Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Жүжиг эхлэх гэж буйг сануулсан хонх гурвантаа дуугарахад УДЭТ-ын үзэгчдийн танхим нам гүмд умбадаг юм. Тайз харанхуйлах тэр хэдхэн минутад биднийг хэддүгээр зуун, ямар нийгэм, хэн гэдэг дүр, юу хэлэхээр хүлээж байгаа бол гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг нь сонин. Танил болсон театрын улаан хамбан хөшиг нээгдэв. Тэд үймэлдэнэ. Оросын нэгэн хотын буурчийн газар 80 мянган рубль хожсон, гарамгай мөрийтэй тоглоомчин Ихарев иржээ. Тэр хөзрийн тоглоомны хаан байж болох ч амьдралын тоглоомонд хэр одтой байх бол. УДЭТ ээлжит шинэ уран бүтээл болох Оросын сонгодог зохиолч Н.В.Гоголийн 1840 онд бичсэн “Тоглоомчид” жүжгийг толилуулж буй нь энэ. Жүжиг гол дүрээс гадна тухайн үйл явдлыг хөтөлж, улам ээдрээтэй, сонирхолтой болгох гурван том дүртэй.
Түүний нэг болох бөөрөнхийлөгч буюу Кругелийн дүрд Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх тоглож байна. Амьдралынхаа 30 гаруй жилийг урлагт зориулж, тайз болон дэлгэцэнд олон гайхалтай дүрийг “урласан” тэрбээр Монголын анхны Ромеогоос эхлээд “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлиг, “Анна каренина” жүжгийн Облонский, дэлгэцэнд “Лардьма”, “Tютю” зэрэг гайхалтай бүтээлүүдээр өөрийн авьяас чадвараа гайхуулж яваа энэ цагийн шилдэг жүжигчдийн нэг яах аргагүй мөн билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа жүжигчин О.Гэрэлсүхийг урьж, түүний яг л унших тусам амт нь нэмэгддэг сонгодог зохиол шиг сонирхолтой амьдрал, уран бүтээлийн түүхээр та бүхнийг аялуулъя.
Зальтай Кругель
УДЭТ-ын уран бүтээлчийн нэг өдөр өглөөний бэлтгэлээс эхэлдэг билээ. Орой тоглолт болтол жүжигчид бэлтгэлээ хангаж, олон дахин сургуулилт хийснээр үзэгчдээ хүлээж авахад бэлэн болох ажээ. Жүжигчин О.Гэрэлсүх ч ялгаагүй энэ зарчмын дагуу ойрын өдрүүдэд тун завгүй байна. Манай үзэгчдийн хувьд Н.В.Гоголийн жүжгүүдтэй эртнээс танил. Учир нь театрын тайзнаа түүний “Байцаагч түшмэл”, “Амьгүй албат” гэсэн хоёр том жүжиг нь тавигдаж байсан юм. Харин энэ удаагийн “Тоглоомчид” жүжгийг Э.Ёндоншарав найруулагч найруулж байгаа бөгөөд хүн чанар хэрхэн соригдож, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулах ажээ. Жүжигчин О.Гэрэлсүхээс театр яагаад энэ бүтээлийг онцлох болсон талаар асуухад “Н.В.Гоголийн том сонгодог зохиолын нэг нь энэ жүжиг. Театрын хувьд эрдмийн гэдэг утгаараа энэ хэмжээний том уран бүтээл хийх нь зүй ёсных. Мөн манай театрын хувьд яг Оросын сонгодог зохиолоор жүжиг хийгээгүй нэлээд удсан байна. Хоёрдугаарт, тус жүжигт гарах дөрвөн ноён яг бодит хүмүүс байсан гэх мэдээлэл бий. Үүнээс гадна хүний хямд, амархан аргаар баяжих гэсэн хүсэл шунал, луйврын тухай өгүүлж байна. Хэдийгээр 1800-гаад оны үед бичигдсэн зохиол боловч хэлэх гэсэн санаа нь бидний амьдарч буй энэ тоглоом шиг цаг үед ч байсаар байгаа нь жүжгийн үнэ цэнийг улам тодотгож байна” гэсэн юм. “Н.В.Гоголийн хувьд жүжгээ бичихдээ тухайн дүрийг онцлогоор нь нэрлэдэг арга барилтай байжээ. О.Гэрэлсүхийн ажиллаж буй Кругелийн дүрийг орчуулбал бөөрөнхийлөгч, эвцэлдүүлэгч гэсэн утгатай гэнэ. О.Гэрэлсүх Н.В.Гоголийн хоёр дахь жүжгэн дээр ажиллаж байгаа нь энэ. Өмнө нь 1995 онд СУИС-ийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар ангийнхаа дипломын ажлыг Н.В.Гоголийн “Гэрлэх гэсэн нь” жүжгийг тавихад О.Гэрэлсүх Яйчница буюу өндөгжав гэсэн дүр дээр ажиллаж байсан юм байна. Харин Кругелийн хувьд их зальтай, дүрийн хувьд их хурц нэгэн гэнэ.
“Цагийн хүрд”-ийн найруулагчаас театрын тайзан дээр гялалзав
Жүжигчин О.Гэрэлсүхийн ажил амьдралын гараа УДЭТ-тай салшгүй холбоотой ажээ. Учир нь тэрбээр 1995 онд сургуулиа төгсөөд, 1996 онд театрт ирэхдээ шууд гол дүр буюу найруулагч Ч.Найдандоржийн тавьсан “Ромео Жульетта” жүжгийн Ромеогоор жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Түүнээс хойш театрт олон сайхан дүрийг амьдруулж, өдгөө улам ч чангаран, илүү их рүү тэмүүлж яваа уран бүтээлч. 1990-ээд он бол Монголын нийгэм Ардчилал руу шилжсэн ороо бусгаа үе байсан. Уран бүтээлчид ч ажлаа орхиж, ганзагын наймаа ид хүчээ авч байлаа. Ингээд тухайн үеийн Монголын үндэсний телевизэд ажиллах хүч дутсан учир 1995 оны СУИС-ийн төгсөгчдийг ангиар нь телевизэд томилжээ. Эмэгтэйчүүдийг нь нэвтрүүлэгч, эрэгтэйчүүдийг нь найруулагчаар тавьчихаж.
О.Гэрэлсүхийн хувьд “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөрийн ассент найруулагч болоотхов. Ингээд 18:00, 20:00, 23:00 цагийн мэдээ хийх хариуцлагатай албатай нүүр тулжээ. Тухайн үед УДЭТ-ын даргаар Б.Зориг ажиллаж байжээ. Нэг өдөр театрын дарга О.Гэрэлсүхтэй холбогдож “Бид Ромео, Жульетта жүжиг тавихаар бэлдэж байна. Ромеод чи л тоглоно” гэжээ. О.Гэрэлсүх ч телевизэд ажиллаж буйгаа учирлахад Б.Зориг дарга “Бид чамаас саналыг чинь асуух гээгүй. Ирж мэргэжлийн ажлаа хий” гэжээ. Ингээд даргатай уулзахаар театр дээр иртэл аль хэдийнэ тушаалыг нь гаргачихсан өөдөөс нь барьж “Оёдолчин дээр очиж хувцасны хэмжээгээ өг” гэсэн ганцхан өгүүлбэр л хэлсэн гэдэг. УДЭТ бол босго өндөртэй, мэргэжлийн урлагийн байгууллага. Хүссэн хүн бүхэн нь орж чаддаггүй даваа. Ялангуяа, гол дүрд тоглох нь битгий хэл театрын тайзан дээр хөл тавьж үзээгүй хүн дөнгөж тушаалаа гаргуулаад, гол дүрд тоглоно гэдэг О.Гэрэлсүхийн хувьд дэндүү том аз, бахархал ч гэлээ асар том хариуцлага гэдгийг тухайн үеийн шинэхэн жүжигчин маань ухамсарлаж байсан гэнэ. Тэрбээр 17 номерын өрөөнд жүжгийн сургуулилт, ширээний уншлага хийнэ. Тэр л өрөөнөөс Ардын жүжигчин Л.Жамсранжав, Ардын жүжигчин С.Сарантуяа гээд Монголын тайз, дэлгэцийн шилдэг, авьяаслаг уран бүтээлчид “төрсөн” байдаг. О.Гэрэлсүхийн Жульетта нь алаг нүдэн, хөөрхөн Одноо. Найруулагч Ч.Найдандоржийн хувьд тус жүжгийг сонгодог хэлбэрээр нь тавьсан байдаг. Харин найруулагч Н.Наранбаатар 2015 илүү орчин үеийн хувилбараар тавихад нь О.Гэрэлсүх арын алба буюу маркетинг дээр нь ажиллаж таарсан байна. Ийнхүү залуу насныхаа од хийморь, авьяас билгийг зориулж явсан бүтээлдээ дахин ажиллах, тэр тусмаа арын албанд хүчин зүтгэх нь бас л дахин давтагдашгүй ховорхон тохиол болсон ажээ.
“Ромео Жульетта” жүжгийг долоон жил тасралтгүй тогложээ
Залуухан жүжигчний хувьд Ромеод сонгогдоход нь театрын туршлагатай уран бүтээлчид зөвлөгөө өгч, чадахаараа чиглүүлж байсан гэнэ. 1996 оны “Ромео Жульетта” жүжигт О.Гэрэлсүх, Б.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон юм. Театрын удирдлагуудын зүгээс сургуулилтын явцыг харж байгаад нээлтийн хоёр жүжигчнээ сонгоно гэсэн аж. О.Гэрэлсүхийн хувьд бэлтгэлийн үеэр хоёр Жульеттатай харилцан тоглож байжээ. Жүжиг нээх дөхөөд байдаг. Гэвч нээлтийг хэн хоёр хийх нь тодорхойгүй байсан аж. Ингээд нээлтийн өмнөх өдөр Ромеод О.Гэрэлсүх, Жульеттад И.Одончимэг тоглохоор болсныг дуулгасан байна. Тус жүжиг Монголын театрын түүхэнд хамгийн олон жил тасралтгүй тоглосон уран бүтээл юм. 1996-2003 оны хооронд 200 гаруй тоглолтыг амжилттай хийжээ. Ийнхүү 2003 оны хавар тасралтгүй тав хоног тоглоод энэ бүтээл хаалтаа хийсэн байдаг. О.Гэрэлсүхийн хувьд хамгийн сүүлийн тоглолтоо хийгээд тайзнаас буухад нэг л харамсах сэтгэл төрж байсан тухайгаа ярьж байсан юм. Тэрбээр “Ромео Жульетта жүжиг миний амьдрал, уран бүтээлийн замнал дахь хамгийн тод өнгө. Энэ бүтээл надад уран бүтээлийн олон замыг нээж өгсөн. Өнөөдрийг хүртэл анхны Ромео гэж хэлүүлж яваадаа үргэлж бахархдаг” гэсэн юм. О.Гэрэлсүх нэг хэсэг уран бүтээлээс завсарлага авч, Германд театр судлал, Солонгост кино найруулагч чиглэлээр сурч, боловсролдоо хөрөнгө оруулалт хийжээ. Мөн хажуугаар нь аялал жуулчлалын салбарт хүч үзэж ч явсан. Гэсэн ч тэрбээр уран бүтээлээ бүр орхиж чадаагүй юм. Ингээд 2014 онд театртаа эргэн ирэхдээ Захиргаа удирдлагын хэлтсийн дарга буюу орлогч даргаар 2018 он хүртэл ажилласан билээ. Тэрбээр саяхан Тувад сурган хүмүүжүүлэх чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад иржээ. Цаашид багшлах хүсэлтэй аж.
“Дорлиг бол Ромеогоос тэс өөр”
О.Гэрэлсүхийг захиргааны ажил хийж байх үед буюу 2018 онд эрдэмтэн, зохиолч Э.Оюуны 100 жилийн ой тохиож таарсан юм. Энэ цагт УДЭТ-ын уран бүтээлчид түүний “Би эндээс явахгүй” драмын жүжгийг шинэчлэн тоглосон билээ. Тус жүжгийн Дорлигийн дүр дээр О.Гэрэлсүх ажилласнаар эргээд тайзан дээрээ ирснээ албан ёсоор зарласан юм. Тэрбээр Дорлигийн дүрийн тухайд “Би тухайн үед захиргааны ажил хийж байсан болохоор өөрийгөө жүжигт тоглоно гэж төсөөлж байгаагүй. Харин маркетинг хэрхэн хийх вэ гэж толгойгоо гашилгаж байсан үе. Гэтэл нэг өдөр найруулагч Н.Наранбаатар орж ирээд би Дорлигийн дүрд чамайг л тоглоно гэж харж байгаа шүү гэж хэлсэн. Энэ нь үнэндээ надад санаанд оромгүй гэнэтийн бэлэг болсон.
Дорлиг бол Ромеогоос тэс өөр дүр шүү дээ. Зохиол дээрээ ч 40 гарсан эр гэж тодотгосон байдаг. Амьдрал үзсэн, эхнэртэй, гэр бүлтэй хүн. Дээрээс нь монгол жүжиг учир илүү дөхөм байсан. Гэхдээ тайзан дээр тоглоогүй 10 гаруй жил болсон учир эмээх зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ найруулагчийн надад өгсөн итгэлийг алдахыг хүсээгүй. Ингээд уран сайхны зөвлөлөөр ороход найруулагч Ч.Найдандорж надад хандаж энэ олон жил тайзан дээр тоглоогүй ч тоглолтын хэв маягаа алдаагүй, сайн байна. Жүжгийг энэ хэвээр нь баталлаа гэж хэлэхэд нь сая л нэг санаа амарсан” гэв. Үнэхээр жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд энэ цаг үед, энэ тайзан дээр, энэ театрт байх ёстой, үнэ цэнтэй жүжигчин гэдгээ тоглосон уран бүтээл бүрээрээ баталсаар байгаа юм. Театрын тайз гэдэг цаг үе болгонд өөр, өөрийн онцлогтой, авьяаслаг уран бүтээлчийг “төрүүлсээр” байдаг. Тэгвэл өнөөдрийн бидний энэхүү орон зайд театрт залуу үеийн шинэ, шилдэг жүжигчин гэвэл Б.Шинэбаяр, дунд үе гэвэл О.Гэрэлсүх, Н.Ялалт гээд авьяаслаг уран бүтээлчдийг нэрлэж болохоор. Яг л энэ жүжигчдийн үе ирж дээ гэдгийг театрт жүжиг үзэх бүртээ харж, боддогоо нуух юун.
Нийгмийн дуудлагаар жүжиг “төрдөг”
Жүжиг гэдэг тухайн цаг үе, нийгмийнхээ дуудлагаар төрдөг гэж энэ удаагийн нийтлэлийн гол дүр, жүжигчин О.Гэрэлсүх онцолж байсан юм. Харин тухайн найруулагч би ийм уран бүтээлийг тавьж, нийгэмдээ ингэж дуугармаар байна гэж гарч ирдэг ажээ. Тэгвэл жүжигчин хүн тэр уран бүтээлд нь тоглоход хэзээд бэлэн байх үүрэгтэй. Тийм ч учраас жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд нас, туршлага болоод авьяас чадварынхаа хувьд ид хариуцлагатай үедээ ирээд байгаа юм. Тэрбээр “Би энэ цаг үеийг театрт нэгэн үеийн шинэ эргэлт хийгдэж байна гэж харж байгаа. Учир их олон авьяастай уран бүтээлчдээр бид хүч нэмсэн. Мөн найруулагч нарын хувьд ч Э.Ёндоншарав, М.Батболд гээд Орост боловсрол эзэмшсэн, шинэ боловсон хүчингүүд. Энэ мундаг залуусын нуруун дээр театр маань явж байна” гэж тодотгосон билээ. Жүжигчин О.Гэрэлсүхийн жүжигчний карьерийн нэгээхэн том хэсэг нь кино уран бүтээл билээ. Түүнийг одоо ч хүмүүс “Лардьма” киноны хартай нөхрийн дүрээр төсөөлөх нь бий. Тэгвэл жүжигчний маань хувьд анх 14 настай, драмын дугуйлангийн сурагч байхдаа “Амьдралын нахиа” кинонд дүр бүтээж байсан гэнэ. Тэр ч бүү хэл 10 дугаар ангиа төгстөл Кино үйлдвэрт дуу оруулалтын жүжигчнээр ажиллаж байсан гэнэ. О.Гэрэлсүх энэ хугацаанд 40 гаруй киноны уран бүтээлд жүжигчин, продюссер, зохиолч, найруулагчаар нь ажиллажээ. Харин хамгийн сүүлд “Ганц бие бүсгүйчүүд” цувралын төгсгөлийн анги болоод саяхан нээлтээ хийсэн “Намаг”, “No Rules” зэрэг кинонд ажилласан гээд дэлгэцийн уран бүтээлд ч од, хиймортой яваа ажээ.
“Ээжийн талаасаа Хатанбаатар Магсаржавын удам, аавын талаасаа тува хүн гэдгээрээ бахархдаг”
О.Гэрэлсүхийн жүжигчин болох хүсэл тэмүүлэл түүний аав М.Отгонтой салшгүй холбоотой ажээ. Аав нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас гаралтай тува хүн юм. Манай улс 1961 онд анх Унгар руу 60 хүн сургахаар явуулсан бөгөөд түүний нэг нь М.Отгон юм. Тэрбээр Монголын анхны зам гүүрийн инженер. Эх орондоо ирээд Батлан хамгаалах яамны ерөнхий инженерээр олон жил ажилласан байна. Энэ хугацаандаа олон бүтээн байгуулалт хийснээс гадна ардын аман зохиолын өв тээгч нэгэн байжээ. Олон үлгэр, зохиол, домгоос эхлээд Гэсэр,Жангар гэсэн эртний зохиолуудыг хүүдээ ярьж өгдөг байжээ. Үүний ачаар О.Гэрэлсүх номонд дуртай болсноос гадна төсөөлөн бодох чадвар нь нэмэгдсэн байна. Том болох тусмаа кино үзэх дуртай болж, дунд сургуульд байхдаа Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явах болжээ. Тэр үед гавьяат багш С.Даваахүүгийн удирдлага дор О.Гэрэлсүхээс гадна Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар, гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн, Л.Баттулга буюу Аглуу гэсэн энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчтэй мөр зэрэгцэн суралцдаг байж. О.Гэрэлсүх 20, болон 51 дүгээр сургуулийг дүүргэжээ. Харин ээж Т.Даваадулам нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, Хатанбаатар Магсаржавын удмын хүн юм байна. Микробиологич, химич бөгөөд насаараа сүүний үйлдвэрт ажилласан гэнэ. О.Гэрэлсүх ээжийн талаасаа Хатанбаатар Магсаржавын удам, аавын талаасаа тува хүн гэдгээрээ үргэлж бахархаж явдаг гэж байв. Тэрбээр аав ээжийнхээ тухай “Аав минь надад хүнлэг сэтгэлтэй байж, хэнтэй ч хүн гэдэг утгаар нь харьцаж байгаарай. Нинжин сэтгэлтэй хүн хэзээ ч буруу явдаггүй юм гэж захьдаг байсан. Мөн тува түмэн Орос, Хятад гээд гурав тасарсан ч Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө үнэнчээр зүтгэж, баруун хязгаарт Алтай таван богд нутгаа авч үлдсэн үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнийг үр хүүхэддээ үеийн үед сануулж яваарай гэж хэлдэг байлаа. Үүнээс гадна хэлмэгдэж, цаазлуулсан үзмэрч, дэд хамба Аюурын Ванга өвөөгөө мартаж болохгүй гэдгийг үргэлж сануулдагсан. Харин ээж үргэлж олонтой эвтэй бай, аливаад тодрох гэж яаралгүй даруу яваарай гэж гэж хэлдэг байсан. Эдгээр сургаалийг нь үргэлж санаж, амьдралдаа биелүүлэхийг хичээдэг” гэсэн юм. Ийнхүү жүжигчин О.Гэрэлсүхийн хувьд өөрийнхөө цаг хугацаанд оногдсон ажлаа хариуцлагатайгаар хийж, УДЭТ-ын тайзнаа сонгогдсон дүрээрээ амьдарч, асаж, дүрэлзэж, үзэгчдэд хайр энэрэл, инээд баясал, гуниг ухаарлыг эн тэнцүү мэдрүүлж, омог бардам амьдарч явна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 86 (7071)