Баттулгын БЯМБАЖАРГАЛ

 

“Өдөр тутмын сонинуудын эх сурвалжийн 70 хувь, телевизийн 75 хувь нь эрэгтэй” гэсэн судалгааны дүн хэвлэл мэдээллийн салбарт жендэрийн эрх тэгш байдлыг хангаж энэ чиглэлд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатайг илтгэнэ. Ийм ч учраас өнгөрсөн жилээс “Зууны мэдээ” сонин Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлсэн “Мэдрэмжтэй мэдээлье” редакц чадавхжуулах менторшип хөтөлбөрт хамрагдан Их Британийн “BBC” агентлагийн тэгш байдлын 50:50 хөтөлбөрт хамрагдсан анхны сонин болсон билээ. Нийтлэлийн бодлогоо шинэчлэн эх сурвалжийн хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх нийгмийн бүх төлөөллүүдийн дуу хоолойг ижил тэгш хүргэх зорилгоор “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” зэрэг шинэ булан санаачлан ажиллаж байна. Тэгвэл энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс “Хариуцлагатай сэтгүүл зүй: Төлөөлөл, итгэл ба боломжууд” форумыг салбарын сэтгүүлч, чөлөөт нийтлэлч, редакц, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа.

Форумд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын жендэрийн харьцаа, эх сурвалжийн түвшинд хүйсийн эрх тэгш оролцоог хангахаас гадна нийгмийн оролцогч бүх талуудын дуу хоолойг олон нийтэд хүргэж ажиллах талаар хэлэлцэв.

Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Жендэрийн тэгш байдлыг хангахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг олон нийтэд хүргэхийн тулд сэтгүүлчдийн айдасгүй, чөлөөтэй мэдээлэх чадвар нэн чухал, 2022 онд 570 сэтгүүлч жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн сургалтад хамрагдан хэвлэл мэдээллийн контент дахь эмэгтэй эх сурвалжийн дутагдалтай төлөөллийг нөхөх зорилгоор 500 эмэгтэй эх сурвалж бүхий дата сан, мөн 200 гаруй казах эмэгтэй эх сурвалжийн дата санг бүрдүүлсэн” болохыг онцоллоо. Форумаар хэвлэл мэдээллийн салбарт эх сурвалжийн жендэрийн эрх тэгш байдлыг хангана гэдэг нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүйсээр хязгаарлагдах асуудал биш гэдгийг онцолж нийгмийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн дуу хоолойг хүргэх ёстойг онцолсон юм.

Мөн “Интерньюс” олон улсын байгууллагын Жендэрийн төлөвлөлтийн зөвлөх Паула Орландо “Дэлхийн 116 улсыг хамарсан 2020 оны Global Media Monitoring Project-ийн судалгаагаар дэлхийн тэн хагас нь эмэгтэйчүүд боловч мэдээний гол дүр, эх сурвалжийн ердөө 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Ялангуяа улс төрийн мэдээнд эрчүүдийн дуу хоолой давамгайлж байгаагаас улс төрийн асуудал, түүнийг шийдвэрлэх арга замд эмэгтэйчүүдийг орхигдуулж байна гэсэн үг. Мэдээ нийтлэл дэх эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангах үйл ажиллагаа өрнүүлснээр хүйсийн ялгааг жилд нэг хувиар бууруулах боломжтой” гэж салбарын чухал үзүүлэлтүүдийг дурдав.

Тэгвэл “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрт хамрагдсан редакцуудын төлөөллөөс үр дүн, жендэрийн тэнцвэрт байдлыг ханган ажиллаж буй амжилтын түүхээ “Зууны мэдээ” сонины нийгэм, танин мэдэхүйн албаны дарга Ч.Гантулга, “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин, GoGo.mn сайтын сэтгүүлч, зураглаач А.Эрхэмбаяр, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубийн зохицуулагч Б.Баяртогтох, “Завханы мэдээ” сонины эрхлэгч, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Б.Мягмарсүрэн нар хуваалцлаа.

“Мэдрэмжтэй мэдээлье” чадавхжуулах сургалтад хамрагдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл, нийтлэлийн бодлогод мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарсан нь мэргэжлийн салбарын судлаачдын судалгаагаар гарсан байна.

Энэ талаар “Зууны мэдээ” сонины нийгэм, танин мэдэхүйн албаны дарга Ч.Гантулга “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн менторшип хөтөлбөрт хамрагдсанаар манай редакцид олон шинэлэг, ололттой өөрчлөлтүүд гарсан. Жендэрийн эрх тэгш байдлын хувьд илүү мэдрэмжтэй болж, сурвалжлага, нийтлэл бичихдээ гурван түвшний эх сурвалж болоод хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш байлгахыг чухалчилдаг болсон. Мөн цахим орчин хөгжиж буй энэ үед дата бааз дээр буюу өгөгдөл болоод инфографикийг  мэдээ, сурвалжлагадаа ашиглах боллоо. Манай сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” гэсэн хоёр буланг эрхлэх болсон. Харин миний хувьд “Монгол туургатны хэмжээнд 22 эмэгтэй хөөмийч бий” гэсэн сурвалжлага  нийтлүүлсэн. Энэхүү нийтлэлдээ хөөмий хэмээх өвийг тээж яваа Баяржаргал, Ундармаа, Золзаяа гэсэн гурван эмэгтэй хөөмийчийн тухай онцлохоос гадна эмэгтэй хөөмийчдийг чиглэсэн бодлого болоод хөөмийн урлагаа хайрлаж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа тухай албаны буюу сурвалжуудын байр суурийг буюу олон талын эх сурвалжийг хүргэсэн” гэв.

Мөн GoGo.mn сайтын сэтгүүлч, зураглаач А.Эрхэмбаяр “Манай сайтын эрэгтэй,  эмэгтэй эх сурвалжуудын харьцаа харьцангуй зөрүүтэй буюу 10 гаруй нь л эмэгтэй эх сурвалж байдаг байсан. Харин “Мэдрэмжтэй мэдээлье” менторшип хөтөлбөрт хамрагдаж жендэрийн эрх тэгш оролцоог хангахад анхаарах болсноор одоо эмэгтэй эх сурвалжийн тоо нийт эх сурвалжийн 38 хувийг эзлэх болсон байна. Түүнчлэн миний хувьд гэрэл зургийн дуранд хүйсийн тэнцвэрт байдлыг хангах оролцоог тэнцүү байлгахын тулд анхаарч ажиллах болсон” гэж хөтөлбөрийн үр дүнгийн талаар хуваалцав.

Олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх үүргийг хүлээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид жендэрийн мэдрэмж, мэдлэгтэй байж нийгмийн төлөөллийн тэгш оролцоог хангаснаар нэг талдаа уншигч, үзэгчдийн итгэлийг хүлээх давуу талтай төдийгүй нөгөө талдаа нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчилж чадах юм. Түүнчлэн бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч менторшип хөтөлбөрт хамрагдан   жендэрийн эрх тэгш оролцоог хангаж эх сурвалжийн харьцааг 50:50 байлгахаар зорьж ажиллахаа форумаар онцолж байв.

“Мэдрэмжтэй мэдээлье” форумын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл, судлаачдын хэлэлцүүлгээс онцлон хүргэе.

 

“Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал бол залуу боловсон хүчний хомсдол

Дэлхий даяар хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэл буурч байна. Гэсэн хэдий ч цаасан хэвлэл буюу өдөр тутмын сонин мэдээллийг задлан шинжилсэн, дүгнэн тайлбарсан, олон талын эх сурвалжтай мэргэжлийн бүтээлүүдээрээ уншигчдын итгэлийг эргүүлэн олж авах боломжтой гэдгийг судлаачид хэлдэг.

Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарын хамгийн тулгамдсан асуудал бол боловсон хүчний хомсдол. Шинэ Z үеийнхэн тогтмол цаг, ажлын орчинд хандах хандлага нь өөрчлөгдсөн тул манай редакц цахим, офисс хосолсон байдлаар ажлын цагт уян хатан зохицуулалт хийсэн. Өглөөний шуурхай хурлаа Zoom апп ашиглан хийж, үйл явдлаа сурвалжилсан сэтгүүлчид офисстоо ирж бичих гэх мэтээр ажилладаг болсон нь залуу сэтгүүлчдэд тохиромжтой байна.

 

МҮОНРТ-ын гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар: Хэвлэл мэдээллийн салбарын жендэрийн асуудлыг сууриар нь авч үзэх шаардлагатай

-Хэвлэл мэдээллийн салбарын жендэрийн асуудлыг сууриар нь авч үзэх шаардлагатай байгаа нь үнэн. Үүнээс гадна зөвхөн цалин өндөр байх нь мэргэжилтнээ тогтоох арга биш юм. Телевизийн сэтгүүлчээр ажилласнаар зөвхөн тогтсон цалингаар хэмжигдэхгүй олон боломжууд нээгддэг гэдгийг ойлгуулж үүнийгээ сурталчлан хүмүүсээ татах хэрэгтэй. МҮОНРТ нийтлэл, нэвтрүүлгийн бодлогодоо жендэрийн эрх тэгш байдлыг хангахад зөвхөн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр хязгаарлахгүйгээр бусад нэвтрүүлэг, телевизийн хөтөлбөртөө эмэгтэй эх сурвалжуудаас мэдээлэл, байр суурь авч оролцоог тэгш хангахыг хичээн ажиллаж байна. Гэвч нөгөө талдаа хэвлэлд мэдээлэл өгөх эрх бүхй албан тушаалтан, салбарын удирдлагуудын түвшинд эх сурвалжууд эрэгтэй байдаг нь жендэрийн тэгш байдлыг хангахад хүндрэлтэй нэг тал болдог.

 

ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш, дэд профессор Л.Ариун: Жендэрийн оролцоо, нийгмийн төлөөллийг тэгш хамруулах нь бие даасан сэдэв болжээ

-Өдөр тутмын том гурван сонин болох “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”-ы дугаарт судалгаа хийсэн. Жендэрийн оролцоог хангаж нийгмийн төлөөллийг тэгш хамруулах нь бие даасан сэдэв болжээ. Түүнчлэн авилгын тухай асуудлыг бие даасан сэдэв болгож анхаарал хандуулдаг болсон нь судалгааны үр дүнгээр харагдсан. Гурван сонины нийтлэл, тэдгээрийн эх сурвалжид хийсэн судалгаагаар ажиглагдсан нийтлэг нэг зүйл нь аливаа асуудалд эрдэмтэд, судлаачдын эх сурвалжийг түлхүү оруулсан байгаа юм. Түүнчлэн “Зууны мэдээ” сонин залуучууд, жирийн багш, эмч нарын байр суурь, ажил, амьдралын түүхийг шинэ булан болгон тогтмол оруулах болсон нь нийгмийн гээгдсэн дуу хоолойг нөхөж уншигчдын итгэлийг олж авах давуу талтай.

 

Gogo.mn мэдээллийн сайтын ерөнхий редактор Р.Адъяасүрэн: Жендэр бол хэвлэлийнхний хувьд огт тоодоггүй, анхаарлын гадна байсан сэдэв биш

-Хэвлэл, мэдээллийн хүлээн авагч, уншигч, үзэгчид эмэгтэй эх сурвалжуудын байр суурь, асуудалд хандаж буй өнцөг, гаргалгаанд анхаарал хандуулахаас илүү тэдний өмссөн хувцас, гадаад үзэмжийг шүүмжилдэг байдал ажиглагддаг. Тиймээс манай редакцын зүгээс эмэгтэй эх сурвалжуудаа зөвхөн гадаад үзэмжнээс шалтгаалан шүүмжлүүлэхээс сэргийлж зураглаачид маань хэрхэн харагдаж байгааг зөвлөж аль өнцгөөс яаж дүрс авахаа ярилцаж ажиллахыг хичээдэг. Жендэр бол хэвлэлийнхний хувьд огт тоодоггүй, анхаарлын гадна байсан сэдэв биш юм. Өмнө нь манай редакцаас 1-2 сэтгүүлч сургалтад суугаад бусдадаа сонссон, сурснаа түгээхээс илүү редакцаараа чадавхжих сургалтад хамрагдах нь илүү том өөрчлөлтийг авчирч үр дүнд хүрдэг юм байна гэдгийг ойлгосон.

 

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн ахлах багш, доктор Д.Цэнд: Редакц бүр жендэрийн асуудалд анхаарал хандуулбал том өөрчлөлт гарах боломжтой

-Жендэр бол тэгш оролцооны асуудал юм. МҮОНРТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн зургаан сарын 157 дугаарт эх сурвалжийн хүйсийн судалгаа хийсэн. Судалгаагаар 2020 онд эмэгтэй эх сурвалжийн эзлэх хувь ердөө 20 байсан бол энэ үзүүлэлт жил бүр өссөөр 2022 онд 35 хувь болсон. Өөрөөр хэлбэл, мэдээллийн хөтөлбөрт гарч буй нийт эх сурвалжийн 1/3 нь эмэгтэй байгаа юм. Хүйсийн оролцооны тэгш байдлыг хангахад олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Редакц бүр жендэрийн асуудалд анхаарал хандуулахад өөрчлөлт гарах боломжтой.

Фото: Мэдрэмжтэй мэдээлье форум-2023

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 5. БААСАН ГАРАГ. № 90 (7075)