П.АМГАЛАН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Боловсрол” буландаа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Лхагважавыг урилаа. Түүний “Монголчуудын зохиож хэрэглэсэн бичиг үсгүүдийн өнөөгийн хэрэглээ” сэдэвт сонирхолтой хэлэлцүүлгээс онцолж байна.
Дөрвөлжин бичгийг урлагийн бүтээл болох талаас нь ашиглаж байна
-Өнөө цагт монгол бичгийн тухайд крилл үсгийн дараа орохуйц хамгийн өргөн хэрэглээтэй байна. Цэцэрлэгээс дээш бүх шатны сургалтад монгол бичгийг хэрэглэж буй. Жишээлбэл, их, дээд сургуульд элсэх ерөнхий шалгалт, төрийн албаны шалтгалтад монгол бичгийн агуулга орж байна. Ном зохиол хэвлэх тухайд цөөн тоогоор хэрэглэж байна. Монгол хэлний тухай хуульд хос бичигтэн болох, албан бичгээ хос бичгээр хөтөлнө хэмээн заасан нь монгол бичгийн хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлж байгаа.
Цаг хугацааны хувьд дараагийн бичиг үсэг нь дөрвөлжин бичиг байна. Юань улсын үед Монгол улсын төрийн бичиг байжээ. Уг үсэгтэй холбоотой үлдсэн дурсгалууд нь ихэвчлэн хаадын зарлигийн бичиг, пайз, зоосны бичиг, хөшөө дурсгал дээр цөөн үлдсэн байдаг. Харин өнөө цагт дөрвөлжин үсгийг номын шилэн дээр, байгууллагын лого гээд урлагийн бүтээл болох талаас нь илүү ашиглаж байна. Жишээлбэл, “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газрын лого дээрээ тагтаа гээд дөрвөлжин үсгээр бичсэн байдаг. Дөрвөлжин үсгээр бичсэн ном, бүтээл цөөн хэвлэгдсэн байна. Тухайлбал, Монгол Улсын үндсэн хуулийг хэдэн янзын үсгээр хэвлэсэн байдагт дөрвөлжин үсэг багтсан.
Соёмбо үсгийг бурхан шашны үйл хэрэгт ашиглаж байна
-Өндөр гэгээн Занабазар төвд, санскрит, монгол хэлийг аль алиныг нь тэмдэглэж болохуйц соёмбо үсгийг зохиожээ. Судлаачид соёмбо үсгийн тоон дээр 79, 90 гээд хэд хэдэн саналтай байдаг. Ийн судлаачдын өөрсдийн тоолж үзэх арга барилаас хамаарч өөр өөр байна. Соёмбо үсгээр цөөн тооны дурсгал үлдсэн бөгөөд цагаан толгой нилээд байдаг. Мөн орчин цагт соёмбо үсэг судлалын 2-3 хурал хийсэн. Жишээлбэл, Дашчойлин хийдийн “Зүүн хүрээ” коллежид н.Мөнх-Эрдэнэ гэсэн соёмбо үсгээр сайхан бичдэг лам байсан. Энэ хүн соёмбо бичгийн сургалтыг эрхэлдэг байсан бөгөөд сүүлд шавь нар нь залгамжлаад явж байгаа. Мөн ахмад судлаач э.Отгонбаатар бурхны шашны төв Гандантэгчилэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургууль дээр үе үе соёмбо үсгийн сургалт явуулдаг . Өнөө цагт сүм хийдийн гадна үүд дэх хаягт соёмбо үсэгн мөн монгол бичиг, төвд, хэвтээ дөрвөлжин үсгийг ашиглаж буй. Соёмбо үсгийг анх ном гурван хэлийг галиглах зорилготой зохиосон учраас бурхан шашны үйл хэрэгт түлхүү ашиглаж байна. Жишээлбэл, бурхны ерөөл, магтаал зэргийг соёмбо үсгээр бичиж, нийтэд бүтээл хийх нь дэлгэрэнгүй буй.
Хэвтээ дөрвөлжин үсгийг мөн адил Өндөр гэгээн Занабазар зохиожээ. Уг үсгийг иргэд таньж мэдэхгүй, уншиж чадахгүй байсныг сүүлд академич Б.Ринчен уншиж, Өндөр гэгээн Занабазар зохиосон гэсэн анхны саналыг гаргасан байна. Хэвтээ дөрвөлжин бичгээр өнөө цагт төдийлөн нийтийн дунд тархсан, хийсэн зүйл ховор байдаг. Ер нь хэвтээ дөрвөлжин үсгийн хэрэглээ бусад бичгүүдээсээ хамгийн бага байна. Уг үсгээр “Амгалан тамга” гэж бичсэн хуучны тамганы хэв байдаг аж. Түүний тамга гэдэг үгийг нь уран бичээчид ашиглаж өөрсдийнхөө тамгыг хийсэн тохиолдол нилээд байна. Уг үсгийн цагаан толгой цөөн хэдэн номын санд байдаг.
Улсын хэмжээнд 3000 гаруй тод үсгийн судар, олдвор бий
-Ойрад аялгуунд тулгуурлаж тод үсгийг зохиосон байна. Тод үсгээр тэмдэглэн үлдсэн дурсгалууд их байдаг. Ер нь монгол бичгээс хойших бичиг үсгүүдийн дунд хамгийн арвин дурсгал үлдсэн үсэг юм. Тод үсгийг дэлгэрүүлэхийн тухайд Зая Бандида Намхайжамц хичээж зүтгэж ажилласан байна. Тэрбээр олон ном, товхимолыг Түвдээс тод үсгээр орчуулж хэвлэжээ. Монгол Улсын хэмжээнд 3000 гаруй тод үсгийн судар, олдвор номын сангуудаар тархсан байна. Үүний 1200 гаруй нь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж буй. Бурхны шашны ном зохиолын орчуулга, монгол зан үйлийн судрууд гээд агуулгын хувьд янз бүр байдаг. Манай хүрээлэнгийн хувьд дэлхийд тод үсгийн хамгийн арвин сан хөмрөгтэй. Тод үсгээр өнөө цагт Увс аймгийн Наранбулаг суманд сургалт явж байсан гэсэн мэдээ байгаа боловч төдийлөн удаагүй байдаг. Тод үсгийг нийтийн дунд сургалт хийж байгаа байгууллага байхгүй. “Тод Номун гэрэл төв”, “Тод дөрвөлжин клуб” нь тод үсгийн номыг крилл үсэгт хөрвүүлэх, тод үсгээр үлдсэн дурсгалыг нийтэд түгээх ажлыг сайн хийж байгаа. Мөн Х.Бямбажав гээд хүн тод үсгийн сурах бичгүүдийг хийж байсан. н.Сундуй гэж хүний “Эх дэлгэр тод бичиг” гэсэн нийтэд тархсан сурах бичиг байдаг.
Вагиндра үсгийн дөрвөлжин эвхмэл тэгийг зохиож танилцуулжээ
-Вагиндра бичиг нь монголчуудын зохиож хэрэглэсэн бичгүүдийн хамгийн сүүл үеийн бичиг байна. Уг бичгийг Буриад аялгуунд зориулж зохиожээ. Вагиндра бичгээр тэмдэглэн үлдээсэн арав гаруй дурсгал байдгийг судлаачид гаргажээ. Гавьяат багш, доктор профессор э.Гантогтох вагиндра бичгийг нийтэд түгээх дэлгэрүүлэх тал дээр хамгийн их ажлыг хийсэн. Жишээлбэл, вагиндра бичгээр дагнаж 5-6 эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бичиж, эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх хуралд илтгэл тавих зэргээр ажилласан байдаг. Мөн 2014-2015 оны үеийн “Алтаргана” наадмын эрдэм шинжилгээний хуралд вагиндра үсгийн дөрвөлжин эвхмэл тэгийг зохиож танилцуулсан байна. Мөн “Айдура мэргэн”, “Хараасгай мэргэн” номын хэд хэдэн эхийг тулгаж, крилл үсэгт хөрвүүлээд хэвлэжээ. Ингэхдээ вагиндра үсгийн эхийг гэрэл зургаар хоёуланд нь хавсгаргаж хэвлэсэн байна.
Өнөө цагт уран бичээч Т.Жамъянсүрэн багш эдгээр бичиг, үсгүүдээр хуучны “Жанлав Цогцолмаа” зэрэг номуудыг бүтээж нийтэд түгээх ажлыг хийж байгаа. Мөн Үндэсний номын санд ажиллаж байсан н.Түмэнбаяр судлаач номондоо олон төрлийн бичиг үсгээр бурхдын нэрийг бичиж оруулж хэвлэсэн. Ийнхүү өнөө цагт эдгээр бичгээр дагнасан номууд төдийлөн гарч чадахгүй хавсарга байдлаар хэрэглэгдэж байгаа. Урлагийн бүтээл болох тухайд хулсан үзгээр соёмбо, тод үсгийг бичих, монгол бичгийг бийрээр бичих урлагийн бүтээлүүд бий. Мөн залуучууд монгол бичиг, тод, соёмбо үсгээр шивээс хийлгэж байна. Өнөө цагт соёмбо үсгээс бусад бичиг, үсгүүдийн тухайд Монгол улсын хэмжээнд төдийлөн сургалт байдаггүй. Харин их, дээд сургуулийн монгол судлалын ангийн хичээлийн хөтөлбөрт тод, соёмбо үсгүүдийн тухайд цөөн цагаар ордог. Эдгээр бичиг үсгээр уншиж бичдэг хүмүүс өнөө цагт ховор байна. Бусад бичгүүдээ бодвол тод бичиг харьцангуй нийтэд түгсэн. Харин вагиндра бичгийн тухайд төдийлөн судалгаанд байхгүй. Эдгээрээс бичиг, үсгээс гадна монголчууд хятан үсгийг хэрэглэж байсан ч өнөө цагт хэрэглээнд байхгүй. Мөн монголчуудын хэрэглэж байсан али гали үсгээр цөөн тооны маанийн үсэг бичсэн, хөшөө чулуунд сийлсэн дурсгалууд бий. Харин али гали үсгээр дагнаж бичсэн дурсгал байхгүй. Али гали үсгийг монгол бичигтэй хавсарга байдлаар судар номонд тарнийн үг, хүний нэрийг бичихэд зориулж зохиосон. Мөн монголчууд латин үсгийг нэг сар орчим албан ёсоор хэрэглэсэн байдаг. Одоо цагт латин үсгийг тухайн үед баталсан дүрмийн дагуу хэрэглэдэггүй. Англи хэлний 26 үсгийг криллийг галиглах маягаар ашиглаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 93 (7078)