Профессор С.ОДХҮҮ

Минимализм нь оршихуйн арга  болохын хувьд  энгийн амьдралын даруу, цомхон хэв маяг мөн. Минимал гэдэг нь цөөн, бага гэсэн утгатай. Минималиcт хэв маяг нь хүн зөвхөн өөрт зайлшгүй хэрэгтэй юмсаа л авч үлдэж, хэрэггүй, илүүдэл байгаа зүйлс өөрийгөө чөлөөлөх хүсэл зоригийг илэрхийлдэг. Гагцхүү зөвхөн өөрт шаардлагатай  хамгийн чухал зүйлсээр өөрийгөө хүрээлүүлж, илүүдээд байгаа хэрэггүй юмсаас ангижрах баримтлал, хандлагыг минималист хэв маяг гэнэ.

Амьдралын минимал хэв маяг, минимал хэрэгцээ, минимал мэдээлэл, дижитал минимализм гэх мэт шинэ ойлголт, үзэл санаа сүүлийн жилүүдэд хаа сайгүй  яригдаж байна. Цаашид ч улам бүр хэлэлцэгдэх төдийгүй өдөр тутмын хэм хэмжээ, тогтсон соёл болж хэрэгжих, ухаалаг хүмүүс ахуйн дарамт бага амьдралын  ийм цэгцтэй, цомхон хэвшил рүү тэмүүлэх хандлага ажиглагдах боллоо.

Амьдралын минимал хэв маяг гэдэг бол өргөн утгаараа  тогтвортой хөгжлийн үзэл санаа, үнэт зүйлс,  төр, засгийн хэмнэх бодлого, гамнах үйл ажиллагааны зорилго, зорилтуудтай  холбогддог.

Минимал  хэв маягийг амьдралдаа хэрэгжүүлж, хэвшүүлснээр бид сэтгэл санааны  амгалан байдал, биеийн  жаргалыг олж, жинхэнэ ёсоор эдэлж чадна. Эд баялаг мэт аливаад санаа сэтгэл зовохгүй амар тайван амьдрах болно. Хүн бүр аз жаргалтай, баяр баясгалантай  байхыг хүсэж мөрөөддөг. Харамсалтай нь тэр бүр чаддаггүй, хүссэнээр болдоггүй. Энэ нь юуны өмнө хэт хэрэглээнд дассаны уршиг, эд хөрөнгөнд баригдсанаас улбаатай, материаллаг зүйлсээс хамааралтай болсны шинж байдаг. Минималистууд аз жаргалыг эд хөрөнгө, материаллаг зүйлсээр бус харин сэтгэлийн  амар тайвнаас, оюуны эрх чөлөөнөөс, бусдаас дарамтгүй аж төрөхөөс   эрэлхийлдэг; Тиймээс хүнд юу хэрэгтэй, юу хэрэггүй, юу нь илүүдэх, юу дутагдахыг ялгаж салгадаг болж, хүн  өөрөө ухамсартай сонгон, бие дааж шийддэг чадвартай болох нь чухал.

Амьдралд тэр бүр онцын хэрэггүй олон зүйлээс  эзэн хүн өөрөө татгалзаж болно. Авахгүй, хэрэглэхгүй, эдлэхгүй байж болно. Магадгүй тогтсон хэв маяг, дассан зуршлаасаа  салж ангижрах нь амаргүй байж мэднэ. Гэхдээ хүсэл зориг байвал юунаас ч татгалзаж, салж, ангижирч болно. Эр зориг гарган эхний алхмуудаа амжилттай хийж чадвал цааш явах тусам хөнгөрч, минимал хэв рүү хүрэх зам  илүү хялбар, үр дүнтэй болно.

Зарим хүн минимализмын үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй,  шүүмжилж, үгүйсгэх хандлага ажиглагддаг. Ийм байр суурьтай хүмүүс минимализм нь хүнийг зорилгогүй, идэвхгүй, сул дорой, залхуу хойрго болгодог мэт ярьж, бичдэг ч яг үнэндээ минималист байж чадснаар бага зүйлээр ихийг бүтээх боломж бий болдгийг амьдралын туршлага, түүхийн  сургамж харуулдаг.

Минимал хэмээх нэр томъёо шинэлэг, орчин үеийн болохоос энгийн даруу амьдрал бол өнө эртний уламжлалт хэв маяг мөн. Ялангуяа, бидний монголчууд ер нь цөөн үгтэй, цөлх ухаантай, номхон араншинтай, цомхон амьдралтай ясны минимиластууд гэж дүгнэж болно. Таван ам бүлтэй айл, дөрвөн ханатай гэрээ гурван тэмээнд ачаад жилийн дөрвөн улиралд дураараа нүүдэг байсан. Хөдөөгийн айлд хэрэгцээнээс илүү, хэрэггүй новш бараг үгүй. Хүнд нүсэр тавилга хэрэгсэл байхгүй. Ухаант өвөг дээдэс маань хүн нас ахихын хэрээр хоолоо багасгаж, үгээ цөөлж явахыг сургасан нь айхтар зөвлөмж гэж үзэхээс аргагүй. Энэ бол минималист аж төрөх ёсны том ухаан, чухал шаардлага мөн.

Минимал амьдрал хэнийг боловч хүнд бодлоос, айдас дарамтаас, санаа зоволтоос, дутуу бодохоос, буруу хийхээс, ардаа гэмшлээс, сэтгэл гутралаас чөлөөлж, сэтгэл санааг ариусгадаг. Ялангуяа, орчин үед эд юмс, бараа бүтээгдэхүүн  төрөл бүрээр үйлдвэрлэгдэж, бидний эдэлж хэрэглэх зүйлс хэд дахин олширч, бидэнд сонголт хийх хангалттай боломж, нөхцөлүүд бий болсон тул илүү ихийг хэрэглэх, илүү ихийг эзэмших, илүү ихийг эдлэх шунал, хүсэл улам их төрөх болсон нь нууц биш билээ. Хүний хэрэгцээ, хүсэл, шунал энэ хандлагыг даган нэмэгдэхийн хэрээр илүү их ачаалал, дарамт, эрсдэл биднийг нөмрөх болж. Ахуйд баригдаад, хэрэггүй асуудалд толгойгоо ажиллуулах, дэмий зүйлд санаа зовох, шаардлагагүй юманд эрч хүч, цаг хугацаа, оюун бодлоо зарцуулах нь ихсэж минимал амьдралын хэв маягт харшлах болсон юм.

Амьдралд хэрэглэхгүй байж болох олон зүйл бий. Зөвхөн хоол хүнсний хүрээнд гэхэд хийжүүлсэн ундаа, өнгөтэй жүүс, шарсан хиам, хуурсан будаа, болгосон гоймон, бэлэн хоол...гэх мэт. Энэ бүхэн амьдралд байхгүй байсан. Хүн өөртөө хэрэггүй, биед хортой зүйлсийг бий болгосон, түүндээ дасч бүх хүсэх хандлагатай болсон.

Минимал амьдралын нэг бүрдэл нь хаа сайгүй ялангуяа гэр орондоо хэмнэлттэй ажиллах, амьдрах санаа мөн. Хэмнэлтийн горимд шилжих санаачилгыг  төр өөрөөсөө эхэлж машин хөлөглөдөг, хангамж эдэлдэг шат шатны дарга нараа цомхотгох. Шатахуун уудаг том бандгар жипнүүдээсээ татгалзах, давхардсан ажлын байрыг хэмнэх, зөвлөх туслахуудын ажлын чиг үүргийг тодорхой болгох. Үрэлгэн, илүү зардлыг багасгах, үр дүнгүй олон хурал уулзалтыг цөөлөх, хөшөө дурсгал барихаа хойш тавих, төрийн өмчийн нэртэй хөрөнгө мөнгө урсгадаг,  ашиггүй ажиллаж өрөнд баригдсан компаниудаа цэгцлэх,  тэгш ойн нүсэр арга хэмжээ олон баярыг хязгаарлах,  мөнгө үрсэн үр дүнгүй шалгалтуудыг цөөлөх гэх мэт.

Хүний хэрэгцээ тодорхой зүйлээр  хязгаарлагддаггүй. Түүнийг ямар нэг хэмжээгээр зохицуулах, хангах шаардлага алхам тутамд гарч ирдэг. Гэхдээ айл өрхийн нөхөр нь гэрээсээ том машин уна. Эхнэр нь бүтэн жилийнхээ хүнсний зардалтай тэнцэх мөнгөөр амьтны арьс авч нөмрөх, загвар өөрчлөгдөх бүр хувцсаа солих гэдэг нь зүгээр л хоосон чамирхаж, хэлбэр хөөсөн ухаангүй алхмаас өөр юм биш. Бидний монголчуудын бусдаас дор явахгүй гэх хоосон, хөөргөн бодол, үйлдэл, нэрэлхүү зан  чухамхүү минималист хэв маягт илэрдэг. Ирсэн зочиндоо байгаа бүхнээ зориулчихаад маргааш нь мацаг барих нь ердийн үзэгдэл мөн.

Цомхон аж төрөх гэдэг нь өөрт төвөггүй, өрөөлд дараагүй энгийн, даруу амьдрахыг хэлнэ. Энэ бол хамгийн чухал гоёл, хамгийн том  соёл мөн. “Шуналгүй бай” гэдэг нь ядуу бай гэсэн үг биш. “Амар амгалан бай” гэдэг нь алхаг залхуу бай гэсэн үг биш. “Өгөөмөр энэрэнгүй  бай” гэдэг нь хөдөлмөр зүтгэлээ үнэгүйдүүл гэсэн үг биш. Дашрамд “одооны залуус хэт тансаглаж, ахмадыг үл хүндэлж, эцэг эхтэйгээ зөрчилдөж, элдэв араншин гаргах болжээ" гэж 2600 жилийн өмнө аугаа Сократ анхааруулж байсныг буурал түүх гэрчилнэ. Дашрамд  минимал аж төрөх ёсыг баримтлагч Сократ “Улам ихийг хүсэх тусам, илүү жаргалтай амьдрахгүй. Аз жаргалын нууц бол бага өмчтэй байх” хэмээн сургаж байсныг бодууштай. Энэ сургамж савсаг хэрэглээнд татагдах болсон одоо ч хэвээр. Зарим тохиолдолд бүр газар авсан мэт ээ.

Орчлонд нүцгэн ирээд нүцгэн буцдаг хүнд ер нь хэт их юмны хэрэг байдаггүй биш үү.  Өмсдөггүй олон хувцас, хэрэглэдэггүй их үнэт эдлэл, тус болдоггүй олон найз нөхөд. Хэт их мөнгө баялаг, ахадсан өндөр алдар нэр,  хэт их  мэдэмхийрэл, өөрт зохиогүй  их зан, хэрээс хэтэрсэн их шунал. Энэ бүгд чухамдаа хэрэггүй байгаа юм. Харамсалтай нь зарим хүн чухамхүү үүний төлөө л төрсөн, амьдарч буй мэт улайран хөөцөлддөг нь инээдтэй төдийгүй, эмгэнэлтэй санагддаг. Хэт их эд баялаг, тансаг хэрэглээ хүнийг өөрийг нь эвдээд, танигдахын аргагүй өөрчилдөг. Эд мөнгөний боол болгодог. Хүн биш болгон хувиргадаг  бололтой.

Аливаа зүйл бага, цөөн атлаа хэрэгтэй, чанартай  байвал  хүн илүү сэтгэл амар амьдардаг учиртай.  Гэхдээ хүн  өөрөө ч мэдэлгүй савсаг хэрэглээнд дасаж, хөтлөгдөж, хэт их ачааг нуруун дээрээ үүрээд, түүндээ санаа нь зовж, бухимдалд өртдөг.

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, цөөн тооны чанартай хэдийгээ  үлдээгээд бусад хэрэггүй олон зүйлээ зоригтой хаяад,  өмсдөггүй хувцас, гэрийн нүсэр тавилга, ойр орчимд байдаг зүйлс,  таагүй мэдрэмж өгдөг, бухимдал үүсгэдэг сөрөг энергитэй  хүмүүс, байнгын стресс өөр юу  байдгийн өөрт тэгтэл хамааралгүй,  хэт их ачаалал болдог  огт хэрэггүй зүйлсээсээ холдоод цомхон, цэгцтэй амар амгалан байцгаах нь энэ цаг үеийн шинэ хүний амьдралын хэм хэмжээ гэж үзнэ. Оросын аугаа их зохиолч, философич Л.Толстой “Энгийн байхгүй газар аугуу байхгүй” хэмээснийг мартах учиргүй юм.

Түүхэнд минимал хэв маягаар амьдардаг байсан алдартай хүмүүс цөөнгүй бий. Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний төлөө насаараа тэмцсэн, хүч үл хэрэглэх зарчмыг номлогч  Махатма Ганди нас барахад үлдсэн өмч нь биеэ ороодог жаахан даавуу \сари-үндэсний хувцас\, модон улавч, нүдний шил л байсан гэдэг. Харин үзэл санаа, үйл хэрэг нь мөнхрөн үлдсэн түүхтэй. Энэ даруу хүний амьдралын хэвшил, ахуйн зарчим нь “Аль болох энгийн амьдар. Тэгээд бусад хүн ч бас энгийн амьдарч эхэлнэ”, “Дэлхий ертөнц хүн бүрийн хэрэгцээнд хангалттай. Харин хүн бүрийн шуналд хүрэлцээгүй” зэрэг сургаалиас нь харагддаг. Ер нь ухаантай хүмүүс ахуйгаас ангид, мөнгөнөөс дээгүүр амьдардаг ажээ.

Багыг илүүд үздэг, чухлыг эрхэмлэдэг, чанарыг баримталдаг  минималист хүн ялангуяа, залуу үеийнхэн олширсоор байгааг сүүлийн үеийн хандлага, судалгаа батлан харуулж буй нь сайшаалтай. Минимал хэв маягтай хүний амьдрал  элбэг хангалуунаас ч илүү аз жаргалтай, гоо сайхантай, тайван амгалан, утга агуулгатай байж чаддаг. 

Минимал аж төрөх ёсонд  заавал ингэж амьдрах ёстой, ийм дүрмийг баримтална гэсэн тогтсон жор, хатуу дэг журам байхгүй ч  зөвхөн илүү сэтгэл амар, илүү аз жаргалтай, ахиу чөлөөт цагтай, стресс багатай, дарамтаас ангид, байгальд ойр, илүү эмх цэгцтэй, өөртөө итгэлтэй, өөрийнхөөрөө амьдрах ойголт, үзэл мөн. Энэ нь аль болох энгийн байх, хэрэглээгээ танах, эд зүйлсээ багасгах, хүслээ хязгаарлах, шуналаа татах, цагаа хэмнэх, мөнгөө гамнах, тархиа амраах, биеэ зовоохгүй байх тухай санаа, хэвшил юм.

Амьдралын минимал хэв маяг  өнөөгийн хүмүүс бидэнд яг юуг өгч, юуг хэвшүүлж, юунаас татгалзуулж, юунаас чөлөөлж байна вэ. Мэргэдийн ухаан, сургаалиас санаа авч болмоор сургамж бол

 •Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах;

• Дутуугийн мэдрэмжийг зайлуулах;

•Цаг хугацааг хэмнэх, орон зайг өргөтгөх;

•Завтай эрх чөлөөтэй болох;

•Хийх ажилдаа төвлөрөх, дэглэх баримтлах;

•Хувийн зохион байгуулалт сайжрах;

• Тухайн  агшинг сайхан өнгөрүүлэх;

• Дуртай, таашаал авдаг ажлаа хийх;

•Өөрт ахадсан ачааллаа хөнгөлах;

•Амьдралд хөлөө  олох, аз жаргалтай байх;

• Жинхэнэ эрх чөлөөг мэдрэх, эдлэх;

• Илүү ихийг бүтээж, бага хэрэглэх;

• Өөрийгөө эд баялгаас дээгүүр үнэлэх;

• Элдвийн эрээвэр зүйлээс татгалзах;

• Эрүүл цэвэр хүнсийг тохируулж хэрэглэх;

• Эрүүл мэнддээ төвлөрч анхаарах;

• Хувь хүний хувьд хөгжих төлөвших;

• Санаа зовдог асуудлуудаас ангижрах;

 • Шаардлагагүй эд зүйлсээс салах. Эдгээр санаа, зөвлөмжийг хэн боловч хувийн амьдрал, үйл ажиллагаандаа мөрдвөл минимал аж төрөх ёсонд суралцаж болно.

Амьдралын алдаа, амжилтаас суралцаж, сургамж авч, минималистуудын зөвлөж буйг өөрийн нөхцөл байдалд хэрэгжүүлж, илүү утга учиртай, цомхон, цэгцтэй амьдрах ухаалаг замыг сонгоцгооё.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 87 (7072)