П.АМГАЛАН

Зохиолч бүрийн уран бүтээлийн ертөнц, мөн чанар, сэтгэмж дахин давтагдашгүй үнэ цэнтэй.  “3ууны мэдээ” сонины энэ удаагийн “Би номныхоо тухай” буланд зохиолч А.Пүрэвмаа уригдаж, “Нархан минь” номныхоо содон, сонирхолтой ертөнц, утга агуулгыг хүргэлээ.

 

Ирээдүй, өнгөрсөн, одоо ч гэж байхгүй

 

Хүний амьдралд олон зовлон тохионо. Ялангуяа эх хүнд илүү их зовлон онооно. Тэр дундаас хамгийн аймшигтай нь үр хүүхэд нь алга болох. Нэгэн удаа зурагтаар ихэд шаналсан цөхөрсөн эхийн хүүхдээ хайж буй яриаг сонсоод тэр эхийн оронд өөрийгөө тавьж үзлээ. Миний бодол сэтгэл надад ийн өгүүлэв.

Хэн нэгэн, ялангуяа төрсөн хүүхэд нь алга болвол яах вэ гэсэн зөвлөгөө байдаггүй юм билээ. Охин минь алга болоод их удлаа. Алга болсон тэр өдрийг би ширхэгчлэн санадаг. Миний амьдралд тэр өдрөөс өөр амьдрал байгаагүй мэт дахин дахин тэр өдөр рүү очно. Хэн нэгнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог. Ирээдүй, өнгөрсөн, одоо ч гэж байхгүй. Зөвхөн тэр өдөр л байдаг. Би хүүхдээ өдөр бүр хайдаг. Хайж байхдаа би жаахан ч болов тайвширдаг. Хэрэв хайхгүй зогсчихвол миний өчигдөр хайсан газар хүлээж байгаа мэт санагдана. Дахиад очоод үзэхээр байдаггүй л дээ.

 

Хүүхдээ л тэвэрмээр байна

 

Гэхдээ намайг жаахан дугхийх, хоол идэх, өөр хүнтэй юм ярих үед, тэр газар байсан юм шиг санагддаг. Одоо бүх зүйл санагддаг л болж. Манайх нүүгээгүй. Шөнөжингөө чимээ чагнаж хонохдоо ирчих юм шиг л санадаг. Өглөө босоод дахиад л хайна. Өдөржингөө хүүхдээ хайж ядрах нь сүүлдээ миний хувьд тайвшрал болсон. Орой нь ядарсан ирээд унтаж орхино. Зүүдэндээ дахиад л хайна. Би хаана, хаана дутуу үзлээ гэж зүүдэндээ дахин хайсан газруудаараа шөнөжингөө гүйнэ. Охин минь алга болоогүй бол одоо 13 нас хүрэх байсан.

Заримдаа сургуулийнх нь гадаа очоод охиноо цүнхээ үүрсээр гарч ирж байна гэж төсөөлдөг. Ангийн охидтойгоо ярилцаж, инээж байгаа нь ямар хөөрхөн гэж санана. Тэр өдөр сургуулиас нь очоод авдаг л байж.

Цогцсыг нь ч болов олчих юм сан гэж бодолгүй яах вэ. Тэгвэл ядаж гацсан амьдрал минь. Үгүй ээ. Би ингэхэд дутуу л хайгаад байгаа юм байна. Хичээлдээ явах замаар нь гурван жилийн турш өдөр бүр хайсан ч дутуу л хайсан юм шиг санагдаад байна. Миний 1000 удаа шалгаж очсон газарт охин минь 1001 дэх удаагаа очиход зогсож байвал ямар сайхан бэ. Би энэ мэдрэмжээ яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэдтэйгээ хамт байхад бусад зовлон, зовлон биш. Хүүхдээ л тэвэрмээр байна.

 

Гол дүрийн найман настай охин тэр нэгэн өдөр гэнэт алга болоогүй

 

Ийм мэдрэмжийг авсан уран бүтээлч хүний хувьд “Нархан минь” номоо бичих сэдэл төрсөн. Уг номыг уншсан олон хүмүүсээс “Би хүүхдээ ямар гэр бүлийн харилцаан дунд өсгөж буйгаа эхлээд анхаарах ёстойгоо ойлголоо” гэдэг сэтгэгдэл сонсдог. Ердөө л энэ шүү дээ.  Хүүхдийн аюулгүй байдлыг хангаснаар хүүхэд жаргалтай өсөхгүй. Харин ямар харилцаан дунд өссөнөөр жаргалтай өснө.  “Нархан минь” номын гол дүрийн  найман настай охин тэр нэгэн өдөр гэнэт алга болоогүй. Тэр гэр бүлийн таагүй харилцааны учир шалтгааны хохирогч болж алга болсон. Хүүхэд эргэж олдох болов уу хэмээн ээж, аав, ах, эмээтэй нь хамт түгшин байж хайлцсан уншигчдаа хандаж хэлэхэд удахгүй тэр олдоно. Цуврал бүлэг дээр түүний инээмсэглэлийг бид харах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 93 (7078)