Баттулгын БЯМБАЖАРГАЛ
Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индекс сүүлийн 10 жилийн турш уруудан ухарсаар дэлхийн 180 орноос 90-т эрэмбэлэгдэж байсан бол энэ жил хоёр байраар урагшилжээ. Тухайлбал, жил бүрийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр “Хил хязгааргүй сурвалжлагчид” \RSF\ байгууллагаас хэвлэлийн эрх чөлөөний индексийг зарладаг. Энэ жил манай улс урагшилсан тоо харсан ч “мэдэгдэхүйц асуудалтай” ангиллаас гараагүй хэвээр байна.
Тэгвэл хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллага, эвлэл, холбоод энэ жил анх удаа хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрх, эрх чөлөөний эрх зүйн зохицуулалтын орчин, сэтгүүлчийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн хариуцлагын асуудлыг ил тодоор ярилцан дуу хоолойгоо хүргэлээ. Ухарсан шалтгаанд улс төр, хууль эрх зүйн орчин, хэвлэл мэдээллийн байгууллагын санхүүжилт зэрэг асуудал нөлөөлж буйг салбарын судлаачид хэлж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш Т.Есөн-эрдэнэ:
-Юнеско-гоос сүүлийн 30 жил буюу 1980-аад оноос хэвлэл мэдээллийн хэрэглэгч, хүлээн авагчдын суурь боловсролыг анхаарч ярих болсон. Нэг талдаа хэвлэл мэдээллийн технологи, мэргэжлийн үйл ажиллагаа хурдтай хөгжиж байгаа боловч нөгөө талд мэдээллийг хүлээн авагч иргэд, олон нийтийн мэдлэг хоцорч байгааг анхаарах шаардлагатай. Сошиал сүлжээ, худал мэдээлэл идэвхжсэн энэ үед иргэдийн хэвлэл мэдээллийн боловсролын тухай ярихгүйгээр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярих аргагүй юм. Иргэд, олон нийт уламжлалт сэтгүүл зүйн мэргэжлийн бүтээлээс илүүтэйгээр хувь хүний үзэл бодол, сэтгэл хөдлөл хэт давамгайлсан мэдээллийг хэрэглэх болсон нь судалгааны үр дүнгээр харагдсан. Тэгэхээр сэтгүүлчид зөвхөн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж мэдээлэл бэлтгэн түгээхээс гадна уншигч, сонсогчоо бэлдэх, анхаарах шаардлагатай болоод байна.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар:
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 30 жилийн ойн өдрөөр Монгол Улсад хүний эрхийн болон хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эвлэл, холбоодууд анх удаа нэгдэн тэмдэглэж байна. Сэтгүүлчид иргэд, олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажиллаж ирсэн. Тэгвэл мөн өөрсдийнхөө төлөө дуу хоолойгоо нэгтгэж дуугарах цаг болсон гэж үзээд төв талбайд эв санааны тайван жагсаалыг хийлээ. Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй нийт хуулийн 14-15 хуульд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээгээр хязгаарласан боомилсон зүйл заалтууд байгаа учраас хэвлэлийн эрх чөлөөний индекс жил бүр ухарсан дүнтэй байна. Тэгэхээр хэвлэлийн эрх чөлөөг сайжруулахын тулд хууль эрх зүйн өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид дурдаж байна. МСНЭ, Монголын хуульчдын холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд хуульчдын тусгай баг гарган хууль эрх зүйн орчны төслөө боловсруулан эрх баригчдад хандахаар санал солилцож байна. Хууль, эрх зүйн орчноо бүрдүүлж одоогийн хязгаарлалтуудыг өөрчилж чадвал хэвлэлийн эрх чөлөөний байдал дээшлэх боломжтой.
МУИС-ийн Сэтгүүл зүй, Олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Наранбаатар:
-Хэвлэлийн эрх чөлөөний өдөр бол хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, ажилтан төдийгүй иргэд, олон нийтэд хамаатай өдөр юм. Энэ өдөр Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл, байдал аль түвшинд байгааг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгч тулгамдаж асуудалдаа шийдэл, гарц гаргалгаа хайдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс төрөөс хараат бус оршихын тулд санхүүжүүлтыг бүрэн шийдэх ёстой. Энэ талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгч, судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, Мэргэжлийн редакцууд мэдээллийн том орон зайн урсгалд өөрсдийн бүтээлийн чанараараа ялгарч уншигч, үзэгчдийн итгэлийг хүлээж чадвал редакц руу урсах мөнгөн урсгал цэвэршинэ. Энэ нь ч ардчилсан чөлөөт зах зээлийн үндсэн зарчимд нийцэх талаар хэлэлцүүлэгт дурдлаа. Мэргэжлийн судлаач хувьд үүнтэй санал нэг байна. Манай улс ардчилсан чөлөөт зах зээлтэй улсын хувьд зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмаараа мэргэжлийн редакцууд чанартай бүтээлээр ялгаран гарч зах зээлээс том “халбагаддаг” байх нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ нөхцлийг бүрдүүлэхэд нөгөө талдаа уншигч, үзэгчдийн хэвлэл мэдээллийн боловсролтой холбогддог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, мэдээлэл авах боломж ихсэх тусам уншигч, үзэгчид үүний дунд төөрөлдөж байна. Тиймээс хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө иргэд өөрсдийн мэдээлэл авах эх сурвалжаа баталгаажуулах, нухацтай ханддаг байх, мэдээллийн чанарыг үнэлж ялгаж чаддаг болгож төлөвшүүлэх шаардлагатай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 89 (7074)