П.АМГАЛАН

 

Танхимд  үлэмж тансаг “Үлэмжийн чанар” дуунаас эхлээд  монгол түмний түүхэн он цагийн үнэ цэнийг агуулсан олон гайхалтай бүтээлийг монгол бичгээр буулгасан байв.  БШУ-ны сайд Л.Энх-Амгалан,  Соёлын сайд Ч.Номин, Соёлын дэд сайд  М.Батбаяр, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан гээд  утга уран зохиол, хэл шинжлэлийн төлөөлөл болон түүчээ болсон хүүхэд залуучууд танхимд цуглажээ. Ийнхүү тэд эх хэл гэсэн үнэт сэжмээр нэгэн танхимд  цугласан нь энэ. Монгол түмний оршин тогтох үндэс, үнэ цэнийг агуулсан  өв соёл бол эх хэл. Бид хэл, хил, мал гуравтайгааа байхад, хэн баян монгол баян хэмээдэг ард түмэн.  Монгол хэмээх ондоошлыг тодотгосон эх хэлээ  хайрлан,  суртчлан түгээх нь бидний эрхэм үүрэг билээ. Тиймээс  Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны  сайдын тушаалаар  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ийг хэрэгжүүлэх арга хэмжээний  төлөвлөгөөг дөрвөн зорилтын хүрээнд  гаргасан. 2015 онд эх бичгийн тухай хууль батлагдаж  2025 онд  хос бичигтэй ард түмэн болох, төрийнхөө  албан бичгийг хос бичгээр   хөтлөх 10 жилийн зорилт  тавьсан юм. Ийнхүү тавдугаар сарын эхний долоо хоногийг  үндэсний бичиг үсгийн баяр болгон  тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Ийнхүү түүхийн хуудаснаа нэгэн дурьдатгал  бичиж, энэ жилийн үндэсний  бичиг үсгийн  баярын нээлт “Чингис хаан”-ы музейд боллоо. Мөн  “Монгол үндэстэн” үзэсгэлэнг дэлгэж олны сонорт хүргэснийг сурвалжлав. Үзэсгэлэнг Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх, БШУЯ,  Соёлын яам, Цахим хөгжил харилцааны яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, БЕГ хамтран зохион байгуулж буй.

 

Төрийн албан хаагчдын 140 гаруй нь анхан шатны  монгол бичгийн мэдлэгтэй

Үндэсний  бичиг үсгийн  баярын эхэнд морин хуурын  тансаг хөг аялгуу,  “Эрдэнэ засгийн унага” уртын дуу эгшиглэж,   утга төгөлдөр аялгуугаар  хүрэлцэн ирсэн зочдын сонорыг мялаав.  Энэ үеэр Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.ЭнхАмгалан “БШУЯ, Соёлын яам, Цахим хөгжлийн яам хамтарч  “Монгол бичгийн  үндэсний  хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.  Энэ хөтөлбөрийн хүрээнд  Цахим  хөгжлийн яам, Соёлын яам хамтран  монгол бичгээ хялбар аргаар суралцах боломжийг залуучуудад олгох зорилгоор аппликейшнүүдийг  танилцуулж байна. Судалгаагаар   200 гаруй  төрийн албан хаагчдын 140 гаруй нь анхан шатны  монгол бичгийн мэдлэгтэй болжээ. Нийт төрийн байгууллага, албан хаагчдын 53 хувь монгол бичгээ хос бичиг болгож хэрэглэхэд бэлэн байна гэсэн судалгаа гарсан. Энэ бол багагүй амжилт, үндэс суурь бүрдэж  байна гэж ойлгож болно.  Мөн хамгийн гол асуудлын нэг бол олон жил ойлголцохгүй яваа Монгол, Өвөрмонгол, Буриадуудын хэрэглэж байгаа монгол бичгийн стандарт. Үүнийг нэг систем  дээр унших, хөрвүүлэх тохиргоог хийж байгаа.  Мөн төрийн  болон хувийн байгууллага, байгууллага,   гудамжны  хаягыг монгол бичгээр  бичих стандартууд батлагдсан” гэлээ.

Мөн “Монгол  бичгийн үндэсний  хөтөлбөр III” үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжиж эхэлжээ.  Тодруулбал,  Монгол бичгийн хэрэглээний  орчныг бүрэн бүрдүүлэх, монгол бичигт сургах ажлыг эрчимжүүлэх, шинэ шатанд гаргах  үр дүнд хүргэх, албан хэргийг кирилл болон монгол бичгээр  хөтлөн явуулах,  цаашид монгол бичигт бүрэн шилжих эрх зүй, технологийг орчин бүрдүүлж, бэлтгэл хангах, монгол бичгийн  сургалт,  судалгаа сурталчилгааны  ажлын агуулга,  арга хэлбэрийг боловсронгуй болгох  зорьж буй.

 

 “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд 15 жил тасралтгүй байр эзэлсэн

Мөн энэ үеэр үндэснийхээ бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд хүндэтгэл үзүүлж “Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналыг гаруулсан юм.  Энэ үеэр  уг шагналын эзэн Архангай аймгийн хэлний бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Энхгэрэлийн сэтгэгдлийг хуваалцсан юм.  Тэрбээр “ Манай аймгийн хүрээнд бүх байгууллагууд монгол бичгээ сурахаар зорилт тавьсан.  Уг ажлын хүрээнд тавдугаар сарын 1-нээс крилл, монгол бичгийг хослуулан албан бичгээ хөтөлж байна. Эхэндээ бага зэрэг бэрхшээл  үүссэн. Хүмүүс монгол бичгээ тодорхой хэмжээгээр  мэддэг боловч албан бичиг хөтлөх үед илүү гүнзгийрүүлэн судлах шаардлага үүсэж байна. Тиймээс төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн сургалт, компьютер дээр монгол бичгээр бичих сургалтыг явуулж байна.  Миний хувьд  аймгийнхаа нэг багштай хамтран төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн  I, II боть анхан, дунд шатны ном хэвлүүлсэн.  Хүмүүс аль болох цаг заваа хэмнэж бие дааж сурах  сурах боломжийг  бүрдүүлж өгөхөөр  ажиллаж байна.  Энэ жил Монголын сайхан бичигтэн улсын уралдаанд XII ангийн ангилалаас манай аймгийн сурагч тэргүүн байр эзэлсэн.  Мөн олон улсын  монгол бичгийн уралдаанд гурав болон тусгай байранд  орсон гээд амжилт дүүрэн байна. Манай аймгийнхан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд 15 жил тасралтгүй байр эзэлсэн амжилттай.

Мөн Архангай аймгийн Хайрхан суманд “Хайрхан бичигтэн” гэсэн монгол бичгийн аян өрнөж байна.   Миний хувьд Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй.  1994-2005 он хүртэл  аймгийнхаа “Хүмүүн цогцолбор III” сургуульд багшаар ажилласан” гэсэн юм.

“Монгол үндэстэн” үзэсгэлэнд  монгол бичгээр урласан олон гайхалтай бүтээлүүдийг дэлгэсэн байв. Үүний нэг нь Нийслэлийн 29-р сургуулийн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн  монгол бичгээр буулгасан  бүтээл байв.   Эдгээр сурагчдын багшаар ажиллаж, монгол бичиг зааж сургасан  бийрэн бичгээр хичээллэдэг Р.Эрдэнэболортой ярилцсан юм. Тэрбээр “Нийслэлийн 29-р  сургуулийн сонсголын бэрхшээлдтэй хүүхдүүдэд нэг жилийн турш соёлын яамнаас  хөтөлбөр боловсруулаад монгол бичиг, бийрэн бичгийн сургалт зохион байгуулсан. Хүүхдүүд маань   үзэсгэлэнгээ гаргаад бичиг үсгийн баяраа тайлагнаж байгаад баяртай байна.  Анх удаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж үзсэн. Энэ хүүхдүүдэд туслах юм сан гэсэн хүсэл эрмэлзэл  миний сэтгэлд үргэлж байдаг байсан. Тусгай хэрэгцээтэй хүмүүстэй харьцахад чин сэтгэл их чухал санагдсан.   Эхэндээ хүүхдүүдээ өрөвдөөд нууцаар уйлдаг байлаа.  Сүүлдээ  нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйд тус дэм болох юм сан гэж  бүхнээ дайчилж ажилласан. Бийрэн бичлэгээр бичихэд удаан хугацаанд суух шаардлага гардаг. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд маань ярихдаа хийж гэж байгаа зүйлээ орхиж яриагаа үргэлжлүүлдэг онцлогтой. Хүүхдүүд маань  нэг жилийн хугацаанд хичээнгүй бичгийн жижиг, том бийрээр бичиж сурлаа” гэсэн юм. Тэрбээр мөн үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгчээр шалгарсан юм.

 Ийнхүү үзэсгэлэнд “Монгол үгний тайлбар бичиг, тэргүүн бичиг”, “Арван долоодугаар  оны бүх хүн ам, хөдлөх үл хөдлөх хөрөнгийг тодорхойлсон  данс” “Монгол үсэг сурах бага хөвгүүдийн  сурлагыг удирдах мөрийн бичиг хэмээх цагаан толгой оршив”   гээд түүхэн он цагийн тухай өгүүлэх 1920-иод оны түүхэн  ном товхимлыг дэлгэсэн байв.

Үндэсний хэл бичгийн баярт хүрэлцэн ирсэн хүмүүсийн сонирхлыг татаж байсан үзэсгэлэнгийн нэг  уламжлалт  хэв шинжээ агуулсан эвлүүлдэг тоглоом үйлдвэрлэдэг  “Оньсхонхүү” брэнд байв.  Тус хамт олон бүтээгдэхүүнийхээ тухай савлагаан дээр монгол бичгээр  буулгадгаараа онцлог байлаа. 2015 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Оньсхонхүү” брэнд 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Жишээлбэл, эвлүүлдэг эмээл, газрын зураг, морин  хуурыг хийж хүүхдүүдэд тоглоомоор дамжуулж үндэсний өв соёлоо танин мэдэх боломжийг олгож буй нь сайшаалтай.

Фото: Үндэсний бичиг үсгийн баяр Монгол бичигтэн үзэсгэлэн нээгдлээ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)