П.БАЯР

 

Нийслэлийн нэгдүгээр сургуулийн  түүхт 100 жилийн ойн  нэрэмжит улсын математикийн  59-р олимпиад амжилттай болж өндөрлөлөө.  Энэ жил 21 аймаг, нийслэлийн 244  багш, сурагч оролцжээ.  Мөн орон нутгаас зургаан жилийн дараа алтан медаль хүртснээрээ онцлог байв. Тодруулбал, Увс аймгийн оролцогчид нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэн гэдгийг Монголын математикийн олимпиадын хорооны гүйцэтгэх захирал Н.Батбаясгалан онцоллоо.  Олимпиадад олон улсад хоёр удаа  оролцож хүрэл  медаль хүртсэн н.Энэрэлт 42 онооноос 41 оноо авсан байна. 

Олимпиадаас хүрэл  медаль хүртсэн Нийслэлийн 11-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч  О.Тэнгис “Би улсын математикийн олимпиадад гурав дахь жилдээ оролцож байна. Анхны медалиа хүрэлээр эхлүүллээ. Дараа жил  медалийнхаа өнгийг хувиргаж алт болгоно гэж бодож байна.  Энэ жилийн өрсөлдөгчид хүчтэй байлаа.  Дараагийн жилүүдэд цаг хуваарилалт их чухал юм байна гэдгийг ойлгосон” гэсэн юм.  Харин О.Тэнгисийн багш Б.Мөнх-Эрдэнэ “Улсын математикийн олимпиад бол хамгийн том шалгуур байдаг. Мөн олон улсын олимпиадад эх орноо төлөөлж оролцох зургаан  хүүхэд  эрхээ  авлаа. Үүнд 11 дүгээр сургуулийн хоёр хүүхэд багтсан.  Энэ нь улсын сургуулийн хувьд  том амжилт гэж  хэлж болно.  Энэ жил манай сургууль олимпиадын 27 медалийн долоон медалийг нь авлаа.  Өнөөдөр олимпиад дууссан ч хүүхдүүд маань үргэлжлүүлээд бэлтгэлдээ орно” гэв.

Дашрамд дурдахад Нийслэлийн нэгдүгээр сургууль нь  1923 оны  хоёрдугаар сарын 16-нд  Монгол Улсын анхын  “Дунд сургуулийн танхим” нэртэй  байгуулагдаж байсан түүхтэй.  1933 онд  “Үлгэр жишээ дунд сургууль”,  1938 онд  “Ерөнхий боловсролын дунд сургууль”,  1941 онд  “Маршил Чойбалсангийн  нэрэмжит нэгдүгээр дунд сургууль”,  1965 онд “Лаборатори  нэгдүгээр сургууль”, хожим “ Нийслэлийн нэгдүгээр сургууль” хэмээн  нэрлэх болжээ.  Ийнхүү тус сургууль Монголын орчин цагийн боловсролын хөгжилд  эрдмийн хэтийг  цахиснаас хойш  100 жилтэйгээ золгож байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)