Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаад БНХАУ-ын Шаньси мужийн дуурийн театрын гоцлол дуучин ОХУ-ын Санкт-Петербург хотын Багшийн сургуулийн хөгжмийн тэнхимийн багш Жан Лэйг урилаа. Тэрбээр УДБЭТ-т олон улсын дуучдын хамтарсан “Worlds Classics in Mongolia” тоглолтод оролцож, дэлхийн шилдэг аригаас дуулж, сонордуулсан юм.

 

МОНГОЛЫН ТЕАТР САЙХАН ДУРСАМЖ БОЛЖ СЭТГЭЛД МИНЬ ҮЛДЭНЭ

 

-Та энэ цагийн дэлхийн шилдэг ази дуучдын нэг. Олон улсын тоглолтод оролцсон арвин туршлага ч байгаа нь лавтай. Дэлхийн бусад орны тайзнаас Монголын театр танд ямар мэдрэмж үлдээв?

-Монголын дуурийн театрын тухай би өмнө нь олон удаа сонсож байлаа. Танай театртай танилцах нууцхан хүсэл байсныг Ө.Цэрэнчунт найз маань биелүүлж өглөө. Би очиж дуулсан театр бүрээсээ өөр дурсамж цуглуулаад буцдаг. Монголын театр, үзэгчид ч ялгаагүй миний хувьд сайхан дурсамж болж сэтгэлд минь үлдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Монголын тухай та өмнө нь хэрхэн төсөөлдөг байв. Онгоцноос буухад тэр төсөөллөөс тань хэр зөрүүтэй санагдсан бэ?

-Би Монголд очиж тоглолтод оролцоно гэж шийдсэнээсээ эхлээд л догдолсон. Монголчуудыг их найрсаг ард түмэн гэж сонссон учир биднийг хэрхэн хүлээж авах бол гэсэн бодол төрж байлаа. Би ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайловтой нэг нислэгээр ирсэн юм. Биднийг онгоцонд суусны дараа нисгэгчийн бүхээгнээс зарлагчаар  “БНХАУ-ын Шаньси мужийн дуурийн театрын гоцлол дуучин Жан Лэй, ОХУ-ын гоцлол дуучин Александр Михайлов нарыг манай оронд очих гэж байгаад таатай байна, ая тухтай нисээрэй” гэж хэлэхэд их догдолсон шүү. Мөн онгоцноос буухад биднийг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтсан. Монголчуудын хувьд чухал хүндээ л энэ хүндэтгэлийг үзүүлдэг гэж сонссон. Тиймээс энэ их хүндлэлийг үзүүлсэн Монголын ард түмэнд талархсанаа илэрхийлье. 

-Гурван орны уран бүтээлчид хамтарч тайзан дээр дууллаа. Үндэс угсаа, үзэл бодол өөр хүмүүсийг тайзан дээр нэгэн цул болгож, нэгэн зорилгын төлөө нэгтгэж чадах хүч магадгүй урлагт, ялангуяа сонгодог урлагийн хүч байх гэж бодож суулаа?

-Гурван орны уран бүтээлчидтэй хамтран соёлын чухал тоглолтод оролцсондоо маш их баяртай байна. Бидний хүсэл зорилго нэг учир хамтарч ажиллахад сайхан байлаа. Бусад уран бүтээлчид маань ч Азидаа хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг дуучид, бүжигчин. Цаашдаа ч энэ төсөл болоод бидний нөхөрлөл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Дуурийн дуучин бидний хувьд сонгодог урлаг гэдэг нэг зүрх, нэг хэлтэй улс шүү дээ. Тайзан дээр дуулж байхдаа л энэ урлагаараа бахархаж, сэтгэл зүрх уярч байдаг онцлогтой. Мөн ямар ч орны уран бүтээлчтэй дуулсан энэ бол харь хүн гэсэн бодол төрж байсангүй. Харин ч тухайн уран бүтээлчид бид бие биенээсээ суралцаж, өөрийн орны ёс заншил, сонгодог театрын түүхээс хуваалцдаг. Үүний дагуу би Монголын соёл урлагийг судлахыг үнэхээр их хүсч байна. Магадгүй боломж олдвол танай сайхан орноор аялж, байгалийн сайхныг нь бишрэхсэн.

-Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь та бүхэн өөр орны хэл дээр дууллаа. Монгол болон орос хэл дээр дуулахад хэр хүндрэлтэй байсан бэ?

-Өөр орны хэлээр дуулах хариуцлагатай мөртлөө сонирхолтой байлаа. Богино хугацаанд бэлтгэл хийсэн учир үзэгчдэд хэр таалагдсаныг хэлж мэдэхгүй байна. Боломж олдвол монголоор дуулах хүсэл байна. Надаас гадна манай Ө.Цэрэнчунт хятад хэл дээр дуулахад үзэгчид их сайхан хүлээж авсан. Төрөлх театртаа эх хэлээрээ дуулна гэдэг үнэхээр сайхан. Хятадуудын хувьд дууриа гадны улсад тавихдаа байнга англи хэл рүү хөрвүүлдэг юм. Бидний тоглолтыг халуун дотноор хүлээж авсан монгол үзэгчдийг хараад хятад зохиолтой дуурь толилуулахсан гэсэн бодол төрсөн шүү.

-Энэ удаад зөвхөн дуурийн дуу сонсохоос гадна балетын үзүүлбэр үзсэн нь бас сонирхолтой байлаа. Япон бүжигчний тухай та онцлооч?

-Сонгодог урлаг гэдэг зөвхөн дуурь биш шүү дээ. Дэлхийн бүжгэн жүжиг асар олон жилийн түүхтэй. Манай тоглолтын нэг чимэг нь Японы бүжигчин Сали Токүшима байлаа. Түүний хувьд Улаан-Үдийн театрын гоцлол бүжигчнээр ажилладаг. Дөрвөн настайгаасаа балетаар хичээллэсэн. 23 жил энэ урлагаар амьдарч яваа хүн. Тэрбээр Ө.Цэрэнчунттай хамт Буриадын театрт ажиллаж байсан.

-“Хунт нуур”-ын цагаан хун үнэхээр үзэсгэлэнтэй, ур чадварын хувьд гүйцэтгэл сайтай харагдаж байсан?

-Тийм шүү. Тоглолт үзсэн хүн бүхэн түүний ур чадварыг үнэлж байсан. Үнэхээр балетын урлагт өөрийн залуу насаа зориулж яваа дэлхийн хэмжээний шилдэг бүжигчин. Түүнгүйгээр манай тоглолтыг төсөөлөхийн аргагүй.  Сали Токүшима дэлхийн олон театрт бүжиглэж байсан туршлагатай. Ялангуяа “Хунт нуур” бүжгэн жүжгийн хоёр хунд хоёуланд нь мэргэжлийн өндөр түвшинд бүжиглэдэг гэдгээрээ зартай. Ийм мундаг бүжигчин бидэнтэй нэгдэж, сонгодог урлагийг дэлхийд сурталчилах гэгээн хүсэлд минь хүч нэмж байгаад баяртай байна.

-Та Ө.Цэрэнчунт дуучинтай хэрхэн танилцаж байсан бэ?

-Бид ОХУ-ын нэг багшийн шавь нар. Анх нүүр нүүрээ харалцаж бус утсаар багш минь гүүр болж, уран бүтээлээрээ дамжуулан холбогдож байлаа. Тухайн үед би түүнд хандаж “Олон улсын залуучууд нэгдээд Монголын ард түмэнд сонгодог урлагийг хүргэмээр байна. Чи үүнд оролцох уу” гэсэн санал тавьж байсан юм. Найз минь ч таатай хүлээж авсан. Ө.Цэрэнчунт 2016 он хүртэл ОХУ-ын театрт ажиллаж байсан. Тухайн үед тоглолтуудыг нь их үздэг байсан. Ялангуяа “Евгений Онегин” дуурийн Ленскийн дүрд дуулж байсан нь санаанаас гардаггүй. Бид энэ үеэс их олон тоглолтод хамт оролцож, дуулж байсан. Түүний хувьд их чадалтай хоолойтой дуучин. Мөн сонгодог урлагийн хөгжил, монгол уран бүтээлчдийнхээ  төлөө олон ажил хийж яваа сэтгэлтэй залуу. Өнөөдөр ч биднийг эх орондоо урьж, тоглолтын бүхий л ажлыг зохион байгуулж байгаад нь талархая. Хүсэл зорилго нэг байсан учир түүнтэй хамтарч ажиллах болон нөхөрлөхөд сайхан байна. Бидний эхлүүлсэн төсөл энэ хүрээд өндөрлөхгүй. Цаашлаад дэлхийн олон орноор очиж, Азийн сонгодог урлагийг дэлхийд таниулна гэсэн урт замын төлөвлөгөө бий.  

-Та монгол дуу сонссон уу. Ямар бодол төрсөн бэ?

-Ө.Цэрэнчунт найз маань монгол дуу дуулж өгсөн. Сонсоход аялгуу нь уянгалаг учир шууд л сэтгэлд хүрсэн. Үг нь хүртэл учирлаж, аргадаад ч байх шиг. Мөн монгол дуу эгшиглэхэд уудам тал, цэнхэр тэнгэр нүдэнд харагдсан нь сонин. Яг л тал нутагт морин дэл дээр давхиж байгаа юм шиг үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа. Танай ард түмэн ч яг л тэр уудам тал шигээ уужим сэтгэлтэй гэдэгт итгэлтэй байна.

 

АЯЛАН ТОГЛОЛТЫН ЭХЛЭЛ ЦЭГ НЬ МОНГОЛ

 

-Та бүхний дараагийн зогсоол хаана байх бол?

-Бидний аялан тоглолтын эхлэл цэг нь Монгол Улс шүү дээ. Харин ирэх аравдугаар сард ОХУ-д тоглолтоо хийнэ гээд давхар бэлтгэл ажил явагдаж байна. Үүний дараа БНХАУ-д тоглохоор төлөвлөж байгаа бол Японы талаас ч биднийг зориод ирвэл тоглолт хийх боломжтой гэсэн таатай хариуг өгсөн. Үүнээс гадна бидэнд БНСУ-аас ирж тоглолтоо толилуулаач гэж санал тавьсан. Энэ мэт боломжтой газар бүрт хүрнэ гэсэн зорилготой.

-Та ганцаараа ч дэлхийн олон орноор аялаад сонгодог бүтээлээ дуулах боломжтой. Гэтэл яагаад олон улсын уран бүтээлчидтэй хамтарч төсөл хэрэгжүүлэхээр болсон юм бэ?

-Сонгодог урлаг бол дэлхий нийтийн нэгдсэн хэл. Бид өөр ямар ч салбарт хамтарч ажиллах боломжгүй байлаа ч соёл урлаг, сонгодог урлагаар нэгдмэл байж чадна. Мөн ганцхан би бус өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт энэ урлагийн төлөө хөдөлмөрлөж яваа залуу уран бүтээлч олон бий. Тиймээс бид хамтдаа байхдаа илүү хүчтэй байж, дуу хоолой минь олон хүнд хүрнэ гэж бодож байна. Өнөөдөр дэлхийн сонгодог урлагт Европын дуучид үнэ цэн, эрэлттэй байна. Харин сүүлийн жилүүдэд Азиас Монголын дуучид цахиур хагалж, дэлхийн түвшинд өрсөлдөж эхэллээ. Тиймээс яг л энэ бүрэлдэхүүнээрээ дэлхийд сонгодог урлагийг, ялангуяа Ази дуучны хоолойн гайхамшиг, бүжгийн уран чадварыг хүргэхийг хүсч байна.

-Та Шаньси мужийн Их театрын гоцлол дуучин. Энэ муж Өвөр­монголтой залгаа байдаг бил үү?

-Өвөрмонголтой залгаа муж учир би энэ ард түмний тухай тодорхой хэмжээний ойлголттой. Гэхдээ өөрийн биеэр зочилж байгаагүй ч их зочломтгой ард түмэн  гэж сонсож байсан.  Та бүхэн бүгд л монгол угсааны хүмүүс шүү дээ. Тиймээс яг л адилхан байх гэсэн төсөөлөл байна. Мөн өвөрмонголчуудын сэтгэлд ч ар монгол их ойрхон байдаг гэсэн. Зарим ёс заншил нь ч монголчуудынхтай адилхан гэх юм билээ.

-Хятадын сонгодог урлаг хэзээнээс эхтэй юм бэ. Хүмүүс сүүдэр ший ч юм уу эртний урлагийн төрөлтэй нь холбож ойлгоод байдаг?

-Ший жүжиг бол их олон мянган жилийн түүхтэй, Хятадын эртний урлагийн нэг хэлбэр. Дуулалтын хувьд ч дуурийн дуулаачаас тэс өөр. Анх Тан гүрний эзэн хаан “Пир цэцэрлэг” хэмээх үндэсний дуурийн театрын эхлэлийг тавьсан гэх түүх, баримтууд байдаг. Мөн манай Шаньси болон Гансу муж сонгодог урлагийн өвөрмөц, баялаг намтартай муж гэж ойлгож болно.  Харин яг орчин үеийн сонгодог хэлбэрээрээ хөгжөөд 200 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Манай улсын муж бүр өөрийн онцлогийг харуулсан театртай. Гэхдээ ихэвчлэн Хятад зохиолчдын бүтээлийг тоглох нь элбэг. Хэрэв гадны оронд очиж, уран бүтээлээ хүргэхдээ заавал англи хэл рүү хөрвүүлдэг онцлогтой.

-Өнөөдөр сонгодог урлагийн ертөнцөд европийн уран бүтээлчид цойлж байна гэж та онцоллоо. Тэгвэл дэлхийн хамгийн олон хүн амтай, бүхий л салбарт манлайлагч болдог Хятад улс яагаад хүч түрж орж ирэхгүй байна вэ?

-Манай улсад мундаг дуучин олон бий. Тэд маань одооноос дэлхийн зах зээлд өрсөлдөж, чансаа өндөртэй тэмцээнүүдэд ч тогтмол оролцох болсон. Мөн манай театрууд өөрийн орны зохиолчдын бүтээлээс гадна Ж.Верди, Ж.Пуччиний, А.П.Чайковский гээд дэлхийн шилдгүүдийн бүтээлийг тогтмол тавьж байгаа. Сүүлийн жилүүдэд бодлогоор залууст зориулсан хөнгөн хэлбэрийн бүтээлүүдийг ч тоглох болсон. Ер нь жилээс жилд манай үзэгчид сонгодог урлагаа үздэг, ойлгодог, хүндэлдэг, уран бүтээлчдийг алдаршуулдаг болж байгаад нь дуучин хүнийхээ хувьд баяртай явдаг шүү.

-Тэгвэл Ази дуучдын европуудаас ялгарах онцлог, давуу талыг та юу гэж хардаг вэ?

-Хятад дуучдын хувьд европуудаас өөрийн орны бүтээлүүдээ дуулж ялгардаг. Хятадын сонгодог дууриуд ихэвчлэн бодит, түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн байдаг нь бидэнд илүү үнэ цэнтэй. Жишээлбэл “Улаан асрын зүүд” ч юм уу. Бид эх орныхоо энэ баатарлаг түүхийг дэлхийн тайзнаа дуулж буйгаараа бахархаж, үүгээрээ бусдаас ялгарах ёстой. Харин Европын дууриудын төгсгөл нь үргэлж эмгэнэлтэйгээр дуусдаг бол хятад дууриуд аз жаргалтай, сайн сайхан руу тэмүүлж буйгаар өндөрлөдөг нь сайхан.

-Таныг ихэвчлэн Ж.Вердийн дууриудад гоцолдог гэж сонссон. Түүний дууриудын гол дүрээр амьдрах нь танд ямар таашаалыг бэлэглэдэг бол?

-Ж.Верди бол дэлхийн сонгодог урлагийн ноён оргилуудын нэг. Өнөөдөр дэлхийн бүхий л театр түүний хөгжмүүдээр амьсгалж байна. Ж.Вердийн аялгуунуудыг сонсоход цаанаасаа л хөгжимлөг мөртлөө сэтгэл догдлуулсан мэдрэмж төрдөг. Тиймээс энэ мундаг зохиолчийн бүтээлүүдэд гоцлох дуртай.

-Та ОХУ-ын Санкт-Петербург хотын багшийн сургуульд дуулаачийн багшаар ажилладаг гэсэн. Тухайн сургуульд монгол оюутан бий юу?

-Одоогоор монгол оюутантай ажиллаж үзээгүй байна. Манай сургуульд ихэвчлэн орос, хятад оюутан бий. Боломж олдвол монгол оюутантай ажиллаж үзмээр байна. Би багш болсондоо баярлаж, шавь нараараа үргэлж бахархдаг. Тэд минь тэмцээн уралдаанд амжилттай оролцож, намайг баярлуулж байгаа.  Удахгүй дэлхийд үнэлэгдсэн шилдэг дуучин болох нь лавтай. Тэр л багш хүний хамгийн жаргалтай мөч байх.

 

Э.АМАРТҮВШИН, Г.АРИУНБААТАР НАРЫГ ДЭЛХИЙ ТАНИНА

 

-Таны дуурийн дуучин болох хүсэл мөрөөдөл хаанаас эхтэй вэ. Удам дамжсан дуучин хүн үү?

-Манай гэр бүлд дуу хөгжимтэй холбогдсон хүн байхгүй. Гэтэл би багаасаа л дуулах дуртай, үргэлж дуу аялж явдаг охин байсан. Ингээд 17 настай байхдаа дуучин болох шийдвэр гаргасан. Анх гэр бүлийнхэн миний энэ сонголтыг их эсэргүүцсэн. Ялангуяа аав минь. Гэхдээ энэ урлагт чин сэтгэлээсээ дурлах охиноо хараад бодол нь өөрчлөгдсөн. Ингээд дуулж эхэлэхэд хамгийн анхны сонсогч, үнэнч фэнүүд нь гэр бүлийнхэн болж хувирсан шүү.

-Дуурийн дуучин их хүнд мэргэжил шиг санагддаг. Бэлтгэл, сургуулилтаас эхлээд эхний сууриа тавих энэ он жилүүдийг хэрхэн давж, туулсан бэ?

-Миний явах ёстой зам мөр багаасаа л тодорхой болчихсон гэж би боддог юм. Учир нь бага сургуулийн сурагч байхдаа үеийн охид хөнгөн хөгжим, орчин үеийн урлаг сонирхож байхад би үндэсний хөгжим л сонсож, ардын дуунуудыг л дагаж дуулдаг байлаа. Хүүхдүүд чөлөөт цагаараа найз нартайгаа хөгжилдөхийг илүүд үздэг байсан бол би бэлтгэлээ хийхийг чухалчилдаг байсан. Мэдээж олон цагийн бэлтгэл, аялан тоглолт, тэмцээн уралдаан гээд жаахан байхад шантармаар, уйлмаар өдөр олон байсан. Гэвч өөртөө том зорилго тавьсан учир урлагаа орхиё гэж нэг ч удаа бодож байсангүй.

-Монголчууд дэлхийн театрын тайзнаа дуулж яваа Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нараар их бахархдаг. Та манай дуучдыг таних уу. Магадгүй дэлхийн тайзан дээр таарч байв уу?

-Дэлхийн шилдэг баритон болсон Э.Амартүвшин дуучны тухай би битгий хэл дэлхий тэр чигээрээ мэддэг болсон шүү дээ. Өнгөрсөн оны шилдэг дуучин Э.Амартүвшингийн тухай “Opera Wire” цахим хуудсанд “Томоохон дуурийн театруудын хамгийн эрэлттэй дуучдын нэг” хэмээн тодорхойлсныг уншсан. Мөн Италийн агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээлүүдийн өөрт оногдсон дүр бүрийг баргил сайхан хоолойгоороо байлдан дагуулж байгааг нь тэр сайт дээр онцлон тэмдэглэсэн байна лээ.

-Та өнгөрсөн онд Евразийн мэргэжлийн хөгжмийн шилдгүүдийг тодруулдаг "Bravo" ёслолын ажиллагаанд орлцсон байх аа?

-Энэ тэмцээн миний амьдралын хамгийн сайхан үеийн нэг байсан. Хятад улсаа төлөөлж "Bravo" цом хүртсэн. Тухайн тэмцээнд Монголын дуучин Г.Ариунбаатар бас цом гардсан шүү дээ. Тэр үед монгол дуучнаар бахархаж сууснаа нуухгүй. Харин энэ жил тус тэмцээн тав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдахад нь буюу өнгөрсөн сард зочин дуучнаар оролцож, ая дуугаа өргөсөн.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 93 (7078)