П.АМГАЛАН
Хүний амьдралын хамгийн чухал алхмын нэг бол мэргэжил сонголт юм. Хүн бүр сурч, боловсрох, хөгжих эрхтэй. Тиймээс ЕБС-ийн тусгай сургуулиудын төгсөх IX, XII ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох “Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээг зохион байгуулсныг сурвалжиллаа. Уг арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУИС, хамтран зохион байгуулсан юм. Арга хэмжээнд ЕБС-ийн тусгай 25, 29, 55, 63, 70, 116 дугаар сургуулийн төгсөх IX, XII ангийн 190 гаруй сурагчид хамрагдлаа. Арга хэмжээний үеэр мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ, мэргэжил сонгох алхмууд, ажил мэргэжлийн ялгаа, мэргэжил эзэмших ач холбогдол, карьер, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлээ зөв сонгоод амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа сайн туршлагыг хуваалцсан юм.
“Саадгүй байдал хүртээмж”-ийн тухай хууль санаачилсан
Энэ үеэр ХБХХЕГ-ын дарга Ц.Нямсүрэн “Өнгөрсөн жил тусгай сургуулиудын хүүхдүүдэд мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгөх уг арга хэмжээг зохион байгуулсан. Энэ жил МУИС-тай хамтарч ажиллах санамж бичиг хүргүүлж, уг арга хэмжээг их сургуулийн орчинд зохион байгуулж буйгаараа онцлог. Хүүхдүүдийн хувьд мэргэжил сонголт бол амьдралынх нь чухал алхмын нэг байдаг. Тиймээс энэ чухал алхмын босго дээр ирсэн байна гэдгийг хүүхдүүд, багш, сургуулийн хамт олонд сануулж буйгаараа ач холбогдолтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол бага сургуульд харьцангуй гайгүй, дунд , ахлах ангид орохоор буурсан хандлага ажиглагддаг. Тиймээс ХБХХЕГ энэ жилээс хүүхдүүд яагаад хичээл нь завсардаад байна гэдэгт анхаарч ажиллана. Хүүхдүүд сургуульд сурч чадахгүй олон шалтгаан байна. Жишээлбэл, тухайн хүүхэд мэргэжлээ сонгоод их, дээд сургуульд орлоо гэхэд сурах орчин, хүртээмжгүй бол суралцах боломжгүй болдог. Тиймээс их, дээд сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүртээмжээ бэлдсэн байх ёстой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт таарсан байдлаар хичээлээ заах багшийн чадвар чухал. Хотын төвд байгаа цөөхөн хэдэн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүн сурахад хүртээмжтэй байна гэж хэлж болно. Олон жил энэ асуудлыг ярилцаж байгаа. Засгийн газар, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам “Саадгүй байдал хүртээмж”-ийн тухай хууль санаачилсан. Монгол улсад гарч байгаа анхдагч хууль гэж хэлж болно. Хэрэв энэ хууль батлагдвал тухайн их, дээд сургууль, аж ахуйн нэгжүүд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй болох үүргийг хуулиараа хүлээнэ гэсэн үг” гэлээ.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны статистикаар 115,115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 0-18 насны 12,567 хүүхэд байна. 2023-2024 оны хичээлийн жилд 6053 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ЕБС-д суралцаж байгаагаас тусгай сургуульд 1696, СӨБ-д 1498 хүүхэд, МСҮТ-д 643, их, дээд сургуульд 414 хөгжлийн бэршээлтэй оюутан суралцагчид суралцаж буй. Мөн 2023 оны хичээлийн жилд тусгай сургуулийн XII ангийг 34 хүүхэд, IX ангийг 161 сурагч төгсөх юм байна.
Дизайнер мэргэжилтэй болох зорилго тавьсан өөрөөрөө бахархаж байна
Тус арга хэмжээнд оролцож 190 гаруй сурагчид мэргэжил сонголтын талаар тодорхой хэмжээний ойлголттой болж, амьдралынхаа чухал сонголтонд зөв алхам хийх нэг хөшүүрэг болж буй нь сайшаалтай. Энэ үеэр тус арга хэмжээнд оролцож буй сурагчдын сэтгэгдлийг хуваалцав.
Дизайнер болох мөрөөдөлтэй хэмээн яриа охин бол нийслэлийн 29 дүгээр сургуулийн XII ангийн сурагч Н.Оюунболор юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй олон хүн байгаа ч дизайнер мэргэжил эзэмшсэн хүн байхгүй байх. Тиймээс энэ мэргэжлийг ирээдүйн зорилгоо болгож байгаадаа өөрөөрөө их бахархаж байна. Би зураг зурах дуртай. Сургуулиа төгсөөд дизайнер мэргэжлээрээ суралцахыг маш их хүсэж байна. Миний сонгосон мэргэжил их онцлогтой гэж боддог. Би ирээдүйдээ олон гоё хувцас зохион бүтээхийг хүсэж байна. Элсэж орох сургуулиа хараахан сонгож амжаагүй байна. Би бөмбөр тоглодог. Сургуульдаа хамтлагтай. Нэг удаа бөмбөрийн тоглолт үзээд тоглолтод дээр гадны загвар өмсөгчид ажиллаж байхыг хараад гоё мэдрэмж төрсөн. Гэр бүлийнхэн маань миний сонголтыг их хүндэтгэдэг. Чи чадна гэж үргэлж урмын үгээр тэтгэдэг” хэмээн зорилгынхоо тухай хуваалцсан юм.
Харин цэргийн хүн мөрөөдэлтэй хүү бол нийслэлийн 55 сургуулийн IX ангийн сурагч А.Цэнд. Тэрбээр мэргэжил сонголтынхоо тухай “ Өмнө мэргэжил сонголттой холбоотой сургалтад сууж байсан. Энэ удаагийн арга хэмжээнд ирээд илүү ойлголттой боллоо. Би бага байхаасаа цэргийн хүн болно гэж боддог байсан. Яагаад гэвэл цэргийн хүн байх нь төлөв даруу, хариуцлагатай байх гэдэгт олон зан чанарыг суулгадаг. Гэрийнхэн минь бүгдээрээ дэмждэг. Манай гэр бүлд цэрэгт явж байсан хүн байгаа ч энэ мэргэжлийг сонгоод ажил мэргэжлээ болгосон нь байхгүй ээ” гэлээ.
“Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын цахим үйлчилгээ”-нээс
“Мэргэжлээ зөв сонгоё” арга хэмжээний үеэр ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ 21 аймгаар залуучуудын мэргэжил сонголтын үндэсний аян зохион байгуулж байгаа гэлээ. Тэрбээр “Уг ажлын хүрээнд ХБХХЕГ-тай хамтран өсвөр үеийн залуучуудад зориулсан мэргэжил сонголтын арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Өнөөдрийн арга хэмжээгээр олон асуудлыг шийдэх боломж байхгүй. Тэмцээнээс цаашдаа сургууль бүрт нь очиж мэргэжил сонголтын талаар тестийн ажлын зохион байгуулахаар төлөвлөсөн. Мөн ХХБХХЕГ-тай хамтраад хүүхэд бүрийн онцлогт таарсан ямар мэргэжил сонгох ёстой вэ гэсэн хувь хүн бүрт тохирсон зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй, онцлогтой хүүхдүүдэд ирээдүйд мэргэжлээ сонгоход нь дэмжсэн байгууллагууд, их дээд сургуулиудын татвараас хөнгөлж чөлөөлдөг зэрэг тогтолцоог бий болгох чухал. Мөн бэрхшээлийн онцлогтой залуучуудыг ажилд авах сонирхолтой байгууллагууд нэмэгдэж байгаа. Учир нь ажилдаа үнэнч, хариуцлагатай ханддаг байдал нь давуу тал байдаг гэдгийг ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд хэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үе, залуучуудыг мэргэжил сонголттой холбоотой асуудлыг клубын системээр дамжуулж, бусад ЕБС-ийн хүүхдүүдтэй баг болгож ажиллана. Бэрхшээлийн онцлог, ялгаатай нөхцөл байдлыг арилгахад томоохон алхам хийх ёстой гэдгийг БШУЯ болон ГБХЗГ санаачлага гаргаж ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа. ХБХЕГ-ын удидлагуудтай ярилцаж энэ арга хэмжээн жид уламжлал болгон ажиллахаас гадна 1-2 залуугийн амьдралын чанарыг бүрэн өөрчлөх аргачлалтай болъё гэсэн санал тавьж байгаагаараа өнөөдрийн уулзалтын онцлог болов уу” гэлээ.
Мөн Хүүхэд гэр бүл залуучуудын ерөнхий газраас “Ирээдүйн эзэд мэргэжил сонголтын цахим үйлчилгээ”-тэй болжээ. Хүүхдүүд хаанаас ч мэргэжил сонголтын талаарх зөвлөгөөг чатаар авах боломжтой байна. Ингэснээр хүүхдүүдэд мэргэжлийн хүмүүс хариулт өгч байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 95 (7080)