Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

Эрүүл мэндийн салбарын нэг багана, эрүүл мэндийг сахин хамгаалагч шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийн “Эрдэнийн чагнуур” шагналыг анх удаа олгож эздийг тодрууллаа.

“Эрдэнийн чагнуур” шагналын эздийг тодруулах арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний ихэнх хэсгийг сувилагчид гардан үзүүлдэг. Засгийн газраас цар тахлын эсрэг тодорхой арга хэмжээ болон эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд манай улс цар тахлыг хохирол багатай даван туулж чадсан. Энэ бол сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын үр дүн, ач гавьяа юм. Салбарын сайдын хувьд УИХ-аас эрүүл мэндийн хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох нэмэлт шаардлагатай хуулийг боловсруулахад анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуультай болохоор зорьж ажиллаж байна. Үүнийг удахгүй УИХ-д өргөн барина. Цаашид сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр анхаарна” гэдгийг онцоллоо.

Сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд нь хорвоод мэндлэх нярайн дуунаас эхлээд хүний амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх бүхий л хугацаанд мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж амь нас, эрүүл мэндийг нь аврахын төлөө цуцалтгүй ажилладаг. Тэдний хөдөлмөр, зүтгэлийг үнэлж арга туршлагыг нийтэд сурталчлах “Эрдэнийн чагнуур” шагналд нийслэл, орон нутгаас нийт 100 гаруй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд 13 төрөлд нэр дэвшжээ. 

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрч­ний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа “Шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” шагналын арга хэмжээг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулдаг. Тэгвэл энэ жил анх удаа эрүүл мэндийн салбарын нэг түших багана болж энэ салбарын хүнд ачааг үүрдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг урамшуулах тэдний ажил, мэргэжлийг таниулан сурталчлах зорилго бүхий “Эрдэнийн чагнуур” шагналын арга хэмжээг зохион байгуулж байна. “Эрдэнийн чагнуур” шагналыг шилдэг сувилагч, бусад мэргэжилтнүүдээс суралцах ажлын арга туршлагаа хуваалцах тэдний мэргэжлийн үнэ цэнийг нийгэмд таниулах олон зорилгыг үндэслэн бий болгосон. Энэ шагналын эздийг тодруулах нь нэг талдаа баярыг арга хэмжээ мэт боловч нөгөө талдаа сувилагч, эмнэлгийн ажилтнууд нэгдэн өөрсдийн дуу хоолойг иргэд, олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэх ажлын нэг хэсэг юм. Эрүүл мэндийн салбарт цалин, хөлс, хөдөлмөрийн хангамж тулгамдсан асуудлуудын тэргүүн эгнээнд байдаг. Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг төсвөөс биш гүйцэтгэлийн санхүүжилтээр олгодог болсон нь олон эерэг, сөрөг талыг үүсгэж байгаа юм. Сайн ажиллаад өндөр цалин авч байгаа эмч, ажилчид байгаа боловч гүйцэтгэлийн санхүүжилтийн өртгийн жин тооцох аргачлал нь бага учраас зарим эмч, ажилчдын цалин нэмэгдэхгүй байх тохиолдол байна. Тиймээс ЭМЯ-тай хамтран салбарын хэлэлцүүлэг өрнүүлж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр 01 тогтоолд нэмэл өөрчлөлт оруулах, өртгийн жинг тооцох аргачлалыг өөрчлөх шаардлагатай байгаа. Үүнд манай холбоо анхаарч ажиллана” гэв.

Ерөнхий мэргэжлийн сувилахуй төрөлд “Эрдэнийн чагнуур”-ын эзэн болсон СБД-ийн Эрүүл мэндийн төвийн булчирхайн сувилагч Б.Соёл “Би 24 жил эрүүл мэндийн салбарт сувилагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд 115 мянга гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүллээ. Мөн 805 мянган удаагийн нарийн мэргэжлийн үйлчилгээг стандартын дагуу цаг хугацаа алдалгүй хүргэж үйлчилсэн. Түүнчлэн СБД-т диабетийн төв байгуулах, чихрийн шижин өвчний тусламж үйлчилгээг сайжруулах сэдвээр төсөл бичиж  тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулан Дани Улсын 5000 ам.долларын санхүүжилт авч байлаа. Би диабетийн төвийн сургагч багшийн хувьд чихрийн шижин өвчнөөр оношлогдсон иргэдэд болон чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд багц сургалтыг зохион байгуулж 45 мянган хүнд хүргэсэн” гэв.

Сувилагч нарын зүгээс хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх,  ур чадварын нэмэгдэл олгох, сувилагчдыг хөгжүүлэх, чадавхжуулах олон улсад туршлага солилцох боломжоор ханган сувилагчийн хөгжлийн төвтэй болгох дөрвөн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөх шаардлагатай байгааг дурдлаа.

“Эрдэнийн чагнуур” шагналын 13 номинацийн эзэд

 

1. Ерөнхий мэргэжлийн сувилахуй төрөл

СБД-ийн Эрүүл мэндийн төвийн булчирхайн сувилагч Б.Соёл

 

2. Хүүхэд, нярай, эх хүүхдийн сувилахуй төрөл

“Амгалан” амаржих газрын төрөлжсөн мэргэжлийн эмнэлгийн нярайн сувилагч Д.Лхагвадулам

 

3. Мэс засал, гэмтэл согогийн сувилахуйн төрөл

Хэнтий аймгийн Бор-өндөр сумын нэгдсэн эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч Д.Боргил

 

4. Нүүр ам, нүд, чих, хамар хоолойн сувилахуй төрөл

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний сувилагч Д.Саранцэцэг

 

5. Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй төрөл

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн зохицуулах сувилагч Я.Норжмаа

 

6. Арьс, халдварт өвчний сувилахуй төрөл

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн ахлах сувилагч Б.Булганцэцэг

 

7. Сэргээн засал, уламжлалт анагаах ухааны сувилахуй төрөл

ЭХҮЭМТ-ийн Сэргээн засах эмчилгээний тэргүүлэх сувилагч Б.Алтанзул

 

8. Өрх, сум, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй төрөл

Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн сувилагч Л.Баясгалан

 

9. Эх барихуй төрөл

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эх баригч, бага эмч С.Лхагвасүрэн

 

10. Мэдээгүйжүүлэг, эрчим эмчилгээ, яаралтай тусламжийн сувилахуй төрөл

Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хоёрдугаар ээлжийн сувилагч А.Чанцалдулам

 

11. Эмнэлгийн бусад мэргэжилтэн , лабораторийн технологи төрөл

Зоонотын өвчин судлалын үндэсний төвийн лаборант Д.Отгонсүрэн

 

12. Эмнэлгийн бусад мэргэжилтэн, дүрс оношилгоо төрөл

СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны техникч Ц.Мөнхжаргал

 

13. Эмнэлгийн бусад мэргэжилтэн, ариутгал, статистик төрөл

ГССҮТ-ийн статистикч, бага эмч Х.Лусаамаа

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 10. ЛХАГВА ГАРАГ. № 93 (7078)