Б.БЯМБАЖАРГАЛ

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын 76 гишүүнийг мажоритар, 76-г нь пропорционал аргаар сонгоно гэдэг өөрчлөлтийг оруулсан. Тэгвэл өнөөгийн тогтолцоог өөрчилж УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг жижиглэн худалдаа эрхлэгчид, иргэдийн төлөөлөл эсэргүүцэж байгаагаа мэдэгдэн хэвлэлийн хурал хийлээ. Иргэдийн төлөөлөл С.Мишгээ “УИХ-үүд мэдээлэлд ойр байдлаа ашиглан хөнгөлөлттэй зээлийг хүртэж байна. Төрд итгэх иргэдийн итгэл суларсан учраас тэмцлийн хурц хэлбэрийг сонгож байна. Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлана” гэв.

Түүнчлэн жижиглэн худалдаа эрхлэгч Д.Бурмаа “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн тохиолдолд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хуулийн 29.2 УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэсэн заалтыг хүчингүй болгох хэрэгтэй. Энгийн бизнес эрхлэгчид муу зээлдэгч болоход ямар ч төрлийн зээл, төсөл авах боломжгүй болдог бол УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан учраас шалгаж ч болдоггүй. Бүх хөнгөлөлттэй зээлийг хувааж авдаг. Дүүргээсээ дэмжлэг, тусламж хүсэхэд төсөл бичээд ир гэдэг. Төслөө бичээд банкнаас зээл авахаар заавал үл хөдлөх хөрөнгөтэй байхыг шаарддаг. Ихэнх бизнес эрхлэгчид муу зээлдэгчид жагсаалтад орсон байдаг учраас төсөл бичээд зээл авахгүй боломжгүй болдог” гэсэн юм.

Жижиглэн худалдаа эрхлэгч иргэдийн төлөөллөөс УИХ-ын гишүүдийн тоог 152 болгохыг эсэргүүцэж байгаа 6000 гаруй иргэдийн гарын үсгийг цуглуулаад байгаа аж.

Эх сурвалж: www.zms.mn