Базарбямбын НЯМСҮРЭН

 

Узбекстан, Пакистан, Турк, Азербайжан, Литва, Франц зэрэг 12 улсын төлөөллөөс бүрдсэн олон улсын сэтгүүлчдийн баг Бүгд Найрамдах Казахстан Улсын Ард түмний Үндэсний Ассамблейг сурвалжлахын зэрэгцээ тус улстай танилцахаар зочилсон юм.

БНКУ-ын хувьд ерөнхийлөгчийн засаглалтай, хоёр танхим бүхий парламентын тогтолцоотой. Улсын нийслэл нь Астана боловч хамгийн том хот болох Алматыд 2,2 сая хүн амьдардаг.

Манай улс Казахстан хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын худалдааны эргэлт 20 орчим сая ам.долларт эргэлдэж байна.

 

АССАМБЛЕЙ НЬ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЭЛД ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

 

1992 онд тусгаар тогтнолоо зарласан БНКУ-д казахуудаас гадна орос, украйн, узбек зэрэг 130 гаруй үндэстний төлөөлөл ажиллаж, амьдарч байна. Нэгэн улсын харьяанд амьдарч байгаагийн хувьд үндэстэн ястнуудын үгийг сонсох, төрийн байгууллагуудад тэдний төлөөллийг багтааж дуу хоолойг хүргэх нь Ассамблейн гол үүрэг юм. Тиймээс 1995 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Назарбаевын санаачлагаар анхны хуралдааныг зохион байгуулж байсан түүхтэй. Тиймээс Ард түмний Ассамблей нь үндэстэн хоорондын эв нэгдлийг хангах, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих, угсаатны соёлын болон бусад олон нийтийн холбоодын үйл ажиллагааны уялдааг бий болгох, ард түмний үндэсний хэл соёл, уламжлалыг сурталчлах, хөгжүүлэх үндсэн үүрэгтэй юм.

Ерөнхийлөгчийн дэргэдэх энэхүү томоохон институцийн бүтцийг дотор нь задлавал, Ассамблейн чуулган, Ассамблейн зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газар, мужуудын болон олон улсын зэрэглэлтэй хотуудын чуулган зэргээс бүрддэг.

Ассамблейн тэргүүн нь Казахстаны ерөнхийлөгч байхаар хуульчилжээ. Чуулган 394 гишүүнтэй. Ассамблейн нэг гол эрх нь олон үндэстний эрх ашгийг хамгаалах үүднээс парламентад өөрийн төлөөллөө илгээдэг. Өмнө нь парламентын доод танхим болох Мажилистэд есөн гишүүн тус ассамблейгээс сонгогддог байсан бол Үндсэн хуульд өөрчлөлт орсноор дээд танхим Сенатад таван төлөөлөлтэй болсон байна.

Сенатын гишүүд намын жагсаалтаар сонгогддог бөгөөд Ерөнхийлөгч эрх мэдлийнхээ хүрээнд 10 сенатыг томилох эрхтэй. Тэдний тав нь Ард түмний Үндэсний ассамблейгээс томилогддог байна.

Энэ удаагийн Ассамблейн хувьд тус улсад өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтэй давхцаж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Тиймээс ч ерөнхийлөгч К.Ж.Токаев Ассамблейн нээлтийн үеэр улс орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн иргэддээ нийгэм, улс төрийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ улс оронд өрнөж буй өөрчлөлтийг дэмжиж байгаад талархал илэрхийлж байв.

 

ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

 

Өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын ерөнхийлөгч К.Ж.Токаев улс төр, нийгмийн томоохон шинэчлэл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаа мэдэгдсэн. Үүний дараа Ерөнхийлөгчийн болон Парламентын ээлжит бус сонгуулийг явуулаад байгаа. Энэхүү сонгуулийн үр дүнд өдгөө 69 настай Ерөнхийлөгч К.Ж.Токаев долоон жилээр сонгогдох анхны ерөнхийлөгч болсон билээ.

1991 оноос 30 гаруй жил  улс орноо удирдсан өмнөх ерөнхийлөгч Н.А.Назарбаев насан туршдаа ерөнхийлөгчөөр ажиллах хууль баталж, тухайн үед дэлхий дахинд томоохон дуулиан болж байв. Тэгвэл одоо өрнөж буй улс төр нийгмийн өөрчлөлтөөр энэхүү хуулийн заалт үгүй болж, ерөнхийлөгч нь нэг удаад долоон жилээр ард түмнээс сонгогдох болсон нь Үндсэн хуульд хийсэн хамгийн том шинэчлэл болж чаджээ.

Мөн парламентын доод танхимын сонгуулийг 30 хувь мажоритар, 70 хувь пропорциональ гэсэн холимог тогтолцоогоор явуулсан нь тодорхой үр дүнд хүрсэнийг Сенатад зөвлөх хуучин сенатуудын клубын гишүүд ч бидэнтэй уулзах үеэрээ онцолж байлаа. Ялангуяа Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувь байхаар босго тогтоосон байна. Ингэснээр өнгөрсөн гуравдугаар сард болсон мажилис буюу парламентын доод танхимийн сонгуулийн дүнд зургаан намын төлөөлөл сонгогдож, эмэгтэйчүүдийн эзлэх хувь ч өмнөх жилүүдээс хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. 

 

ШИНЭ ХУУЛИАР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ 30 ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛСЭН

         

Бирганым Айтимова

Манай улсад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Сонгуулийн хуулийг өөрчлөх талаар ид хэлэлцэж байна. Тэгвэл БНКУ Сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, шинэ хуулиар парламентын сонгууль явуулаад удаагүй байгаа. Энэхүү Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар Казахстаны анхны эмэгтэй Ерөнхий сайдын орлогчоор томилогдож байсан Бирганым Айтимоватай цөөн хором ярилцсан юм.

Тэрбээр эх орноо төлөөлөн НҮБ-д байнгын төлөөлөгчөөр, Израйль, Итали, Малта, Грек, Кубад Элчин сайдаар ажиллаж байжээ. Мөн Аялал жуулчлал, залуучуудын сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар хоёр удаа томилогдож байсан. Сенатын гишүүнээр ажиллаж байхдаа Соёл, боловсролын байнгын хорооны даргаар ажиллахын зэрэгцээ Казахстаны Ерөнхий сайдын орлогч анхны эмэгтэй болж түүхэнд бичигдсэн байна. Тэрбээр одоо Сенатын дэргэдэх өмнөх сенаторуудын хамтран байгуулсан зөвлөх клубт ажиллаж улс орныхоо хөгжлийн төлөө өөрийн туршлага, мэдлэг чадвараа хуваалцсаар байгаа аж.

-Сонгуулийн хуулийн шинэчилсэн өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн манлайллыг хэрхэн дэмжиж чадсан гэж та боддог вэ?

-Манай улсад хүйсээс шалтгаалахгүйгээр хүн болгон тэгш эрхтэй гэсэн хуулийн заалт бий. Эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн идэвх оролцоо ихээр нэмэгдсэн. Өнгөрсөн сонгуулийн компанит ажлаас харахад өрсөлдсөн бүх намын төлөөлөлд эмэгтэйчүүд багтсан байна. Сонгуулийн шинэ хуулийн дагуу жагсаалтаар нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэж заасны үр дүнд олон эмэгтэй парламентад орж ирсэн. Өмнө нь 5-10 хувь л байсан бол энэ тоо эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгосноор эрс нэмэгдсэн.

-Улс төрөөс гадна бусад салбарт эмэгтэйчүүдийн оролцоо ямар байдаг вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс ч эмэгтэйчүүдийг дэмжих бодлого барьж байгааг та бүхэн ажигласан байх. Тухайлбал, Боловсрол шинжлэх ухааны сайдаар эмэгтэй хүн томилогдон ажиллаж байна. Мөн банк санхүү, бизнес, нийгмийн салбаруудад эмэгтэйчүүд олноор манлайлан орж ирж байна. Манайд эмэгтэй нисгэгч ч байгаа. Өмнө нь эмэгтэйчүүдийг эмч, багшаар төсөөлдөг байсан бол энэ хандлага өөрчлөгдөж байгаа. Хоёр жилийн өмнө Казахстанд анх удаа эмэгтэй хүн хотын дарга болсон.  Бүх салбарт сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 88 (7073)