Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

Хаврын зэвэргэн салхинд Сэлбэ голын эрэг дагуу 10 орчим насны хоёр хүү шороо, тоос манарган бөмбөг өшиглөн тоглож байснаа эргээд гэр рүүгээ гүйчихлээ. Мөн голын эргийн хажууд өндөр ногоон төмөр хашаатай жижигхэн сагсны талбайд хэсэг хөвгүүд сагсан бөмбөг тоглож байв. Сэлбэ голын эрэг дагуу хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөж дасгал хөдөлгөөн хийх боломжийг олгосон бүтээн байгуулалт нь энэ жижиг сагсны талбай л юм. Манай улсад ногоон байгууламж, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлж спортоор хичээллэх боломжтой талбай маш дутагдалтай. Үүнийг дарга, цэрэггүй мэддэг. Шинээр тохижуулалт хийж талбай байгуулна гэдэг ч нэмэгдсэн нь тоотой хэд. Цаасан дээр бичигдэж үлгэр, домог шиг яригдсаар хэрэгжиж эхэлдэггүй төслүүдийн нэг нь Улаанбаатар хотын дундуур урсах Сэлбэ, Дундголыг тохижуулах төслүүд юм. Тухайлбал, 10 гаруй жилийн өмнөөс л Сэлбэ голын урсацыг сайжруулж тохижуулах төслийг боловсруулж Их тойруугийн гүүрнээс Арслантай гүүр хүртэлх 1.3 километр тохижуулна гэж байсан ч түүнээс 350 метрийг метрийг л тохижуулж байв. Харин өнгөрсөн жил Дамбадаржаагаас Баянмонгол хүртэлх 8.5 километр орчны тохижилт хийж урсацыг сайжруулах “Сэрүүн сэлбэ” төслийг БНХАУ-ын 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон нийслэлийн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болсон. Гэсэн хэдий ч НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрээр Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй болсноор Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар саналаа эргүүлэн татаж төслийн нэгжийг татан буулгаад байгаа юм.

Саарал утаа татарч урин дулаан цаг наашилснаар байгаль дэлхий өнгө нэмэн сэргэх үед нийслэлчүүд хүүхдээ дагуулан салхилдаг газар үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд-уул, Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн гээд тоотой хэд л бий.

Тиймээс Сэлбэ голын эргийг тохижуулж урсацыг сайжруулах нь гэр хорооллын орчин нөхцлийг сайжруулах, иргэдийн дасгал хөдөлгөөн хийж салхилах боломжтой цэцэрлэгт хүрээлэнтэй болох, нийгэм, экологийн олон талын ач холбогдолтой. Сэлбэ гол нь нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй, зуслан, гэр хорооллын дундуур урсаж нийслэлчүүдийн ундаа болсон Туул голд цутгадаг. Тухайлбал, Сэлбэ голын сав газар нийтдээ 30 гаруй мянган газрыг хамарч Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихтэй Санзай, Хандгайт, Баянбулаг, Шаргаморьт, Майхан толгой, Яргайт, Шадивлан зэрэг 10 гаруй зуслан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэдэн мянган айл өрхтэй гэр хороолол бүхий нутгийг дайран өнгөрдөг учраас маш их бохирдолтой. Эдгээр газруудад ч иргэдийн амарч, салхилах талбай, цэцэрлэгт хүрээлэн цөөн.

Энэ талаар СБД-ийн 15-р хорооны иргэн Д.Рэгзэдмаа “Манайх СБД-ийн 15-р хорооны 21 гудамжинд 2000-аад оноос амьдарч байна. Сэлбэ голын хөвөөнд 23 жил амьдарсан бидний хувьд Нийслэлээс Сэлбэ голын эргийг тохижуулж хүүхэд, хөгшид салхилж суух талбайтай болгож өгөхийг хүсдэг. Жил бүрийн хавар сэлбэ голоо аврах, хог хаягдлыг цэвэрлэх аяныг дүүрэг, хорооноос зохион байгуулж хорооны иргэд ч боломжийн хэрээр оролцдог. Яг энэ хавьд Сэлбэ голыг тохижуулсан нь сагсны талбайгаас өөр байхгүй” гэв.

Манайхаас бусад улсууд хотын дундуур урсах жижиг гол, горхио тордож арчлаад иргэдийнхээ амарч зугаалах, дасгал хөдөлгөөн хийх боломжтой бүс болгон тохижуулсан төдийгүй тухайн газар нь аялагч жуулчдыг татсан жуулчдын бүс болсон байх жишээтэй. БНСУ-ын Сөүл хотын төвөөр урсах “Cheonggyecheon” горхины жишээг сонирхуулъя. Энэ гол Сөүл хотын төвд “Jongno” дүүргийн нутаг дэвсгэрээр баруунаас зүүн тийш урссаар Хан мөрөнд цутгадаг горхи юм. Хүн ам нягтаршин суурьшихаас өмнө тунгалаг устай горхи байсан боловч 1953 онд Солонгосын дайн дууссаны дараа хүн амын суурьшлын бүс болж горхины эрэг дагуу оршин суух иргэд ихэссэнээр горхины ус бохирджээ. Тиймээс 1958 оноос “Cheonggyecheon” горхины урсгалыг хааж дээр нь хурдны зам байгуулах ажил эхлэв. 20 жил үргэлжилж  1976 онд дуусгавар болсон төслийн хүрээнд 5.6 километр урт урсах “Cheonggyecheon” горхийг цементэн дор “нууж” хурдны замын хажууд үйлдвэр, худалдааны захууд, Сөүл хотын хамгийн анхны 31 давхар оффис барилга баригджээ. Энэ бүтээн байгуулалт нь тухайн үедээ Солонгосын амжилттай үйлдвэржилт, барилгажилтын үндсийг тавьсан гэж үнэлдэг байв.

Гэвч 25 жил “Cheonggyecheon” горхийг цементэн дор нуусны эцэст Сөүл хотын дарга нийслэлдээ байгалийг эргэн сэргээж иргэд, олон нийтийн амарч зугаалах газрыг байгуулах нь илүү ач холбогдолтойг онцлон, хурдны замыг буулгах ажлыг 2003 оноос эхлүүлсэн байна. 20 жилийн турш барьсан хурдны замаа хоёрхон жилийн дотор нурааж “Cheonggyecheon” горхины байгалийн унаган төрхийг нь эргэн сэргээснээр өнөөгийн төрхөө олсон байна. Одоо энд өдөр бүр 60 мянган орчим иргэд, жуулчид зочлон эрэг дагуу дасгал хөдөлгөөн хийж, залуучууд болздог хөл, хөдөлгөөн тасардаггүй газар болжээ. Түүнчлэн Сөүл хотоос зохион байгуулдаг олон төрлийн фестивал, соёлын уламжлалт арга хэмжээг “Cheonggyecheon”-д зохион байгуулах болсноор жуулчдын хувьд Сөүл хотоор аялахдаа заавал очиж үзэх газраар нэрлэгддэг болсон.

Энэ мэтчилэн олон улсын сайн жишгийг дагаж өөрсдийн боломжинд түшиглэн нийслэлчүүдийн ая тухтай, амьдрах орчныг бүрдүүлэх боломж байна.

Хүрээлэн буй орчин нь хүний амьралын хэв маяг, амьдралын чанар, нойргүйдэл, стресст нөлөөлдөг нь судалгаагаар батлагдсан. Тухайлбал, Хүрээлэн буй орчин ба нийгмийн эрүүл мэндийн олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ногоон байгууламжид нэвтрэх нь хүний амьдралын чанартай холбоотой төдийгүй хүрээлэн буй орчин нь нойрны чанар, стресст нөлөөлж улмаар амьдралын хэв маягт шууд нөлөөлдөг гэж дүгнэсэн байна. Түүнчлэн хотын хүн амын эрүүл мэндийн бодлогыг боловсруулахдаа хүрээлэн буй орчны нөхцөл байдлын үр нөлөөг заавал анхаарч үзэх шаардлагатайг дурджээ.

Цаасан дээрх төслүүдээ хэрэгжүүлж байгалийн нөөцийг түшиглэн Сэлбэ, Дундголын эргийн тохижилтыг гүйцэтгэж урсацыг сайжруулснаар Сэлбэ гол дагуу амьдардаг иргэдийн амьдралын чанар сайжрах, Туул голын усны чанарт эерэг нөлөө үзүүлэх юм.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. МЯГМАР ГАРАГ. № 92 (7077)