Б.БЯМБАЖАРГАЛ

 

Монголын хуульчдын холбооноос “Хуульчийн про боно өдөр”-ийг нийслэл хот болон орон даяар тэмдэглэж иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөв. Өдөрлөгийн хүрээнд жанжин Д.Сүхбаатарын талбайд нийт 24 асарт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын газар, ХЭҮК, СЗХ зэрэг 21 байгууллага болон өмгөөллийн нөхөрлөлүүд оролцсон байна. Эдгээр байгууллагууд өөрсдийн мэдээлэл бүхий сурталчилгаа, товхимолыг иргэн, хуулийн этгээдэд танилцуулж шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөөг өгчээ. Энэ талаар СЗХ-ны Хууль, эрхзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ням-Очир “Санхүүгийн зохицуулах хороо нь Монгол Улсад банкнаас бусад санхүүгийн салбар буюу Үнэт цаас, Даатгал, ББСБ, Хадгаламж зээлийн хоршоо, Виртуал хөрөнгийн үйлчилгээ, ҮХХЗ-ийн салбарт хяналт тавьж үйл ажиллагааг зохицуулдаг. “Хуульчийн про боно-2023” өдөрлөгт СЗХ хамтран оролцож өглөөний 09:00 цагаас хойш нийт 50 орчим иргэн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. Үүнээс үнэт цаас, хувьцаа, даатгалын нөхөн төлбөр, даатгалын хохирол үнэлэгчтэй холбоотой гомдол маргааны тухай иргэд ихэвчлэн асууж байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс холбогдох бүх чиглэлийн 10-15 албан тушаалтан мэдээлэл өгч өөрсдийн харьяалах асуудлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг бичгээр хүлээн авч ажилласан. Бичгээр 15 орчим өргөдөл, гомдол хүлээн авсан бол 20 орчим иргэнд хуулийн зөвлөгөө, мэдээлэл өглөө. СЗХ нь 2021 оноос хойш Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчтэй холбоотой хуулийн зохицуулалтыг хийж хяналт тавьж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон иргэн криптовалютын талаарх 3-4 өргөдөл, гомдлыг хүлээн авч эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэл өгсөн” гэв.

Өдөрлөгтэй танилцаж хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл авч буй иргэдээс тодруулахад хуулийн зөвлөгөө мэдээллийг зайлшгүй авч хуулийн мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай болж байна. Хуулийн мэдлэг дутмагаас олон удаа хохирч байгаа тул иргэдийг хуулийн мэдээллээр хангах үнэгүй өдөрлөгийг зохион байгуулах давтамжийг нэмэх шаардлагатай байгааг онцоллоо. Мөн энэ өдрийн тухайд хэрэгтэй зөвлөгөөг нэг дороос авч гомдол саналаа хүргүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

“Хуульчийн про боно-2023” өдөрлөгийг 21 аймагт зохион байгуулж мэргэжлийн хуульч, өмгөөлөгчид иргэд, ААН-ийн төлөөллүүдэд үнэгүй зөвлөгөө өгсөн байна. Энэ үеэр төрийн зарим үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэсэн байна. Тухайлбал, Дундговь аймагт зохион байгуулсан хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа үзүүлэх өдрийн хүрээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээрх хууль тогтоомжийг сурталчлах, хууль эрх зүйн зөвлөгөөг 117 иргэдэд хүргэж ажиллажээ.

“Хуульчийн про боно өдөр”-ийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 1-н болгон зарлаж Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай аж. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 87 (7072)