Б.БЯМБАЖАРГАЛ

 

Уран нугараач ихрүүд аавынхаа эмчилгээний зардлыг цуглуулахаар хандивын тоглолт зохион байгуулах гэж байгаа талаараа "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэд 12 жил хэвтэрт байгаа аавынхаа эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтоо “UB Palace”-ийн концертын их танхимд энэ сарын 22-нд хийх аж. Энэ талаар тэдний ээж С.Түмэндэмбэрэл “Манай нөхөр нурууны L4, L5 мөн ясны архаг идээт үрэвсэл, ясны хоргүй хавдар оноштойгоор 12 жил хэвтэрт байгаа. Монголд эмчлэх боломжгүй гэсэн ч Турк улсаас бүрэн эмчлэх боломжтой гэсэн хариу өгсөн. Эхний удаад шинжилгээнд 60 сая төгрөг шаардлагатай бол хагалгаа хийлгэхэд 200-300 сая төгрөг хэрэгтэй байгаа. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд 20 гаруй том, жижиг хагалгаанд орж өдөр бүрийг өвчин намдаах тариагаар аргацааж байна. Манай гэр бүл есөн хүүхэдтэй. Тиймээс манай ихрүүд өөрсдийн авьяас, чадвараа үзүүлэн хандивын тоглолт хийхээр болсон ” гэв.

Ихэр охид Төв аймгийн Угтаал, Баяндэлгэр, Заамар, Эрдэнэ, Цээл зэрэг долоон сумаар хандивын тоглолтоо хийгээд иржээ. Энэхүү тоглолтод гавьяат жүжигчин Б.Батболд,Ч.Баярмаа, Соёлын тэргүүний ажилтан А.Түмэн-Өлзий тэргүүтэй уран бүтээлчид оролцох аж.

Эх сурвалж: www.zms.mn