ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН
"Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг" IV чуулган өнөөдөр боллоо. Асрахуйн эдийн засаг нь асаргаа, халамжаас хамааралтай бүлгүүд тухайлбал, хүүхэд, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон ид хөдөлмөрийн насныхны бие махбодын, нийгмийн, оюуны болон сэтгэл санааны сайн сайханд хэрэгтэй байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэл, хэрэглээг хамардаг аж. Шууд асаргаанд асран халамжлагч, асруулагчийн хооронд явагдах ганцаарчилсан харилцааны ажил багтдаг байна. Тухайлбал, хүүхдээ хөхүүлэх, хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийхэд нь туслах, хэвтрийн настай хүнийг асарч халамжлах эсвэл эдгэрэшгүй өвчтэй хүнд сэтгэл санааны дэм өгөх зэрэг хамаарна. Хамгийн гол нь асрахуйн эдийн засаг нь асарч халамжлах хөдөлмөрөөр дамжуулан гэр бүл, найз нөхөд, хамт олон, олон нийтийг хамтад нь бэхжүүлэн барьж байдаг. Мөн хамтын нийгмийг бий болгодог амин судас нь тул нийгмийн нийгмийн тогтвортой байдлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулдаг байна.
Өвлийн улиралд эмэгтэйчүүдийн ажил таслах тохиолдол эрэгтэйчүүдтэй харьцуулахад 1.65 дахин их, хүүхэдтэй ажилтны хувьд хүүхэдгүй ажилтантай харьцуулахад 1.87 дахин их байна.
Манай улсын нийт хүн амын 3.3 хувь буюу 115115 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүний 85 хувь буюу 97847 нь хөдөлмөр эрхлэх насны 16-64 насны иргэд эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70-80 хувь нь ажилгүй буюу халамжийн тэтгэвэр, тэтгэмжээр амьдарч байна.
ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга "Асрахуйн эдийн засгийн гол үүрэг хариуцлага эмэгтэйчүүдийн нуруунд тохогдож байгаа нь хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлыг бий болгох суурь шалтгаан болж байна. Үүнээс үүдэн ажил эрхлэлтэд жендэрийн тэгш бус оролцоо, ажил, мэргэжлийн ялгарал, цалин хөлсний ялгаатай байдал гэсэн олон асуудал гарч ирж байна" гэсэн юм.
Эх сурвалж www.zms.mn