Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

“Мэргэжлийн ур чадвараа гартаа оруулчихсан байхад хэн ч булаагаад авахгүй. Хүн ямар ч тохиолдолд хүнлэг энэрэнгүй, шударга байхад болно доо” гэж залуу үедээ захих хүн бол Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Урантөгс юм. Сувилагчийн ажил цагийн зүүний эргэлтэд тасралтгүй үргэлжилж энэ хорвоод мэндлэх эхний дуунаас энэ орчлонгоос явах эцсийн амьсгал хүртэл тантай хамт байдаг онцлогтой мэргэжил. Эрүүл мэндийн салбарын тулгуур багана эмчийн баруун гар нь цагаан нөмрөгт сувилагчид яах аргагүй мөн билээ. Жил бүрийн тавдугаар сарын 12-ныг эрүүл мэндийн салбарынхан “Сувилагчийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ээлжийн сувилагч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Урантөгсийг урьсан юм. Тэрбээр Хавдар судлалын үндэсний төвөөс төрсөн хоёр гавьяат сувилагчийн нэг юм.

 

Амьдралынхаа талыг эмнэлгийн тасагт өнгөрүүлжээ

Эрүүлийг хамгаалах салбарт олон гавьяат бий. Харин тэдний дундаас тоотой хэдэн гавьяат сувилагч төрсөн байдаг. Тэдний нэг нь Д.Урантөгс. ХСҮТ-дээ бол одоогоор отгон гавьяат. Тэрбээр тэлмэн зэрэглээ наадаж, тэмээн сүрэг нь бэлчсэн, өргөн уудам цэлийсэн талтай Өмнийн цэнхэр говийн Ноён суманд халуун ам бүлийнхээ тав дахь охин нь болж мэндэлжээ. Буйдхан сумаасаа их эрдмийн аянд долоон насандаа мордож, Даланзадгадад дунд, Хөвсгөл аймагт ахлах сургуулиа дүүргэсэн байна. Д.Урантөгс “Намайг бага байхаас л аавын минь бие тааруу, асарч тойглох шаардлагатай байдаг байсан. Тиймээс хүүхэд байхдаа айлд эмнэлгийн талын хүн хэрэгтэйг ойлгож өссөн дөө. Аавыгаа асрах бодлоос ч болсон уу, яагаад ч юм бэ сувилагчаар сурахаар шийдэж, гэрээсээ хол Дархан-Уул аймгийн анагаах ухааны сургуульд элсэж байлаа. Оюутан хүүхэд хааяа ядарна, гэрээ санана. Даанч яваад очих хамаатангүй би Дарханы анагаахад сурахаар шийдсэн минь том зориг байж дээ гэж одоо бодогддог. Гэхдээ ажил мэргэжлийн хувьд зөв сонголт хийсэн” гэв. Түүний ажил амьдралын гараагаа эхлүүлсэн газар нь Дарханы нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг. Д.Урантөгс анх 1989 оны зургадугаар сард их сургуулиа төгссөн, цав цагаан нөмрөгтэй, шив шинэхэн сувилагч охин эмнэлгийн босгоор долдугаар сарын 1-нд алхаж байжээ. Тэрбээр сувилагчийн гараагаа эхлүүлснээс хойш өдийг хүртэл тасралтгүй ээлжийн сувилагч хийж явна. Хуучин найман цаг ажиллаад 16 цаг амардаг байсан бол одоо 24 цаг ээлжинд гараад 48 цаг амардаг болжээ. Үүнийгээ тооцохоор гавьяат сувилагч Д.Урантөгс амьдралынхаа тэн хагасыг эмнэлгийн тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй чанартай хүргэхэд зориулсан байна. Түүний хоёр дахь гэр нь ХСҮТ болжээ. Тэрбээр хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө эмнэлгийн салбарт 34 жил ажиллахдаа ХСҮТ-д ээлжийн сувилагчаар 2006 оноос буюу 17 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Сувилагчгүйгээр эмнэлгийн байгууллага, эмчилгээ, үйлчилгээг төсөөлшгүй. Эмчилгээ үр дүнтэй болоход сувилагчийн ажлын нөлөө асар их. Сувилагч хүн өвчтөнтэй ойлголцож, эмч болоод ар гэрийнхэнд нь нөхцөл байдлыг мэдээлдэг чухал үүрэгтэй. Түүнчлэн шөнийн ээлжинд ажилладаг ээлж, сувилгааны сувилагчийн ачаалал их учраас төрөөс түүний хөдөлмөр, зүтгэлийг хоёр жилийн өмнө ийнхүү үнэлжээ.

 

“Сувилагчаар ажиллах хүсэл, сэтгэлээрээ тэтгэгдэж өдийг хүрсэн”

 

Д.Урантөгсийг анх сувилагч болж байх үед юм бүхэн өнөөгийнх шиг байгаагүй ажээ. Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэндийн салбар ч хөгжиж,  алдаа дутагдлаа засаж сайжруулсаар ирсэн. Манай улс зах зээлийн шилжилтийн үед амаргүй цаг хугацааг туулсан нь үнэн. Ялангуяа 1980-1990-ээд он бол зөвхөн манай улс төдийгүй, дэлхий дахинд буюу  АНУ, Япон, Швед зэрэг өндөр хөгжилтэй орнууд ч эрүүл мэндийн тогтолцоогоо шинэчлэх оролдлого хийж байсан үе юм. Яг энэ цаг мөчид Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Урантөгс сувилагчийн ажлын гараагаа эхлүүлж байжээ. Тухайн үед эрүүл мэндийн салбар өнөөгийх шиг хангамж, техник хэрэгсэлтэй байгаагүй гэнэ.  Одоо ч манай улсын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ачаалал их, цалин бага гэдгийг хүн бүр мэднэ. Эрүүл мэндийн яам, эмнэлгийн удирдлагууд ч эмч, сувилагч, ажилчдынхаа цалинг нэмэхэд анхаарч ажиллахаа амлаж боломжоороо өөрчлөлт, шинэчлэл хийж буй тухай тэрбээр онцолж байсан юм. Үүнийг дотор нь ажиллаж буй хүний хувьд Д.Урантөгс ч сайн мэднэ. Энэ талаараа “Шилжилтийн он жилүүдэд эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл байгаагүй. Бүх зүйл хүрэлцээ муутай  байлаа. Харин одоо ширхэг зүүнээс эхлээд бүгд ариун цэвэр, стандартын шаардлага хангасан нэг удаагийн хэрэгслээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайн үзүүлдэг болсон. Тухайн үед спиртийн арчдас буюу шааригийг хүртэл шөнийн ээлжинд гарахдаа бэлтгэн хонодог байлаа. Бэлдсэн шааригаа маргааш нь ариутгалд өгч тасгийнхаа хэрэглээг бэлдэнэ. 40-50 хүнтэй тасагт асрагчтайгаа хоёулхнаа шөнийн ээлжинд ажилладаг байсан бол одоо туслах сувилагчийн ажлын байр гаргаж өгснөөр ээлжийн сувилагч нарын ачаалал тодорхой хэмжээгээр буурсан. Энэ мэт харьяа яам, эмнэлгээс эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын ачааллыг бууруулахад анхаарч ажиллаж байгаа. Ялангуяа эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлж, мэргэшүүлэхэд сайн анхаардаг. Миний хувьд эмнэлгийн салбарт ажлын гараагаа эхлүүлэхдээ хэдэн төгрөгийн цалин авахаа ч тодорхой мэдэхгүй эхэлж байлаа. Сувилагчаар ажиллах хүсэл, сэтгэлээрээ тэтгэгдэж өдийг хүрсэн” гэв.

 

“Аавыгаа асарч байхдаа сувилагч болсондоо өөрөөрөө бахархсан”

Гавьяат маань хоёр охины ээж. Дарханы нэгдсэн эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байх үедээ хоёр хүүхдээ өлгийдөн авчээ. Одоо охид нь 30 насны босгыг давсан учир ээжийнхээ бат ар тал болсныг бахархан ярьж байв. Нялх хүүхэдтэй хөхүүл түүнийг шөнийн ээлжинд гаргахгүй нь мэдээж. Энэ хугацаандаа Дархан-Уул аймгийн өрхийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байжээ. Өрхийн эмнэлэгт ажиллах хугацаандаа өдрийн цагаар ажиллаж байснаас хойш өдрийн найман цагаар ажиллалгүй 17 жил өнгөрсөн байна. Д.Урантөгс хоёр охиноо хоёр нас хүргээд эргээд шөнийн ээлжиндээ ажиллаж эхэлжээ. Бага насны хүүхдээ орхиод шөнийн ээлжинд ажиллана гэдэг амаргүй. Энэ бүхний ард ойлгож дэмждэг гэр бүл, нэг гэрийн халуун голомтыг тойрч хүн болцгоосон ахан дүүсийнхээ дэмэнд тэр он жилүүдийг туулсан учир гэр бүлийнхэндээ талархаж явдгаа ярьж байсан юм. “Хоёр хүүхдийн ээж, айл гэрийн эзэгтэй болсон ч би үргэлж аавынхаа дэргэд байдаг байлаа. Аавыгаа буцах хүртэл би хажууд нь байж асарсан. Аав минь их тэвчээртэй. Охиныхоо ажлыг хамгийн их ойлгож хүндэлнэ. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлж байхдаа хүртэл эргэлтээр ирсэн хоол, чихэр жимсийг сувилагч нарт хуваагаад өгчихдөг байж билээ. Охин нь сувилагч болохоор тэднийг охин шигээ хайрладаг байсан байх. Аав минь хоёр удаа цус харвасан юм. Аавыгаа харвасны дараа өдөр бүр асарсаар "босгоод" ирэх үедээ сувилагч болсноороо хамгийн их бахархсан” гэж дурслаа.

 

Бүртгэлийн хуудас нээх бүрт гол зурагддаг

 

Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн ажил хүнд. Хөнгөвчлөх тасгийнхан илаарших боломжгүй, хорт хавдрын эцсийн шатандаа орсон хүнд эмчилгээ хийлгэдэг. Тиймээс үйлчлүүлэгч болон түүний ар гэр, асран хамгаалагч нарын сэтгэл зүй, оюун санааны тусламж, гэр бүлийг амраах тусламж, амьдралын төгсгөлийн шатны, нас барсны дараах уй гашууг тайлах, өвчтөний өвдөлт болон биеийн зовиур шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн эмчилгээ, сувилгаа, асаргаа, үзүүлдэг байна. Д.Урантөгс энэ тасагт 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэхүү тасагт ээлж сувилгааны найм, ахлах болон туслах сувилагчтайгаа 10-уулаа ажилладаг аж. Хөнгөвчлөх тасгийн үйл ажиллагаа зөвхөн эмнэлзүйн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Өвчтөнүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, эмнэлгээс гарснаас хойшхи гэрийн асаргаа, сувилгааны алхам бүрийг нь тодорхой зааж, зөвлөдөг байна. Өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэнтэй хэрхэн харилцах вэ гэдэг сувилагчийн мэдрэмж, туршлага шаардсан ажил байдаг аж. Д.Урантөгс “Хөнгөвчлөх тасагт ажиллах нь бусад тасагт ажиллахаас илүү сэтгэл зүйн мэдлэг, харилцааны чадвар шаарддаг. Ар гэрийнхэн нь оношийг нь нуусан эсвэл оноштойгоо эвлэрэхгүй байх тохиолдол бий. Тэр бүрт хэрхэн харилцах вэ гэдэг их чухал” гэсэн юм. Энэ тасагт эмчлүүлэхээр ирсэн хүнтэй хамгийн эхэнд сувилагч нүүр тулна. Ингэхдээ сувилагчид бүртгэлийн хуудаст овог нэр, нас, өвчтөний амин үзүүлэлт, бүх шаардлагатай мэдээллийг бүртгэн тэмдэглэж авна. Д.Урантөгсийн хувьд бүртгэлийн хуудас дахь өвчтөний насыг харах бүртээ гол зурагдах шиг болдог гэдгийг онцлов. Учир нь жил өнгөрөх тусам хавдраар өвдөгсдийн нас залуужиж байгаа ажээ. Түүнчлэн “Хөнгөвчлөх тасаг бол эцсийн зогсоол биш, эмч сэтгэл зүйчдийн зөвлөгөөг чандлан мөрдөж хооллолт, сэтгэл зүйгээ хянаж асаргааны дэглэмээ сайн сахивал 10 жил ч амьдарч байгаа нэгэн ч байгаа”  гэж байв. Тэрбээр үргэлжлүүлэн “Өвчтөнүүд ихэвчлэн шөнө их өвддөг. Тиймээс шөнө ачаалал нэмэгддэг. Манай тасагт хүнд шатандаа орсон хүмүүс хэвтдэг учраас хоёр цаг тутам хэвтрийг нь засах, сувилгааны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Хөнгөвчлөх тасагт хэвтэх өвчтөнүүдийн мэдээллийг бүртгэж, өдөр бүр бүртгэлийн хуудас нээх үедээ өвчтөнийхөө өмнөөс ингэж өвдвөл ямар хэцүү байх бол гэдгийг бодож, өрөвдөх, хайрлах мэдрэмж төрдөг” гэж хоолой зангируулсан юм.  Тэрбээр энэ тасагт 13 жил ажиллахдаа санаанаас гардаггүй хүндхэн дурсамжийнхаа нэгээс хуваалцав. “Тархины хавдартай гурван настай бяцхан охин. Судас нь олдохгүй, хатгахаас зүрх халширна. Эмнэлгийн том орон дээр жижигхээн охин “Би уйлахгүй ээ, та тариагаа тарь” гэхэд дотор урагдаад л явчихна...” гээд урт үргэлжилсэн бидний яриа хэсэг нам гүмээр солигдсон юм. Эрүүл мэндийн манаанд 34 жил ажилласан тэрбээр “Элэг, уушги, ходоод, улаан хоолойн хавдараар нас барах тохиолдол их байсан бол сүүлийн жилүүдэд тархи, эмэгтэйчүүдийн хавдраар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо эрс ихэссэн. Тэр тусмаа тархины хавдараар өвдөх залуучуудын тоо өссөн нь харамсалтай” гэдгийг онцлон хооллолт, сэтгэл зүйдээ анхаарал хандуулахыг анхааруулж байсан юм.

 

“Битгий шантраарай” л гэж захидаг

 

Сувилагчийн ажил цаг наргүй, зогсолт гэж үгүй. Харилцаа, хандлагын асар ялгаатай олон өвчтөн, түүний гэр бүлийнхэнтэй сувилагч л тулж ажиллана. Зарим үед загнуулна, доромжлуулна. Бас магтуулж, талархлын илч дулаан үгийг ч сонсоно. Хөнгөвчлөх тасаг учраас тэр нь даанч цөөн. Сувилагчийн ажлын хэцүүг тоочвол барагдахгүй их. Тэдгээрийн дотроос түүнд хамгийн хэцүү нь өвчтөнийг үдэх ажээ. Ямар ч үед өвчтөний ар гэрийнхэн салах ёс гүйцэтгэж, өрөөний гэрлээ унтраах нь хачин хүйтэн, хамгийн хэцүү мэдрэмж байдгийг Д.Урантөгс дурслаа. Энэ бүхэнд шантрах, халшрах үе гарч байснаа эргэн санаж, дадлагын оюутан, залуу сувилагч нартаа “Битгий шантраарай” гэж үргэлж захидаг аж. Учир нь нийгэм, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн харилцаа, хандлага эрс өөрчлөгджээ. Түүнийг шинэхэн сувилагчаар ажиллах хугацаанд эмчлүүлэгсэд, тэдний гэрийнхэн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудтай харилцах хандлага нь хүндлэл, талархлаар дүүрэн байсан бол одоо иргэдийн хандлага дээрэнгүй болж ширүүссэн гэдгийг тэрбээр онцлов. Тиймээс сувилагчаар ажиллах, сурч мэдэх сэтгэл, урам зоригоор дүүрэн оюутнуудын зорилгыг мохоочихвий гэдэгт санаа зовнин “Хүн мэргэжлээ гартаа ортол эзэмшсэн, хийж байгаа ажилдаа хариуцлагатай, эзэн болсон байхад бусдын сөрөг үгийг тоох хэрэггүй” гэж захидаг аж. Гавьяат сувилагч Д.Урантөгсийн хувьд энэ хүртэл сувилагчийн хүнд ажлаас халшралгүй, шантарч буцалгүй ажиллаж ирсэн нь амьдралыг нь ойлгож ажилтнаа дэмжиж чаддаг эмнэлгийн удирдлага, ахлах сувилагчийн тус гэдгийг ч онцоллоо. Тэрбээр “Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Олон асуудалтай тулгарна. Түүнийг ойлгож дэмжиж тусалдаг хамт олон, удирдлагатай учраас хоёр хүүхдээ өдий зэрэгтэй өсгөж, ажлын гавьяа зүтгэлээ төрдөө үнэлүүлж чадсан гэж боддог” гэв. Хүн ардын эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ л амьдралаа эрүүл мэндийн салбарт зориулж яваа, цагаан нөмрөгт баатар, сувилагч Д.Урантөгсийн араас энэ салбарт олон гавьяат төрөх болтугай гэсэн ерөөлөөр энэ удаагийн нийтлэлээ өндөрлөе.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 96 (7081)