Б.БЯМБАЖАРГАЛ

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас Үндсэн хуулийн талаарх мэдлэг төрийн албан хаагчдын дунд хангалтгүй гэсэн судалгааны үр дүн гарсан талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус ТББ-аас Монгол Улсын үндсэн хуулийг өөрчлөхтэй холбоотойгоор үндсэн хуулийн мэдлэг ямар байгаа талаар орон даяар төрийн байгууллагын албан хаагч болон иргэдийн дунд судалгаа явуулсан байна. Судалгаагаар 80 гаруй хувьд үндсэн хуулийн мэдлэг дутмаг гэсэн үр дүн гарчээ. Тэдний төлөөлөл “Бид сүүлийн 30 жил мэдэх ёстой зүйлээ мэдэхгүйгээр амьдарч иржээ. Цаашид яаж талцаж хуваагдахгүйгээр нийгмийн баялгийг шударгаар хуваарилдаг улс орон болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Иргэд үндсэн хуулийн дутуу ойлголт, мэдлэгтэй байгаа нь өөрсдийн эрхийг мэдэхгүй байгаатай адил. Ингэснээр өөрсдийн эрхзүйн байдлаа улам дордуулж байна. Тэгэхээр иргэд өөрсдийн хувь заяа, амьдралд эзэн болохын тулд үндсэн хуулийн дугуйлан төслийг анхаарч хэнээс ч хараат бусаар зөв шийдвэр гаргаж чадахуйц мэдлэг, мэдээлэлтэй болох шаардлагатай байна” гэдгийг онцлов. 

Мөн тэдний зүгээс үндсэн хуулийн төслийг улс төржүүлэхгүйгээр анхаарал хандуулж иргэдийг хуулийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг уриаллаа. 

Эх сурвалж: www.zms.mn