Б.ЖАВХЛАН

Сүүлийн 20 жилд манай улс хот хооронд зорчих авто замаа хатуу хучилттай болгосон. Үүнд үндэсний татвар төлөгч болон автозамын салбарын ажилчид хөдөлмөр зүтгэлээ шингээн бүтээн байгуулалтаа хийсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийгдэх авто замын бүтээн байгуулалтад гадны компаниудын оролцоо нэмэгдэж, үндэсний компаниудын үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа аж. Тухайлбал, төрийн худалдан авах ажиллагааны газар болон Зам тээврийн хөгжлийн яамны тендерийн үнэлгээний хорооноос шалгаруулалтыг явуулахдаа үндэсний компаниудыг дүрмийн бус аргаар хасдаг байна.

Энэ тухай Пик девелопмент" компанийн төлөөлөл Р.Батцогт “Монгол Улсын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд бид Дорнод аймгаас Хавиргын боомт хүртэл 124.5 км зам тавих тендер зарласан. Уг тендерт Монголын таван компани, БНХАУ-ын зургаан компани өрсөлдсөн. Гэвч Монголын нэг ч компани шалгараагүй. Энэ оны хоёрдугаар сард нээх ёстой байсан тендерийг үндэслэлгүй хойшлуулсаар дөрөвдүгээр сарын 14-ны өдөр нээсэн. Ингээд энэ сарын 3-нд хариу нь гарахад бүх багцад БНХАУ-ын компаниуд шалгарсан. Үүнийг олон жил үйл ажиллагаа эрхэлсэн үндэсний компаниудын төлөөлөл бид эсэргүүцэж хэвлэлийн хурал зарлаж байна. Хууль зөрчиж хятадуудад давуу эрх олгосон гэж бид хардаж байна. Тодруулбал, дөрөвдүгээр багц дээр шалгарсан компани нь 2023 оны гуравдугаар сарын 23-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны газар буюу tender.gov.mn-д бүртгүүлсэн байсан. Удаа дараа үндэслэлгүй тендер шалгаруулалтыг хойшлуулсан нь энэ компаниа оруулах гэж ийм үйлдэл хийсэн гэж бодож байна. Тиймээс Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын тендер шалгаруулалтыг дахин хянаж бидний гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг шаардаж байна” гэв.

Мөн Монгол компаниуд орсон тендер ямар нэгэн шалтгаанаар хойшилдог байна. Хятад компаниудыг оруулж байж тендерээ нээдэг болсон гэдгийг энэ үеэр хэлж байлаа.

Эх сурвалж: www.polit.mn