Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
ХХЕГ-ын харьяа Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилчин бүсгүйчүүд Улаанбаатар хотноо чуулга уулзалт зохион байгуулж, тулгамдаж буй асуудал болоод ололт амжилтаа ярилцаж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа тус ангийн бүсгүйчүүдийн тухай онцолж байна.
Чуулга уулзалтад 85 хилчин эмэгтэй оролцов
Монголчууд бид хилийн цэргийн баялаг амжилт, огшим түүхтэй ард түмэн. Монгол Улсын дархан зурвас дээр олон тулгаралт болоход эх орныхоо амар амгалангийн төлөө дайсны өөдөөс сөрж зогссон хилчин баатруудын гавьяаг бид мартах ёсгүй. Хэдийгээр одоо энх цаг ирсэн ч Монголын хилчид нэг хором ч анхаарал сэрэмжээ алдалгүй, тэртээд зурайх хилийн манаандаа хоёргүй сэтгэлээр зүтгэсээр байна. Зарим нь аглаг талд, цавчим өндөр уулын хажууд, хүн амьтнаас хол ч ажил үүргээ нэр төртэй биелүүлж, зориод очсон хүн бүрийг “Монгол Улсын дархан хил тайван байна” хэмээн итгэл төгс илтгэж зогсох нь бахархам. Тэгвэл эдгээр хилчдийг сэтгэл амар ажлаа хийх, албаа гүйцэтгэж, эх орноо хамгаалах боломжийг олгодог хамгийн чухал хүмүүс нь ар гэрийнхэн билээ. Ялангуяа хотоос алслагдсан хилийн ангиудад эр нөхрөө дагаж ирсэн энхрий гэргий нар олон бий. Тэдний нэгээхэн хэсэг нь Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангийн хилчин эмэгтэйчүүд юм. Энэ жил хил хамгаалах байгууллагын 90 жилийн ой болон тус анги байгуулагдсаны түүхт 90 жилийн ой давхцаж байгаа ажээ. Энэхүү ойн баяраа угтаж анх удаа хилчин эмэгтэйчүүдийнхээ уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа нь энэ юм. Тус ангийн Захирагчийн орлогч, сэтгэл зүйн хангалтын дарга, дэд хурандаа П.Хадбаатар “Манай хилчин бүсгүйчүүд ангийн нийт бие бүрэлдэхүүний 20 гаруй хувийг эзэлж байна. Манай анги хилийн зургаан заставтай. Эдгээр заставт ажилладаг хилчин болоод арын алба, үйлчилгээний салбарын 85 эмэгтэй энэ удаагийн чуулга уулзалтад оролцохоор ирлээ. Манай эмэгтэйчүүд хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйлсэд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг онцлогтой. 0165 дугаар ангийн хувьд уулын бүсэд оршдог. Хил хамгаалалтын онцлогоос нь дурьдвал өвөлдөө цас их унаж, зундаа дотоод гадаадын жуулчид өргөнөөр очих нь бий. Өвлийн цагт даваа гүвээ хаагддаг учир хилчид дээрээ очихоос эхлүүлээд хил хамгааллын үүрэг гүйцэтгэхэд жаахан бэрхшээлтэй. Гэхдээ бид үүнийг бэрхшээл гэж бодолгүйгээр үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн” гэв.
Амьдрал гэдэг тааварлашгүй, гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг. Хилийн ангиудад ажиллаж буй ихэнх үүрэг гүйцэтгэгч нар гэр бүлээрээ ажиллах нь бий. Тэднийг судлаад үзэхэд ихэвчлэн эр нөхөр нь хилийн анги руу хувиарлагдахад дагаад ирсэн эмэгтэйчүүд олон. Монгол Улсын халдашгүй дархан байдал, ханийхаа өргөсөн тангараг, гэр бүлийнхээ бат бөх амьдралын төлөө өөрийн эзэмшсэн мэргэжил, хүсэл мөрөөдлөө орхиод хил дээр очих мэдээж хүнд даваа, чанга сорилт.
Хилийн ангиудад 2600 эмэгтэй албан хаагч ажиллаж байна
Хилчин эмэгтэйчүүд гэдэг яг л эр нөхрийнхөө адил Монгол Улсын дархан хил, халдашгүй байдлын төлөө чин сэтгэл, цохилох зүрхээ зориулж чаддаг хүчирхэг бүсгүйчүүд байдаг ажээ. 0165 дугаар ангийн эмэгтэй алба хаагчид ийнхүү чуулга уулзалтынхаа үеэр өөрсдөд тулгамдаж буй асуудал болоод санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж, олон сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм. Энэ үеэр ХХЕГ-ын зүгээс Н.Мөнхчимэг, Ц.Батхишиг, О.Бямбасүрэн, Б.Болормаа зэрэг ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан бүсгүйчүүдийг ХХЕГ-ын хүндэт тэмдгээр шагнаж, урамшуулсан юм. Хилийн цэргийн хэл судлалын хүрээлэнгийн “Хилчин” сэтгүүлийн эрхлэгч, Хилчин эмэгтэйчүүдийн холбооны дарга, ахлах дэслэгч М.Уранбайгаль “Энэ удаагийн эмэгтэй хилчдийн чуулга уулзалт олон онцлогтой. Тэр бүр алслагдсан аймгийн бүсгүйчүүд маань чуулга уулзалтаа хотод хийж чаддагүй. Тиймээс нийтдээ цугларсан дээрээ хоорондоо илүү нөхөрлөхөөс эхлээд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, сургалт, хичээлийг зохион байгууллаа. Үүнээс гадна эмэгтэй хилчдийн ажил мэргэжлийн онцлог болоод хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, бахархалаа тодорхойлсон гээд олон онцлогтой болж байна. Одоогоор МонголУлсын хилийн нийт ангиудад 2600 эмэгтэй албан хаагч ажиллаж байна. Хэдийгээр хилийг хилчид хамгаалдаг гэх боловч тэдгээр хилчдийг сэтгэл амар албаа гүйцэтгэх боломжийг хангаж байдаг нь тэдний гэр бүл, гэргий нар байдаг билээ” гэсэн юм.
0165 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дүн бүртгэгч бага эмч, ахмад Ц.Цэрэндулам:
-Би хил хамгаалах байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165-р ангид 2018 оноос ажиллаж эхэлсэн. Хилийн цэргийн тав дахь ангидаа ийнхүү үүрэг гүйцэтгэж байна. Миний ажил мэргэжлийн онцлог бол хилчдийнхээ эрүүл мэндэд анхаарах. Тиймээс бид байнга үзлэг оношилгоо хийхээс гадна хилээрээ тойрч, бүх үзлэгээ газар дээр нь очиж хийж байна. Баян-Өлгий аймаг олон ястан, үндэстэн амьдардаг, байгаль, цаг агаар, ёс заншилын хувьд их өвөрмөц. Би хил хамгаалах байгууллагад ажилласнаар заяаны ханьтайгаа учирсан. Миний хань хилийн 0285 дугаар ангид шилжиж ирсэн ахлах дэслэгч хүн байлаа. Тэр цагаас эхлээд ханьтайгаа хамт хилийн манаанд зогссоноороо үргэлж бахархаж явдаг. Хил дээр ажиллаж буй бүсгүйчүүдийг харахад ихэнх нь ханийгаа дагаж ирээд, ажил мэргэжлээ сольж хилчин болсон нь элбэг. Тэд их сэтгэлийн тэнхээтэй. Хилийн ангид ажилласнаар ганцхан нөхөртөө бус ангийн нийт бие бүрэлдэхүүнд санаа тавьж, хилийн манаанд хамт зогсож байгаа нь хүндэлж, бахархах мэдрэмж төрүүлдэг.
0165 дугаар ангийн Захиргаа удирдлага, хүний нөөцийн тасгийн ахлах офицер Т.Туул:
-Би хил хамгаалах байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна. Би багш мэргэжилтэй ч нөхрөө дагаад хилийн цэргийн хүн болсон доо. Миний хань Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд Увс аймгийн 0145 дугаар ангийн гуравдугаар застав руу томилогдоход нь чимодантай хувцсаа аваад хамт дагаж ирсэн. Тус цэргийн ангид очиход том хүүхэд маань ой хүрч байлаа. Ингээд ангийн зүгээс манай гэр бүлд хоёр өрөө байр гаргаж өгөөд намайг зочид буудлын эрхлэгч гэсэн орон тоон дээр ажилд томилсон. Ингээд тус ангид ирж буй хүмүүсийг хүлээж авч, хоол цай хийх, үйлчлэх үүрэгтэй ажиллаж байлаа. Энэ хугацаанд хилийн цэргийн алба хүнийг ямар ч ажил албанд хөрвөж чадах мэдлэгтэй, сэтгэлзүйн хувьд хүчирхэг болгодог гэдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Одоо ч манай 0165 дугаар ангид залуухан офицерууд гэр бүлийн хамт ажиллахаар ирдэг. Миний хувьд яг л тэдний адил ханиа дагаж ирээд, энэ амьдралыг биеэрээ туулчихсан учир гэргий нарт нь өөрийн чадах бүхнээ зааж сургаж, зөвлөхийг хичээдэг. Ингээд алс баруун хязгаарын хилчин бүсгүйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа ХХЕГ-ын удирдлага, 0165 дугаар ангийн удирдлагуудад нийт хилчин эмэгтэйчүүдийнхээ өмнөөс баярлаж, талархсанаа илэрхийлье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 89 (7074)