П.АМГАЛАН

 

Танхим дүүрэн хүмүүс нэгэн сонирхолтой лекц шимтэн сонсохоор хүрэлцэн иржээ. “Постмодернизм ба утга зохиол”. Ийм нэгэн гүн гүнцгий утга агуулга бүхий ертөнцөөр аяллаа. Илтгэлийн эхэнд Улаанбаатар Их сургуулийн захирал, доктор, уран зохиол судлаач С.Байгальсайхан “ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлал, аман зохиол гээд бүх салбарынхан нийлж Монголд анх удаа “Монголын уран зохиолын их нэвтэрхий толь” гэсэн гурван боть гаргасан. Эдгээр ботиудаа номын сангууд, сургууль, соёл урлагтай холбоотой бүх хүмүүст гардуулсан. Тэр үед Н.Энхбаяр даргыг урьж гардуулах байсан ч ажилтай байсан тул амжаагүй. Н.Энхбаяр дарга бол Москвагийн Утга зохиолын дээд сургуулийг орчуулагч мэргэжлээр төгссөн Монголын цөөн хүмүүсийн нэг. Орос хэлнээс олон сонгодог зохиолуудыг орчуулсан. Бурхан багшийн сургаалийг англи, төвд хэлээр харьцуулж анх удаа гаргасан Монголын ард түмний оюунд үнэтэй үйл хийсэн.

Мөн Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн хамгийн маргаантай асуудлуудад оролцож, үзэл бодлоо илэрхийлж байсан. Үүний нэг тод жишээ бол судлаачдын дунд маргаантай байдаг Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэг, юуны тухай, ямар төрөл зүйлийн тухай, ямар утга агуулга илэрхийлсэн гэсэн маргаанд оролцож өөрийнхөө үзэл бодлыг дэвшүүлсэн явдал. Тиймээс бид Н.Энхбаяр даргад “Монголын уран зохиолын их нэвтэрхий толь” номоо гардуулахын зэрэгцээ оюутан залуучуудад нэгэн сонирхолтой сэдвээр лекц уншиж өгөхийг хүссэн юм” гэлээ.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр лекцийнхээ эхэнд “Би 1975-1980 Москва хотын Утга зохиолын дээд сургуульд сурсан. Манай ангид С.Пүрэв, Д.Давааням, доод ангид Г.Нямаа, О.Дашбалбар гээд тодорхой хэмжээгээр утга зохиол, соёл урлагтай өөрийн гэсэн орон зайг эзэлсэн хүмүүстэй хамт сурч байсан.

Тэр үед Габриель Гарсиа Маркес гэсэн Колумбын алдарт зохиолч “Зуун жилийн ганцаардал” ном бичиж, Монгол, Оросын хүмүүс амтархан уншиж эхэлсэн. Хорхе Луис Борхес, Габриель Гарсиа Маркес зохиолчийн өмнөх ер бусын реализм гэсэн урсгал, утга зохиолын арга хэлбэрийг анх гаргаж ирсэн хүмүүсийн нэг гэж үздэг. Бид тухайн үед зохиолыг нь олж уншиж чаддаггүй байлаа. Москвад төгсөж ирээд зохиолчдын хороонд ажилладаг байсан. Ажлаа тараад, эсвэл зав гарвал цайны цагаараа явдаг тогтсон замтай байсан. Сүхбаатарын талбайн хажуу дахь номын сантай кофе шопд заавал очно.

Монгол шуудангаар орж ном үзээд, цаашаа Их дэлгүүрийн хажуу дахь номын дэлгүүрээр ороод буцаад явдаг байлаа. О.Дашбалбар бид хоёр тэр замаараа яваад талбайн дэргэдэх номын сан ороход Хорхе Луис Борхесийн 1984 оны орос хэлээр гарсан өгүүллэгүүдийнх нь эмхэтгэлтэй анх таарч байсан. Энэ үеэс би зохиолчийг сонирхож, үе үе зохиолуудыг нь уншдаг байсан. Энэ зохиолчийн онцлог нь том хэлбэрийн зохиол бичдэггүй, богинохон өгүүллэгүүд бичдэг. Өгүүллэгүүд нь хэдэн роман болж задрахаар утга санаа, арга хэлбэртэй байдаг. Мөн өгүүллэг бүр нь хэд хэдэн судалгааны сэдэв болох боломжтой байсан” гэсэн юм.

Ийнхүү Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Постмодернизм ба утга зохиол” болон ер бусын реализм гэсэн урсгал, утга зохиолын арга хэлбэрийг анх гаргаж ирсэн хүмүүсийн нэг Хорхе Луис Борхесийн тухай лекц уншсаныг хураангуйлан хүргэе.

 

 МОДЕРНИЗМЫН ӨМНӨХ ҮЕ БОЛ XVIII ЗУУН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ

 

-Постмодернизмийг эхлүүлсэн сэхээтнүүдийн нэг гэж Хорхе Луис Борхесийг үнэлдэг. Илтгэлдээ Постмодернизм ба Хорхе Луис Борхесийн уран бүтээл гэсэн сэдвийг сонголоо. Пост гэсэн утга нь хоёр утгыг илэрхийлнэ. Дараа, эсрэг. Тэгэхээр модернизмийн дараа, эсрэг гэсэн үг. Модернизм гэж юу юм бэ, модернизм яагаад пост модернизмийг эсэргүүцсэн, пост модернизмийн дараа өөр зүйл бий юу, үүний дараах үеийг юу гэж нэрлэдэг зэргээр асуулт тавихаас өөр аргагүй. Постмодернизм төвөгтэй сэдэв учраас зөвхөн лекц дурдсанаар ойлгож болохгүй. Хүн бүр өөрийнхөөрөө ойлгох хэрэгтэй. Миний лекц бол XX зууныг тодор­хойлсон том урсгалыг сонирхох, суд­лах хүслийг өдөөж өгч байгаа хэрэг.

Постмодернизм гэж ямар нэг юмны дараа болсон эсвэл ямар нэгэн зүйлийг эсэргүүцэж гарч ирсэн үзэгдлийг ойлгохын тулд үүний өмнөх модернизмын үе байсан гэдгийг мэдэх хэрэгтэй. Модернизмын үеийн өмнө, өмнөх үе гэж байсан. Модернизмын өмнөх үе бол XVIII зуун хүртэл үргэлжилнэ. Үүнээс хойш модернизм эхэлсэн гэж ярьдаг. Модернизмын өмнөх үед хүн амьдрахад ойлгомжтой үе. Бурхан бүхнийг зааж байгаа тийм цаг үе байсан. Энэ үед бурхан тэнгэр, нийгмийн харилцаа, хүмүүсийн хоорондын харилцаа, утга зохиол, соёл, эрдэм шинжилгээ бүх зүйлийн төвд бурхан тэнгэр байсан. Үнэн гэвэл бурхан тэнгэрээс үүдэлтэй гэж үздэг. Хүний амьдралын утга учир ч гэсэн ойлгомжтой. Христэд итгэх, хайрлах, өөрийгөө тушаавал аврагдана гэсэн зарчим үйлчилж байсан үе байна.

 

МОДЕРНИЗМЫН ҮЕД ОЮУН УХААНЫГ ДЭЭДЭЛДЭГ ЦАГ ҮЕ ЭХЭЛЖЭЭ

 

-XVII зууны дунд үеэс эхлээд XX зууны дэлхийн I, II дайны дунд үе хүртэл модернизмын урсгалын цаг үе. Энэ үед бурханд итгэх итгэл багассан. Шекспирийн алдартай зохиол Гамлет зохиолын баатар Гамлет “Орших уу, эс орших уу” гэсэн асуулт тавьсан. Үүний өмнө бол ийм асуулт тавьдаггүй байсан. Энэ үед итгэл, бишрэл, сүжиг биш хүний оюун ухааныг дээдэлдэг цаг үе эхэлсэн.

 

ПОСТМОДЕРНИЗМЫН ҮЕД МЭДЛЭГ МЭДЭЭЛЛЭЭР СОЛИГДСОН

 

-Постмодернизмын үеийн модернизмаас ялгаатай нь нэг үнэн байхгүй. Олон үнэн байна. Үнэн болгон харьцангуй. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад энэ үнэн байна уу, үгүй юу гэдэг нь тогтоогдоно. Өнөөдөр үнэн зүйл маргааш худал болно. Мэдлэг болон боловсролтой болох гэдэг асуудал харьцангуй болсон. Зарим постмодернизм үеийн философчид мэдлэгтэй болно гэдэг үгсийн сангаа солих асуудал гэсэн байдаг. Постмодернизмын үед мэдлэг мэдээллээр солигдож байна. Мөн энэ үед үнэн бол зүгээр сэтгэлийн хөдөлгөөн.

Бид постмодернизмын үед амьдарч байгаа гэж хэлж болох ч оюун ухаан, сэтгэл, хөгжлийн түвшин, олон хүчин зүйлээс шалтгаалаад нэг хүн, нэг ард түмэн бүхий цаг үед зэрэг амьдардаг гэж хэлж болно. Бидний дунд модернизмын өмнөх үе, модернизмын үед, постмодернизм, постмодернизмын дараачийн үе рүү шилжсэн хүн байна. Тийм учраас лекцэд постмодернизмын тухай ярьснаар өнөөдрийн нийгмийг тодорхойлж чадахгүй. Энэ бүх үеүд зэрэг оршиж байгаа учраас бид үүнийг ямар нэгэн байдлаар мэдэж таньж байж, цаг үеэ мэдрэхэд хэрэгтэй байх. Зохиолчдыг зохиолуудыг уншихад, уран бүтээлийг ойлгоход дөхөм болов уу гэж Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр лекцэндээ онцоллоо.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 84 (7069)