Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Сэтгэлд нэг л ойр, яруухан эгшиглэх содон аялгуу. Хязгаар нь үл харагдах сэмжин цагаан үүлстэй цэнхэр тэнгэр, яг л аавын минь нутагт дүнхийх өвгөн уул, тал нутагт давхин өнгөрөх адуун сүрэг, горхины хоржигонох чимээ, өөдөсхөн хүү өглөө эртлэн босоод шилбүүр барин хургандаа гүйх шиг дэндүү амгалан, дэндүү энгийн монгол ахуйг минь. Хорвоогийн жаргал зовлонг хоёрхон чавхдастаа багтаадаг учир морин хуурын аялгуу монгол хүний сэтгэлд дэндүү ойр байдаг биз ээ. Аялгуу эгшиг нь зэмлээд ч байх шиг, ахиулаад сонсохоор аргаад байдаг сэтгэлийн гүнд нэвтрэх увидас бүхэн хуур хөгжмийн татлагад бий. Энэ л хуурынхаа аялгууг эгэл хүн бүхний сонорт үлдээчихсэн, энгүй авьяастан бол Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX Зууны манлай морин хуурч Гомбодоржийн Жамъян агсан билээ. Тэрбээр монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы "Бодол", "Бяцхан дурдатгал", А.Г.Рубинштейны "Аялгуу", П.И.Чайковскийн "Баркороло" зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, төрийн хан хуурч хэмээх эрхэм алдрыг хүртсэн гавьяатай хүн. Өдгөө ч түүний үр хүүхэд, ач зээ нар урлагийн замналаар амьдарч, аав, өвөөгийнхөө алдар нэрийг цуурайтуулж явна. Хуурч Г.Жамъянгийн охин Ж.Цэцгээ Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин билээ. Харин түүний хүү Д.Ариунболд морин хийлч мэргэжилтэй, насаараа УДБЭТ-т ажилласан бол өвөг эцэг Г.Жамъян, эмээ Ж.Цэцгээ, аав Д.Ариунболд нарынхаа араас хөг аялгууг нь таслалгүй, дөрөв дэх үе нь болж, хийлийн аялгууг эгшиглүүлсээр байгаа хүн бол УДБЭТ-ын морин хийлч А.Төгөлдөр юм. Түүнийг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа урьж, хаан хуурын эгшиг, хатан хийлийн аялгуу тасраагүй бахархалт гэр бүл, уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
Төрийн их хан хуурч өвөө Г.Жамъян
УДБЭТ-ын хаалгаар ороход үүднээсээ эхлээд намуухан хөгжмийн аялгуу эгшиглэсээр угтдаг билээ. Ялангуяа эдгээр өдрүүдэд шинэ уран бүтээлийн шуугиан, бэлтгэл тасраагүй үргэлжилж байна. Монголын сонгодог урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичиглэсэн нь У.Шекспирийн “Макбет” дуурь Монголын тайзнаа ирсэн явдал байв. Дэлхийн дуурийн театрын босгыг тодорхойлж, дуурийн дуучдын шандсыг сорьдог энэхүү бүтээлийг итали найруулагч ирж дохисноор үзэгчдийн хүртээл болсон. Тэгвэл энэхүү бүтээлийн симфони оркестрт А.Төгөлдөр морин хийлээ эгшиглүүлсэн билээ. Г.Жамъян хэмээх эгэлгүй авьяастны удмыг үргэлжлүүлж, аялгуу эгшгийг нь тасралгүй авч яваа залуу хөгжимчин өвөөгийнхөө тухай “Би Г.Жамъян өвөөгийнхөө дөрөв дэх үеийн уран бүтээлч, хөгжимчин болсноороо үргэлж бахархдаг. Би жаахан байхаасаа л өвөө, аавынхаа аялгуу эгшиг дунд хүн болсон. Хүүхэд нас минь УДБЭТ-т өнгөрсөн гэж ойлгож болно. Энэ театрт миний эмээ Гавьяат жүжигчин Ж.Цэцгээ, аав Д.Ариунболд, ээж Б.Цэндсүрэн нар насаараа ажилласан бол өдгөө би гэр бүлийнхээ төлөөлөл болж, аялгуу эгшгийг нь авч явна. Би анх зургаан настайдаа Хөгжим бүжгийн консерваторид орж байлаа. Хичээлээ тарж ирээд байнга бэлтгэл хийнэ. Тэр үед өвөө минь байсан л даа. Жижиг өрөөнөөс миний хийлээ тоглохыг чагнана. Хэрэв намайг сайн эгшиглүүлбэл алгаа ташиж, урам өгдөг байж билээ. Тэр л агуу хүний алга ташилтыг сонсож өссөн би ховорхон хувь заяанд төрсөн, азтай хүн гэж боддог” хэмээн дурсамж дэлгэсэн юм. Төрийн их хан хуурч Г.Жамъянгийн намтрыг сийрүүлбэл, тэрбээр Тайж Занын Гомбодоржийн хүү болж Цэцэн хан аймгийн Саруул сум хошуунд 1919 онд "Туг уул" хэмээх газар төржээ. Эцэг нь Тайж хүн байсан тул 1936 онд хэлмэгдэж, баривчлагдаад 1938 онд цаазлуулсан байна. Аавыгаа хорвоог орхиход Жамьян 14 настай үлдсэн байна. Эцэг З.Гомбодоржийгоо баривчлагдсаны дараа тэд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу нүүсэн аж. Г.Жамъян багадаа ааваараа бичиг үсэг, морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, бүр улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан намтартай. Урлагийн сургуульд суралцаж байхдаа Гавьяат хөгжимчин Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр анх оржээ. Тэрбээр монгол ардын аялгуу дуунаас эхлээд дэлхийн сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, энэхүү хөгжмийг Монголд төдийгүй, дэлхийд сурталчилсан хүндтэй эрхэм. Мөн дэлхийн зон олны дөрвөн удаагийн их наадамд морин хууртайгаа оролцож, шагнал хүртсэн удаатай. Түүнийг “Цонхон дээр суусан ялаа” хөгжмийн найруулга болоод сонгодог хөгжмийн бүтээлийг гарамгай хөгжимдөж нэгдсэн концертод амжилттай оролцсон авьяас хөдөлмөрийг нь төр үнэлж, Төрийн шагнал хүртээсэн байдаг. Үүнээс гадна хуурч Г.Жамъян Хөгжим бүжгийн дунд сургуульд 58 жил багшилж, энэ цагийн олон шилдэг хуурчдыг “төрүүлсэн” сурган хүмүүжүүлэгч байв. Энэ хугацаандаа гэрийн хөгжим гэгдэж байсан морин хуурыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургалтын хөтөлбөрт оруулж, мэргэжлийн хөгжмийн зэмсэг болгож, дэлхийд сурталчлахад манлайлан хувь нэмэр оруулсан байна. Г.Жамъян хамгийн сүүлд буюу 1992 онд "Төрийн хан хуур"-ыг залахад тоглож, эгшиглүүлсэн билээ.
Морин хийлч аав Д.Ариунболд
А.Төгөлдөрийн эмээ, хуурч Г.Жамъянгийн охин Ж.Цэцгээ дуурийн дуучин хүн. УДБЭТ-т концертмейстр дутмаг байсан тул хөгжмийн сонсгол сайтай гэсэн 10 гаруй хүүхдийг ийнхүү бодлогоор бэлдсэний нэг нь Ж.Цэцгээ байсан аж. Тэрбээр Римский Корсаковын нэрэмжит Ленинградын консерваторийг 1974 онд төгссөн юм. Ленинградын хөгжмийн дээд сургууль гэдэг урлагийн хамгийн том сүм байв. Төгсч ирээд, УДБЭТ-т томилогджээ. 1970-аад оны үед манай театр дэлхийн сонгодгуудаас тавьчихсан, Азидаа тэргүүлж байсан гэнэ. Ж.Цэцгээ төгсч ирээд Ж.Вердийн “Травиата” дуурийн Виолеттад, “Риголтетто” дуурийн Жильдад дуулах мөрөөдлөө биедүүлсэн аж. Ийнхүү их хуурчийн охин төрөлх театртаа ажиллахдаа том, жижиг 30 гаруй дуурийн гол болон туслах дүрд дуулсан юм. Мөн аавынхаа найруулга “Цэнхэрлэн харагдах уул” дууг дуулсан нь МҮОНРТ-ийн алтан фондод бий. Ж.Цэцгээ аавынхаа тухай “Намайг мэргэжлээ сонгоход аавын нөлөө их байсан. Ээж минь ч хийл хөгжимчин хүн байлаа. Бид эхээс тавуулаа. Би аав ээжийгээ дагаад театрт их очно. Манай гэрээр ч аавын шавь нар байнга ирдэг, хөгжмийн эгшиг тасардаггүй айл байлаа. Харин аав минь их зөөлөн хүн. Биднийг огт загнадаггүй байсан” гэж дурссан байна. Түүний ханийг С.Доржсүрэн гэдэг бөгөөд Эрдэнэт хотын барилгын архитектор байжээ. Тэрбээр Ж.Цэцгээтэй ханилснаар Улаанбаатар хотод суурьшсан байна. Энэ гэр бүлийн бага хүү нь “Камертон” хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт Д.Болд бол том хүү нь өнөөдрийн нийтлэлийн баатар А.Төгөлдөрийн аав Д.Ариунболд билээ. Д.Ариунболдын хувьд өвөө Г.Жамъяныхаа адил морин хуур болоод морин хийлийг төгс эзэмшсэн бөгөөд Хөгжим бүжгийн коллежийг төгссөн юм байна. А.Төгөлдөр аавынхаа тухай “Аав минь УДБЭТ-ын нэгдүгээр морин хийлч байсан. Энэ нь бүх дуурь болоод бүжгэн жүжгийг ганцаараа гоцолж тоглоно гэсэн үг. Ер нь театрт ажиллаж байх хугацаандаа тоглоогүй уран бүтээл гэж байхгүй. Хэдийгээр намайг жаахан байхад бурхны оронд одсон ч хүүхэд насны гэгээн дурсамжин дунд тод үлдсэн байна. Аав минь их няхуур, цэвэрч цэмцгэр хүн байсан. УДБЭТ-ын ажлынхаа хажуугаар хөгжмөө өдөрт заавал давтдаг байсан нь санаанаас гардаггүй. Аавын энэ зан чанар Г.Жамъян өвөөгөөс эхтэй гэж манай ах дүү нар их ярьдаг” гэсэн юм. Д.Ариунболдоос гадна түүний гэргий Б.Цэндсүрэн УДБЭТ-ын симфони оркестрийн үлээвэр хөгжимчин байжээ. А.Төгөлдөр “Аав ээж хоёр минь энэ ягаан байшинд танилцаж, амьдралаа холбосон. Миний бага нас энэ театрт өнгөрсөн. Аав ээжийгээ бэлтгэлтэй үед энэ хавиар сахилгагүйтэж явснаа тод санадаг. Тиймээс миний амьдралыг театраас салгаж ойлгох боломжгүй” гэв. Үүнээс гадна Д.Ариунболдын бага хүү нь мөн хөгжимчин болохоор Хөгжим бүжгийн консерваторийн төгөлдөр хуурын ангийн долдугаар ангид суралцаж байгаа юм байна.
Анх “Уран хас” бүжгэн жүжгийн оркестрт гарсан
Морин хийлч Д.Ариунболдын хүү А.Төгөлдөрийн бага нас УДБЭТ-д өнгөрсөн ч яг албан ёсны хөгжимчнөөр 2018 онд оржээ. Тэрбээр 2003 онд зургаан настай байхдаа Хөгжим бүжгийн консерваторийн морин хийлийн ангид элссэн байна. Ингээд 2015 онд бакалавраа төгссөн аж. Анх сургуульд ороход нь түүнийг Б.Ариунтуяа багш хүлээж авчээ. Түүний дараа н.Даариймаа багш дээр очсон бол Дуламсүрэн багшийн удирдлага дор төгссөн байна. А.Төгөлдөр “Хөгжмийн сургууль бол яг л цэргийн анги шиг дэг журамтай. Олон жилийн уйгагүй бэлтгэл, шантралгүй хөдөлмөрлөсөн хүн л хөгжмийн боловсролыг эзэмшдэг онцлогтой. Мөн асар их тэвчээр, мэдрэмж шаарддаг” гэж онцолсон юм. Түүний хувьд гэрт нь үргэлж морин хийл эгшиглэдэг байсан учир энэ хөгжмийн хөг аялгуунд хүн болж, айзам эгшгээр нь хөглөгдөж өссөн нэгэн. Тиймээс ч балчир наснаасаа аавынхаа хөгжмийг л тоглодог хүн болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан байна. Дөнгөж сургууль төгссөн уран бүтээлчийн хувьд анх Ж.Чулууны “Уран хас” бүжгэн жүжгийн оркестрт гарсан ажээ. Түүнээс хойш “Аида”-гаас эхлээд УДБЭТ-д тоглосон бүхий л дуурь, балетын симфони найрал хөгжмийн оркестрт сууж байгаа юм. А.Төгөлдөр морин хийл хөгжмийнхөө тухай “Энэхүү хөгжмийг хүний хоолойтой хамгийн ойр дуугардаг гэж онцолдог. Хийл хөгжмийг бодвол овор хэмжээний хувьд том. Гэхдээ нарийн, бүдүүн бүхий л аялгууг гаргадаг увидастай” гэсэн юм. УДБЭТ-д А.Төгөлдөрөөс гадна морин хийл тоглодог таван хийлч байдаг юм байна. Энэ нь ч олон улсын оркестрийн стандартад нийцсэн бүрэлдэхүүн аж. “Макбет” дуурийн дараагаар УДБЭТ 60 жилийн ойгоо тэмдэглэх юм байна. Уран бүтээлчид одоогоор энэхүү ойн тоглолтын бэлтгэлийг давхар хийж байгаа юм байна.
А.Төгөлдөрийн хамгийн их нандигнаж, хайрладаг зүйл нь виолончель хөгжим нь юм. Учир нь одоо түүний барьж буй морин хийлийг өвөг эцэг Г.Жамъян нь барьж байгаад хүү Ж.Баярсайхандаа өвлүүлсэн бол тэрбээр эгч Ж.Цэцгээгийнхээ хүү Д.Ариунболдод өгсний дараа аав нь хүү А.Төгөлдөртөө уламжилсан ажээ. Ийнхүү нэгэн удмын дөрвөн хүний гар дамжин эгшиглэж буй учир эрхэм байхаас аргагүй бизээ. А.Төгөлдөрийн хувьд анх 2008 онд сурагч байхдаа Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын шагналыг хүртсэн бол 2010 ондоо энэхүү тэмцээнийхээ тусгай байрын шагналыг хүртсэн байна. Үүнээс гадна 2008 онд ОХУ-ын Улан-Үдэ хотод болсон хөгжимчдийн олон улсын уралдаанд оролцож, гуравдугаар байранд шалгарсан, авьяаслаг, ирээдүйтэй хөгжимчин юм. Тэрбээр олон улсын тайзан дээр эх орныхоо болон аавынхаа нэрийг зарлуулж зогсохдоо аугаа хуурч Г.Жамъянгийн удам гэдгээрээ цаг ямагт бахархаж явдгаа ярьсан юм.
Үнэхээр удам, ген гэдэг үеэс үед өвлөгддөг гэдгийг хан хуурч Г.Жамъян хэмээх саглагар том модны мөчир, нахиа бүрээс харж болохоор юм. Түүний хүүхдүүд болоод ач зээ, ачинцарууд өнөөдөр Монголын рок поп болоод сонгодог урлагийн ертөнцөд хэдийнэ өөрсдийн байр суурийг олж, өвөөгийнхөө алдар нэрийг цуурайтуулсаар байгаагийн нэг нь нийтлэлийн маань баатар Д.Ариунболдын Төгөлдөр билээ. Энэ л уран бүтээлчийн сэтгэл зүрхнээс ундарсан аялгуу эгшигээр дамжигдан Төрийн шагналт, Ардын жүжигчин, XX зууны манлай морин хуурч Гомбодоржийн Жамъянгийн хан хуур, хатан хийлийн эгшиг хэзээд тасрахгүй мөнхөд эгшиглэх нь дамжиггүй ээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 91 (7076)