П.АМГАЛАН

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа Дилова хутагтын АНУ-д удирдан, зохион байгуулсан монгол хуримын талаар Америкийн нэгдсэн улсын  Конгрессын  номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ илтгэл уншсаныг сийрүүлэн хүргэж байна. Уг илтгэлийг Хотгойдын Цогтой вангийн хошууны төв- Нөмрөг уулын хошуу, Нөмрөг сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын үеэр хэлэлцүүлсэн юм.  Хотгойдын  зан үйлийг агуулсан хуримыг АНУ-д зохион байгуулсан Дилова хутагтын тухай уг ховор баримт анх удаагаа дэлгэгдэж, олны сонорт хүрч буй нь энэ.

 

Дилова хутагт Оуэн Латтиморын  хүүд Батбилиг нэр хайрлажээ

 

Завхан аймгийн Нөмрөг сумын зан заншил бүхий хурим  АНУ-д болсон замнал нь Дилова хутагт, монгол  судлалыг АНУ-д үүсгэн байгуулагчдын нэг  Оуэн Латтимор хоёрын түүхтэй холбоотой аж. Энэ хоёр түүхэн хүмүүн уулзаж, нөхөрлөснөөр АНУ-д монгол судлал, шашны үйл ажиллагаа дэлгэрэх нөхцөл бүрэлдсэн байна. Монгол эрдэмтэн Оуэн Латтиморын эхнэр 1930 оны зун бие давхар болж, 1931 оны  гуравдугаар сарын 24-нд Бээжингийн эмнэлэгт очжээ. Ийнхүү гуравдугаар сарын 25-нд хүүтэй болсон байна. Тэд ууган хүүдээ Давид хэмээн нэр хайрласан байна. Харин Дилова хутагт нэр хайрлахдаа Батбилиг гэж монгол нэр өгч загалмайлсан эцэг нь болжээ. 1938 онд Оуэн Латтиморын гэр бүл АНУ- руу нутаг буцсан байна. 1942 онд  Оуэн Латтимор ирсэн ч хүү Давид нь АНУ-д  сургуульд сураад үлджээ. Дилова хутагт Батбилиг хүүдээ их хайртай байсан, Оуэн Латтиморын монгол хэлний багш болж,  их ойр дотно байсан нь  түүхэн баримтаас харж болохоор байна. Дилова хутагт 1945 оны нэгдүгээр сарын 6-нд  Оуэн Латтиморд бичсэн захидалдаа:

“Эрдэм төгөлдөр энхрий биесүүд тунгалаг амар

Эрхэлсэн элдэв үйлс  сэтгэлчлэн бүтэлдэж явахуйг бараглан мэдэж,  баярлан суумуй

Нинж Батбилиг хөвгүүн  сурах судлахад хичээлтэй бөгөөд

Сэргэлэн томоотой хүн  болох байдал илэрч байхыг  чимээлэн сонсож хэмжээгүй баярламуй

Гагцхүү санасан даруй очиж чадахгүй тул маш бухимдвуу”  гэж бичсэн байна.

 

АНУ-д дахь Монгол хурим 1951 оны нэгдүгээр сарын 6-нд болжээ

 

Ийнхүү 1949 онд Дилова хутагт АНУ-д очсон байна. Хутагтыг очсоны дараа буюу  1951 оны нэгдүгээр сарын 6-нд Дилова хутагтын нэр хайрласан Батбилиг хүү,  19 настайдаа хуримаа хийж, ураг холбожээ. Дилова хутагт Батбилигийн эхнэрт Эрдэнэгэрэл гэсэн нэр хайрласан байна .Тэдний хуримын талаарх мэдээ 1951 оны нэгдүгээр сарын 7-нд Нью-Иорк Таймс сонинд  нийтлэгджээ.  Ийнхүү хоёр хосын хуримыг монгол хэв маягаар зохион байгуулахаар Оуэн Латтиморын гэр бүл,  Дилова хутаг  нар ярилцаж, тохирсон байна.

 

Хуримыг хийхдээ эхлээд бурхны тахилга үйлдсэн байна

 

Илтгэлийн  үеэр доктор М.Саруул-Эрдэнэ Америкийн нэгдсэн улсын  Конгрессын  номын сангийн гар бичмэлийн тасагт  харьяалагдаж буй,  өмнө  дэлгэгдэж байгаагүй  баримтыг дэлгэв. Тодруулбал, Дилова хутагт хуримын дэг жаяг, ёс заншил гэдэг үгийг хуримын томъёо гэж тэмдэглэсэн байна.  Хоёр хосын хуримыг хийж, ураг холбохдоо  бурхны тахилга, галын тахилга, гэрийн мялаалт, хундаганы холбоо хэлж, бэлгээ гардуулжээ. Дилова хутагт хуримын үеэр үйлдсэн дэг жаягийг тэмдэглэн үлдээснийг хүргэе. Хуримын  үеэр эхлээд бурхнаа тахижээ.

 

 Бурхныг тахихдаа

 

“Асар  арвин дээд амгалан насад цэнгэсэн

Аугаа түгээмэл айлдал илрэлээр асран хамгаалагч

Алимад  эрх хүслийг  залбирсан төдийгөөр хангагч

Адистат шүтээн  бурхан танаа

Ариун тахил өргөн мөргөв өө

Ашид амгалангийн ач  авралыг өршөөн соёрх” хэмээжээ.

Дараа нь галын тахилга хийхдээ

 “Анхны үүсэн мэндэлснээс тасалдалгүй залгамжилж

Аав өвгөдийн олон үе бүгдэд тусалсаар ирсэн

Аливаа амьдралын зүйлийг боловсруулан рашаан болгон бүтээгч

Алтан өнгөт ач төгс бадрангуй , гал  голомтын эзэн танаа

Амт, шимт ариун сайхан  тосоор  тахиж мөргөв өө” гэсэн байна.

 

Гэрийг нь мялаахдаа

 

“Үзэсгэлэнтэй ой шугуйд цэцэн жимсүүдээр баялаг

Өлзийтэй сайхан энх нутгийн төвд дунд

 Үлэмж гайхамшиг олон зохиолоор  үзэмжтэй байгуулсан

Үндэс буян, хишиг  цугларан тогтсон

Өв тэгш амар жаргалаар үргэлжид цэнгэлдэх

Өндөр уудам жавхлант гэр таныг

 Үй олон сүргийн  их үүсвэр болсон

Өгөөж сайт үнээний шим цөцгийгөөр  мялаавай” гэсэн байна.

 

Хуримын холбоог хэлэхдээ

 

“Угсаа овог тусгаар боловч

Урьдын ерөөлөөр учралдвай

Төрсөн чанар тусгай боловч

Төрөлхийн ёсоор  хамтатвай

Тунамал хас  мэт хөвгүүн Батбилэг лугаа

Тунгалаг гэрэл мэт хүүхэн Эрдэнэгэрэл хосолж

Арга билгийн иш зохиол бүрэн төгөлдөр болмуй гэж

Эрдэнийн хундага холбож,   эрчимтэй хатан чанарт сархадаар цэнгэлдснээр

Ийн найр  бататаж, эрэлхэг эдэт эрдэм билэгт хөвгүүн үрс дэлгэртүгэй.

Алтан хундага холбож,  амирлангуй зөөлөн чанарт сүүгээр гагналдснаар

Амин  насан   адил  сацуугаар уртдаж,

Айл сайт  уран, мэргэн  охин үр заяатугай.

Алтан оосрын зангилаа

Алдрал үгүй бататан

Аав  ээжийн журам суртал балрал үгүй  гэрэлтэн

Аливаа хэрэг үйлс чармайлт үгүй бүтэлдэж

Амар жаргалын цэнгэл тасалдал үгүй мөнх болтугай” гэсэн байна. Ташрамд дурдахад Батбилигийн гэр бүл дөрвөн хүү, хоёр охинтой болсон байна.

Ийнхүү хуримын холбооны дараа бэлгээ гардуулсан байна. Ингэхдээ  америк хуримын карт дээр  монгол бичгээр

“Аврагч бурхан бээр адистлан соёрх

Арга билэг хослон алтан оосор холбосон

Анхны  эх баярын тухай

Амраг хөвгүүн, бэр хоёр минь

Амин  асарт ая энэр бат

Ач үр дэлгэр, алмид хүсэл

Амар жаргалаар  ахуй үүрд чимэж явахыг

Асралт зүрхнээс ариун ерөөлийг талбин бэлэглэвэй

Өлзий хутаг өнө удаан орших болтугай” хэмээжээ.

 

Энэтхэгээс ирсэн монгол бэлэг

 

Мөн илтгэлд Конгрессын  номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ нэгэн зүйлийг онцолсон юм. Энэ нь Дилова хутагт хундаганы холбоо хэлэхдээ архи барьсан байна. Аав, хүү хоёр хэдий монгол ёс жаягаар  хуримаа хийе гэсэн ч Дилова хутагт тухайн нутгийнхаа заншил ёсыг хүндлэн анхаарч маш болгоомжтой  хандаж буйгаа тайлбарласан нь гар бичмэлээр үлдсэн байдаг аж. Ингэхдээ баярын инээдмийн эрмэлзэл гэж алиа хошин болгож зөөлрүүлсэн бичсэн байна.

“Бэлдэх  тухай монгол ёсоор  бодсон, бэлдсэн

Сүүлд энэ дэх  ёсонд   ямар болдогсон бол  гэж татгалзавч

Нэгэнтээ зорьсон тул ямар боловч, баярын сархадад ташдуулан барихад

Тэр баярын рашаан  нь уг бэлгийг зуучлан барьтугай  хэмээн

Савтай сархадын чимэгээр гүйцэтгэж

Баярыг нээх болтугай хэмээн бэлэглэвэй

Бодлогогүйгээр болгоомжилсон

Болхи өвгөний хичээнгүйлэл” гэж бичсэн байна.

Мөн хуримын үеэр Дилова хутагтын Энэтхэгт  буй шавь нараас  бэлэг ирсэн нь Монголын хурим ёсыг тодотгох нэгэн зан үйл гэж харж болохоор байна. Тодруулбал,  Энэтхэгт  буй монголчуудаа төлөөлж хувилгаан хэмээгдэх Түвдэн, Да лам  Намжилдорж  нар бэлэг явуулжээ. Бэлгийн хамт ийнхүү үг дайсан байна.

“Эрдэм бүхэн боловсорсон нөхөр дүү

Батбилиг таны амгаланг айлтгаад

Эрхэм нөхөр юүгээн эрийн  боловсрол бие бүтэж,

авгай авахыг тогтож байхыг

Авралт багштаны  зарлигаас сонсож мэдээд баяр хүргэн ёслолыг гүйцэтгэн, түмэн бодос дэлгэрэх бэлэг болгон дэвшүүлэв. Дилова багшийн шавь хувилгаан хэмээгдэх Түвдэн, Да лам  Намжилдорж  нар” хэмээжээ.

Ийнхүү төгсгөлд илтгэгч Америкийн нэгдсэн улсын  Конгрессын  номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М.Саруул-Эрдэнэ  илтгэлээ дүгнэв. Тэрбээр “Дилова хутагтын үйлдсэн ёс заншил, тахилга, өгүүлсэн мялаалт ерөөл зэрэг нь монгол аман зохиол ёс заншлын судлалд нэгэн өвөрмөц судлагдахуун болон орох ёстой.  Цаашид  уугуул нутгийн үг хэллэгтэй харьцуулан судалж, уламжлал нь юу байна.  Дилова хутагтын шинэчлэл юу байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Дилова хутагт Батбилигийн хуримыг монгол ёсоор хийхдээ тухайн нутгийнхаа заншил ёсыг хүндлэн анхаарч маш болгоомжтой  хандаж байсан нь тодорхой байна” хэмээсэн юм.  АНУ-д Дилова хутагтын зохион байгуулсан анхны монгол хурим, тэр тусмаа Хотгойд хуримын зан үйлийг агуулсан ийм нэгэн сонирхолтой  баримт Америкийн нэгдсэн улсын  Конгрессын  номын сангийн  гар  бичмэлийн тасагт хадгалдагдаж буй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 85 (7070)