П.АМГАЛАНБАЯР
Түүх, соёлын их авшигтай, их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймаг руу хүлгийн жолоо залав. Нийгмийн дуу хоолой, мэдээ мэдээллийн эх гүүр болсон хэвлэл мэдээллийн байгууллагын орон нутгийн сэтгүүлчдийн V форум ийнхүү биднийг холын замд дөрөө нэгтгэв. Хөгжмийн тансаг хөгийг хүүрнэх, монгол түмний сэтгэлд хоногшсон “Сэрсэн тал” хэмээх гайхалтай бүтээлээр бидний аян замыг хөглөв. Учир нь бидний замыг мялааж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын урлангаар зочилсон юм.
“Орон нутгийн сэтгүүлчдийн V форум амжилттай боллоо
Ийнхүү бид зорьсон газар хан Хэнтий нутагт хөл тавив. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг орон нутгийн сэтгүүлчдийн форумыг энэ жил түүхэн 100 жилийн ой тохиож буй Хэнтий аймгийн удирдлагууд нутагтаа амжилттай зохион байгуулсан юм. Ийнхүү “100 жил-100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулагдаж буй форумд 19 аймаг, нийслэлийн долоон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тавдугаар сарын 4-нд “Орон нутгийн сэтгүүлчдийн V форум” албан ёсоор эхэллээ. Уг уулзалтын хүрээнд Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, тулгамдсан асуудлууд зөвлөгөөнийг зохион байгуулав. Зөвлөгөөний хамтран зохион байгуулагчаар МСНЭ, Хэнтий аймгийн ЗДТГ, Хэрлэн сумын ЗДТГ, Хан Хэнтий чуулга хамтарч ажиллалаа. Зөвлөгөөнд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, ЕНБ-ийн дарга Б.Ууганбаяр, зөвлөх Д.Сайнбаяр, орон нутаг хариуцсан дэд Ерөнхийлөгч Д.Батчимэг, сайт хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Цэсэн тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Мөн энэ удаагийн уулзалт Хэнтий аймгийн 100 жилийн ой, Хан Хэнтий чуулгын 40 жилийн ойтой давхцсан нь бэлэгшээлтэй байлаа. Мөн Хан Хэнтий чуулга аймгуудаар аялан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ.
Энэ үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 21 аймагт 24 салбар зөвлөлтэй. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг гишүүддээ үйлчилдэг, мэргэжлийн эрх ашгийг нь хамгаалдаг 72 жилийн түүхтэй төрийн бус байгууллага. Өнөөдөр Монгол Улсад нийтдээ 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, 4000 орчим орчим хэвлэл мэдээллийн ажилтан, уран бүтээлчид ажиллаж байна гэсэн судалгаа бий. Үүний 150 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэл орон нутагт ажиллаж байгаа сэтгүүлчидтэйгээ жилийн жилд нэг дор цуглуулж уулзалт зохион байгуулж, тодорхой сэдвийн хүрээнд зөвлөлддөг уламжлалтай. Өнгөрсөн жил Дорнод аймгийн МСНЭ-ийн салбар зөвлөл энэхүү уулзалтыг зохион байгуулсан. Энэ удаа орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, анхаарах асуудал сэдвийн хүрээнд V форумаа зохион байгууллаа. Орон нутгийн сэтгүүлчид төдийгүй Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцож буйгаараа онцлог байв. Хоорондоо санал бодлоо хуваалцаж, туршлага, мэдээллээ солилцож буй нь хамгийн өндөр ач холбогдолтой” гэлээ.
Орон нутгийн сэтгүүлчдийн зөвлөгөөний эхэнд Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав “Аймгийн нийгэм эдийн засгийн онцлог үзүүлэлт, Шинэ сэргэлтийн бодлого, Хэнтий аймгийн 100 жилийн талаарх мэдээлэл өгөв. Мөн цахим сэтгүүл зүйн контент боловсруулах, Орон нутгийн Хэвлэл мэдээллийн салбарын маркетинг, “Иргэдийн оролцоот Хэтийн Хэнтий” төслийн тэргүүн туршлага, Орон нутгийн хэвлэл мэдээллийн чиг хандлага, анхаарах асуудал хэлэлцүүлгийг зохион байгуулав. Ийнхүү нэгэн танхимд цугларсан мэргэжил нэгт орон нутгийн сэтгүүлчид ололт, амжилт, тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцсан юм. Энэ үеэр орон нутгийн сэтгүүлчдийн сэтгэгдлийг хуваалцав.
Сүхбаатар аймгийн сургууль бүр өсвөрийн сэтгүүлчдийн клубтэй болжээ
Сүхбаатар аймгийн төлөөлөл Т.Одончимэг нь нутагтаа 12 дахь жилдээ мэргэжлээрээ ажиллаж байгаа бөгөөд SBinfo.mn сайтын эрхлэгчийн алба хашиж буй. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд чадавхжиж, сонин, сайт, телевиз өөрсдийн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулаад хэвшсэн. Төвийн хэвлэл мэдээллийн байгууллагын хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа гээд дэвшилттэй зүйлүүд олон бий. Бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг нь санхүү. Гэхдээ тогтмол үйл ажиллагаагаа явуулаад, олон нийттэй хамтарч ажиллаж чадвал бизнесээ өргөжүүлэх боломж байна гэж хардаг. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг боловсон хүчин. Орон нутагт мэргэжлийн сэтгүүлч, зураглаач найруулагч төгсөөд ажиллах нь бага. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, цалинтай зайлшгүй холбоотой. Тиймээс мэргэжлээрээ төгсөж байгаа хүмүүсийг салбарт нь ажилуулахын тулд анхаарч, орон нутаг ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчдынхаа нийгмийн асуудалд онцгойлон анхаарвал энэ асуудал цаашдаа шийдэгдэх байх гэж хардаг. Мөн бидэнд ямар нэг хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж хомс байдаг. Мэдээж санхүү бол үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн нэг” гэлээ.
Сүхбаатар аймгийн хувьд нэг телевиз, сонин, сайт үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд нэг нэгнээ нөхөж, хоорондоо уялдаа холбоотой ажилладаг аж. Мөн орон нутагтаа хүүхэд багачууддаа мэргэжлээ таниулах сурталчлахын тулд сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн сургууль бүр өсвөрийн сэтгүүлчдийн клубтэй болжээ. Түүнчлэн төрийн бус байгууллагууд нь хажуудаа өсвөрийн сэтгүүлч клубтэй болсон байна. Мөн сониндоо өсвөрийн сэтгүүлч мэдээллэж байна гэсэн булантай болжээ. Энэ нь нутагтаа хэвлэл мэдээллийн байгууллагын боловсон хүчинг бэлтгэх, сэтгүүлчийн мэргэжилд дуртай болгох хөшүүрэг болж буй нь сайшаалтай. Энэ тухай SBinfo.mn сайтын эрхлэгч Т.Одончимэг “Одоогоор боловсон хүчний дутагдалтай байгаа ч гэсэн цаашдаа бидний ирээдүй гэрэлтэй бэлтгэгдэж байгаад баяртай байна” гэсэн юм.
Баянхонгор аймагт гурван телевиз, хоёр сонин үйл ажиллагаа явуулж байна
Хэдэн зуун жил өнгөрсөн ч түүхийн шаргал хуудсанд хадгалагдан үлддэг хэвлэл мэдээллийн үнэ цэнтэй салбарын нэг сонин билээ. Орон нутгийн сонины галыг 46 жил манаж, энэ салбарт тууштай ажиллаж буй “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн П.Санаадагвыг сурвалжлагадаа онцоллоо. 1978 оны наймдугаар сарын 1-нд Баянхонгор аймгийн Ленинийн зам сонины босгоор алхаж ажлынхаа гарааг эхэлжээ. Ленинийн зам сонин Шинэ зам, Баянхонгорын мэдээ, Өнөөгийн Баянхонгор гэсэн түүхэн замналыг өртөөлж 76 жилийг үджээ. Үүний 40 гаруй жилийн түүхийг бичилцэж яваа П.Санаадагва орон нутгийн сэтгүүлчдийн өмнө тулгамдаж буй асуудал, ололт, амжилт, мэргэжлийнхээ сайхан мөн чанарын талаар хуваалцсан юм. Тэрбээр “Сонинд олон ажиллана гэдэг тэвчээр хатуужил нөгөө бодлын гайхамшигтай зүйл гэж боддог. Ард түмэн, нийгэмдээ номын цагаан буянгаар замнаж яваадаа бэлгэшээж, мэргэжилдээ олзуурхаж явдаг. Тууштай ажиллаж байж амжилтад хүрнэ гэдэг чухал зүйл гэдгийг залуучууд маань бодож байх хэрэгтэй.
Баянхонгор аймагт өнөөдрийн байдлаар гурван телевиз, хоёр сонин үйл ажиллагаа явуулж байна. Нийтдээ 15-16 сэтгүүлч ажиллаж амьдарч буй. Нэгэн үед 30 орчим сэтгүүлчтэй болж байсан. Тиймээс орон нутгийн сэтгүүл зүй рүү чиглэсэн бодлогод мэргэжлийн байгууллагууд анхаарах цаг болжээ. Орон нутагт зарим байгууллагууд нь үйл ажиллагаагаа өөрчлөх, зогсоох зүйл ажиглагдаж байна” хэмээв.
Ийнхүү форумд оролцож буй хэвлэл мэдээллийн байгууллагынхан санал бодол, туршлагаа хуваалцаж, үр дүнтэй уулзалт болж буй нь сайшаалтай байлаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн Мэлмий сайтын эрхлэгч С.Сумъяа нутагтаа хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хуваалцав. Өмнөговь аймгийн хувьд хэвлэл мэдээллийн салбарын боловсон хүчнээ бэлтгэж, тулгамдсан энэхүү асуудлыг шийдэхийн тулд 2022 оноос арван оюутанд тэтгэлэг олгож сургасан байна. Энэ жил 15 оюутныг сургаж байгаа аж. Бэлдэж байгаа оюутнуудтайгаа доод тал нь хоёр жил орон нутагтаа заавал ирж ажиллах гэрээ байгуулан ажиллаж буй. Хэрэв нутагтаа ажиллах боломжгүй бол аймгаас олгосон төлбөрөө буцаан төлнө гэсэн гэрээ байгуулжээ. Иймээс бидний боловсон хүчний асуудал шийдэгдэх байх гэсэн өөдрөг бодолтой болсон гэдгийг Өмнөговь аймгийн Мэлмий сайтын эрхлэгч С.Сумъяа онцолж байв. Тэрбээр “Сайтынхаа үйл ажиллагаа явуулахдаа уламжлалт, шинэчлэлтийг хослуулж ажиллах зарчим баримталдаг. Заавал олонд таалагдана гэхээс илүүтэй контент уран бүтээлээрээ дамжуулаад, шийдвэр гаргах түвшний бодлогод нөлөөлөхийг цаг ямагт эрэлхийлдэг” хэмээни ажлын туршлагаасаа хуваалцав.
Дашрамд дурдахад Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий 145 телевиз үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс орон нутгийн 50 телевиз байгаагийн 47 нь өргөн нэвтрүүлгийн, гурав нь арилжааны телевиз байна. Ховд аймагт хоёр телевиз эрхээ авсан байгаа ч одоохондоо нээгдээгүй байна. Харин 21 аймгаас Дундговь, Говьсүмбэр аймагт телевизийн үйл ажиллагаа явагдахгүй байгааг форумын үеэр танилцуулав.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 92 (7077)