилогчид хардаг болсон байна.

 

“Ganbei” рестораны захирал Г.Анар: Мэндлэх, цаг барих, хандлага хамгийн чухал

-Манайх үйлчилгээний газар учраас ажил горилогчдоос хандлага, харилцааг хамгийн түрүүнд харна. Ажлын ярилцлаганд орохдоо хүнтэй мэндэлж байна уу, товлосон хугацаа, цагтаа ирж байгаа эсэхийг чухалчилж хардаг. Харилцааны соёлтой, хандлага сайтай, тогтвортой ажиллах сонирхолтой хүнийг чадахгүй байсан ч сургаж аваад аль аль талдаа харилцан ашигтай ажиллаад явахыг бидний зүгээс эрмэлздэг. Өнөөгийн нийгэмд залуучууд ажлын төлөө бүх зүйлээ зориулан ажиллахаас илүү ажиллах цаг өөртөө зарцуулах цагаа тэнцүү байлгахыг хичээдэг болсон. Ялангуяа өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилж тайван байдлыг эрхэмлэдэг болсон учраас ажлын байранд ч хамт олны уур амьсгал, харилцаа эрүүл байхыг ажил олгогчдоос шаарддаг. Тиймээс ажил олгогчид ч энэ нөхцөл байдлыг ойлгож хамт олны уур амьсгалыг зөв бүрдүүлэхэд анхаарч байгаа.

 

“МАК” компанийн PR мэргэжилтэн Б.Оюунгэрэл: Ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалах боломж ажилд ороход нөлөөлдөг

-Би 2021 онд МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Одоо хоёр дахь ажлын байрандаа ажиллаж байгаа. Өмнөх ажилдаа ажиллах сонирхолтой байсан ч хамт олны сөрөг уур амьсгал, залуу үеэ дэмждэггүй байдал, ажлын ачаалал их байдгаас ажлын бус цагийг өөртөө зарцуулах боломж хомс учраас ажлаа сольсон. Одоогийн ажиллаж буй газрын удирдлага, хамт олны харилцаа, байгууллагын соёл таалагдсан учраас энэ ажилдаа орсон. Ер нь залуучууд зөвхөн цалин харахаас илүү хамт олны эрүүл уур амьсгал, ажил, амьдралын тэнцвэрт байдлаа хадгалах болон мэргэших, цаашид өсөн дэвших боломжийг харж ажилд ордог болсон.

 

Эх сурвалж:: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 99 (7084)