М.ЗҮЙР

 

ЭМЯ-наас Олон улсын сувилагчийн өдрийг угтан зохион байгуулж буй “Сувилагчаа сонсъё” өглөөний уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох албаныхан оролцлоо. Сувилагч бол эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдаг, хэнээр ч юугаар ч орлуулшгүй мэргэжилтэн бөгөөд манай улсын таван эрүүл мэндийн ажилтан тутмын нэг нь сувилагч байна. Сувилагч нь дэлхий дахинд нэн хэрэгцээтэй мэргэжлийн нэг бөгөөд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс тооцоолсноор 2030 он хүртэл дэлхий нийтэд 9.0 сая гаруй сувилагч, эх баригч шаардлагатай. Манай улсын хувьд эмч, сувилагчийн харьцаа нэг эмчид нэг сувилагч ногдож байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад сувилагч дутагдалтайд тооцогдох бөгөөд  эхний ээлжинд нэг эмчид хоёр сувилагч гэсэн харьцаанд хүргэхийн тулд 2026 он хүртэл 6000 гаруй сувилагч шинээр бэлтгэж, ажлын байранд нь тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага байгааг Эрүүл мэндийн сайд хэлсэн үгэндээ онцолсон.

Тэрбээр мөн ажлын ачаалал их, авч буй цалин хөлс нь хангалттай бус байгаагаас ажил мэргэжлээ орхих, өөр салбарт шилжих, гадаадад ажиллахаар явах зэргээр сувилагчийн хомсдол үүсэхэд нөлөөлж байгааг ч хэлсэн. Мөн ажлын ачааллын хувьд, олон улсад эмнэлгийн сувилагч 4-5 хүнд үйлчилдэг бол манай улсад нэг сувилагч өдрийн ээлжинд 12-18 өвчтөнд, шөнийн ээлжинд 50-100 өвчтөнд үйлчилж, сувилдаг гэсэн тоо баримт байгааг ч дурдав. 

Түүнчлэн С.Чинзориг сайд Монгол Улсын Засгийн газар сувилагчийн тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч авч буй арга хэмжээний талаар мөн танилцууллаа.

Засгийн газраас дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч, суралцагчдын сургалтын голч дүнгээс хамааруулж сургалтын төлбөрт тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд нэг оюутанд ойролцоогоор 1,8-2,4 сая төгрөгний тэтгэлэг олгож байна. 2022 онд Өвөрхангай аймгийн Политехникийн коллежийг түшиглэн Анагаахын шинжлэх ухааны их сургуультай хамтран 61 сувилагч мэргэжилтэн бэлтгэж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй үйлчлэгч, бусад туслах ажилтан,  бүрэн дунд боловсролтой иргэдээс “Туслах сувилагч” бэлтгэх богино хугацааны сургалтыг 2017 оноос эхлүүлж, улсын төсөв, олон улсын байгууллагын санхүүжилтээр 400 гаруй туслах сувилагчийг бэлтгэсэн. 2023 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хот, хөдөөд шаардлагатай туслах сувилагчийг бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа зэргийг сайд ярьсан.

Мөн сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын чанарыг сайжруулах зорилгоор Япон улсын ЖАЙКА байгууллагатай “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж, “Монгол Улсын сувилагчийн төгсөлтийн дараах цогц чадамж”-ийг боловсруулж гаргасан. Сувилагч нараас 2022 онд Японд дөрөв, Туркэд таван хүнийг суралтад хамруулжээ.

ЭМЯ салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд эрүүл мэндийн 13 байгууллага 150 сувилагчид нийт 4.1 тэрбум төгрөгийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэг үзүүлжээ. Мөн ЭМЯ Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажилласнаар 121 сувилагч  ипотекийн зээлийн санхүүжилтээр 8.9 тэрбум төгрөгийн зээл авч, шинээр орон сууцтай болжээ. Эрүүл мэндийн 19 байгууллага 1362 сувилагч, тусгай мэргэжилтэнд 2.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж мөнгөн хэлбэрээр олгож, нийгмийн хамгааллаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлсэн байна.

“Сувилагчаа сонсъё” өглөөний уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүд, Монголын сувилагч нарын нийгэмлэг, Монголын сувилахуйн мэргэжлийн холбоо, Японы ЖАЙКА байгууллагын төлөөлөл 60 гаруй хүн оролцож тулгамдсан асуудлаа ярилцаж, цаашид сувилахуйн чиглэлээр зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо хэлсэн.

ХУД-ийн гуравдугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Мөнгөнцэцэг:

-Манай өрхийн эмнэлэг 23 мянган иргэнд эрүүл мэндийн анхан шатны  үйлчилгээ үзүүлж буй бөгөөд 10 эмч, есөн сувилагчтай үйл ажиллагаа явуулдаг. Эмч нарын гурав нь, сувилагчийн тав нь тэтгэвэрт гарсан хүмүүс. Сувилагчийн мэргэжлээр сургууль төгссөн залуус ирдэг ч ажлын ачаалал их, цалин багаас тогтвортой ажиллах нь цөөн. Тогтвортой ажиллуулах нэг хөшүүрэг нь гурван жил тутамд олгодог зургаан сарын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал. Гэвч энэ урамшууллыг тэтгэвэрт гарсан хүмүүст хамаарахгүй гэж байгаа нь хүний нөөцгүйгээс тэтгэвэрт гарсан ч ажлаа хийсээр байгаа бидний насныханд хохиролтой байна. 

Сувилахуйн амьдрал төвийн тэргүүн, Олон улсын Ф.Найтингелийн шагналт, “Глобал удирдагч” их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т.Сүрэнхай:

-Сувилахуйн тусламж үйлчилгээний бие даасан чадварыг хөгжүүлэх шаардлагатай байна. Дэлхий дахинд сувилагч мэргэжлийг бакалаврын боловсролын түвшинд олгодог болсон. Манай улс ч энэ жишгээр явж  байгаа бөгөөд улсын хэмжээнд 13 мянга гаруй сувилагч байгаагийн 50 гаруй хувь нь бакалаврын боловсролтой. Мөн доктор 144, дэд профессор дөрөв, Ф.Найтингелийн шагналт сувилагч ес байдаг. Энэ үзүүлэлтийг анагаахын шинжлэх ухаантай харьцуулбал доогуур түвшинд байгаа. Зүй нь анагаах болон сувилахуйн шинжлэх ухаан хоёр паралел хөгжих ёстой юм.

Тухайлбал, сувилагчийн цалинг эхний ээлжинд 1.5 саяд хүргэх шаардлагатай, сувилагч бол эмчийн шадар туслах гэдэг сэтгэлгээг халж сувилагч нарыг техникийн ажилтан биш шинжлэх ухааны салбарыг хөгжүүлж буй сувилахуйн мэргэжилтэн гэж ойлгоосой, сувилахуйн удирдлагын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, сувилахуйн мэргэжлээр сурч байгаа суралцагчдыг шууд эмч болгодог тогтолцоог эргэж харах, Сувилахуйн хуультай болох, ипотекийн зээлийн шалгуур хэтэрхий өндөр байгааг хөнгөвчлөх боломж бий юу зэрэг олон сэдвээр санал бодлоо хэлсэн. Мөн сувилагчдийн хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд сувилахуйн тусламж үйлчилгээнд сүүлийн үеийн технологийн дэвшлийг ашиглах боломжийг бүрдүүлэх, сувилагч нарыг гадаад, дотоодын сургалтад хамруулах зэргийг анхаарахыг хүслээ.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 92 (7077)