Сүрнээгийн УЯНГА
Монголчууд хэзээ мөдгүй дөрвөн сая, тэр дундаа дөрвөн уулынхаа дунд 1.2 саяулаа аж төрж байгаа нийслэлчүүд 2030 онд 3.9, дахиад арван жилийн дараа таван сая руу дөхөж очих судалгаа бий. Зөвхөн тоо ингэж хувьсахтай зэрэгцээд их хотын хөдөлгөөнд оролцож буй техник хэрэгсэл, түмэн олны нөхцөл байдал ямар хэмжээнд хүрч очих вэ гэдэг төсөөлөхөд бэрх. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас харахад нийслэлчүүдийн замын хөдөлгөөнд оролцож буй байдал 2025 онд найман км/ц, 2030 он гэхэд таван км/ц хурдтай болж жил ирэх тусам буурсаар байх гэнэ. Үүнээс гадна замын түгжрэлд алдаж буй эдийн засгийн өртгийн тооцооллыг харвал шуурхай арга хэмжээ авахгүй бол нийтээрээ “биш” болсныг харуулна. Улаанбаатарт 2021 оны цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг 1.9 их наяд төгрөг буюу бид ийм хэмжээний бүтээмжийг алдсан байх боломжтой гэсэн судалгааг гаргажээ. Гэтэл одоогийн оргил ачааллын үеийн замын хөдөлгөөнийг зүйрлэж хэлэх юм бол хоёр литрийн саванд 5-6 литр шингэн багтаачихаад байгаа юм. Ямар нэг арга хэмжээ авч л байхгүй бол хөдлөх боломжгүй болтлоо тэг зогсчих гээд байгаа гэсэн үг. Гэтэл хүн, техникийн тоо хоёр дахин нэмэгдэхэд юу болохыг хэлж мэдэхгүй. Иргэд битгий хэл инженерүүд ч толгой сэгсэрч, шийдэл эрэлхийлж суугаа. Тэгвэл өдөр тутамдаа гурван сая машин зам дээр нь “гардаг” Филиппин улсын Манила хот замын хөдөлгөөний түгжрэлээ хэрхэн шийдэж буйг “Зууны мэдээ” сонин өмнөх дугаартаа нийтэлсэн билээ. Дэлхийд түгжрэлээрээ тэргүүлдэг Манила хот автозамын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж нийтийн тээвэртээ тусгай зам гаргаж өгсөн нь оновчтой шийдэл болжээ. Мөн хүсвэл мөнгө төлөөд хурдан шуурхай зорчих төлбөртэй замын сонголтыг иргэдийн өмнө бий болгож өгсөн нь замын ачааллыг богино хугацаанд бууруулсныг Манила хотын Хөгжлийн газрын замын хөдөлгөөний инженерийн төвийнхөн хэлж байв.
Тэгвэл бид энэ удаад томоохон дөрвөн хотыг нэг дор нэгтгэн “зангидсан” Манила хот төвлөрлөө хэрхэн задалж буйг автомашингүй, аюулгүй бүс гэгддэг “New Clark” хотын жишээгээр онцолж байна. Манила хот хүн амын хэт төвлөрөл, түүнийг дагасан автомашины бөөгнөрлийг задлах үүднээс ойролцоох бүс нутагтаа цоо шинэ төлөвлөлтэй шинэ хотуудыг барьж байгуулж байгаагийн нэг нь шинэ Кларк хот юм.
Автомашингүй бүс хэмээн нэрийддэг шинэ хот 4400 га талбайг хамарч, 1.3 сая хүн оршин суудаг бөгөөд тус хот АНУ-ын хамгийн том цэргийн байгууламжуудын нэг байсан гэдэг. 1991 онд Пинатубо уулын аймшигт дэлбэрэлт болж АНУ-ын агаарын цэргийн хүчин татан буугдсан үеэс хойш одоогийн Кларк хотыг иргэний зориулалтаар ашиглах болсон буюу үнсэн дээр боссон ногоон хот гэдгээрээ алдартай. Харин үнсэн дээр ямар хэмжээний бүтээн байгуулалт хийж болдгийг харуулж чадсан өнөөгийн Флиппинчүүдийн хичээл зүтгэлээр боссон шинэ Кларк хотод олон улсын томоохон хурал зөвлөгөөн, спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж, аялал жуулчлал хөгжсөн олны хөлийн газар болжээ. Ингэхдээ хамгийн гол нь нов ногооноор цэлийн угтах тус хот автомашины тоосонд дарагддаггүйгээрээ онцлогтой. Тэглээ гээд нэг ширхэг ч автомашин харагдахгүй гэсэн үг биш. Ногооноор нь авч үлдэх бүхий л шийдэл, арга замыг эрэлхийлж хэрэгжүүлсээр байна. Тиймдээ ч Флиппинчүүд төдийгүй арлын орныг зорьж очсон аялагчид амар тайван аюулгүй амьдрах орчныг сонгохоор Кларк хотыг зорих нь эрс нэмэгджээ.
Кларкын иргэд хотынхоо захад амьдардаг. Харин төвд нь зөвхөн жуулчид буудаллаж амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр төлөвлөлтийг шийдсэн нь автомашины түгжрэл, их хотын дуу чимээнээс ангид, ногоон цэцэрлэгт хүрээлэнг зорьж амарч тухлах орон зайг олгож буй юм.
Энэ хотод жил бүр 200 гаруй спортын арга хэмжээ зохиогддог. Спортын 21 байгууламж байдгийн дотор долоон казино, спорт цогцолбор 10, гольфын дөрвөн талбайтай. 18 эрүүл мэндийн байгууллага, 17 цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн, парк, задгай талбайтай. Кларкын олон улсын нисэх онгоцны буудлаар жилд найман сая жуулчин үйлчлүүлдэг гэж үзвэл тэнд жинхэнэ хүн, техникийн бөөгнөрөл үүсэх нь тодорхой. Гэсэн хэдий ч бүхэлдээ ногоон орчныг бүрдүүлсэн тус хот амар тайван, автомашингүй бүс гэдэг онцлогоо хадгалсаар байна. 2030 гэхэд Кларкыг “Ази-Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын хамгийн тохиромжтой газар” болгохоор төлөвлөөд буй.
Нийслэл хотдоо хүн, техникийн хэрэгсэл нь багтахаа больтлоо чихцэлдэж төвлөрсөн Монгол Улсын хувьд ч төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах бодлогоо бодит болгохдоо шинэ Кларкын загварыг ашиглаж яагаад болохгүй гэж. Улаанбаатарын дагуул хотуудыг байгуулж хөгжүүлэхдээ дэлхийн трэндийг дагаж байгаль орчинд ээлтэй ногоон имиджийг бүрдүүлэх нэн чухал байгааг “New Clark” хотоос харж болно. Тэр дундаа Хөшигийн хөндийд шинэ эко хот барихаар төлөвлөж шат шатандаа ажил хэрэг болгохоор зорьж буй энэ цаг үед албан арга хэмжээ, аялал жуулчлалыг цогцоор нь нэг дор “бөөндөх”-ийг бий болгохдоо автомашины хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлах, эко байх имиджийг бүрдүүлэх нь эхний шийдэл юм даа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 97 (7082)