С.УЯНГА

 

Ахмад настны эрхийн асуудлаарх судалгааны дүнг танилцууллаа. Энэхүү судалгааг өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж, арванхоёрдугаар сарын 26-ныг хүртэл явуулсан. 1700 гаруй хүн оролцсон бөгөөд 500 залуу үеийн төлөөллийг хамруулжээ.  “Ажил олгогчид буюу дийлэнх нь төрийн байгууллага, томоохон ААН-үүдийн албан хаагч, боловсон хүчин, дарга нар багтсан" гэдгийг "Мэдлэгийн хотхон” судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Г.Наранбаяр хэлэв. Тэрбээр "Орчин үеийн залуус буюу 20-оос доош насныхан ахмад нас гэдгийг өндрөөр хардаг болжээ. Судалгаанд хамрагдсан залуусын дийлэнх нь 70-аас дээш настай бол өндөр настан гэж үзнэ хэмээн хариулсан. Гэтэл эсрэгээрээ дунд насныхан өөрөөсөө 13 насаар ах бол тэр хүнийг "ахмад настан" гэж хардаг. Энэ нь нийгмийн онцлогоос шалтгаалж байна” хэмээн ярилаа.

Судалгаанд хамрагдсан залуусын 25.8 хувь нь “ахмад нас”-ыг 50 наснаас эхэлдэг гэж бодсоноо хариулжээ. Энд нэг сонирхолтой үзүүлэлт байгаа нь 30-35 насны залуусын дийлэнх нь ахмад нас 40 наснаас эхэлдэг гэж үзсэн байна. Харин 35-40 насныхны нэлээд хэсэг нь ахмад нас 50 наснаас эхэлдэг гэж хариулсан бол 16-18 насныхан ахмад насыг 60-70 гэж хэлсэн гэдгийг судалгаанд дурджээ.

Нийтийн тээвэрт ахмадуудад суудал тавьж өгөх ёстой гэж залуусын 81 хувь нь дэмжсэн санал илэрхийлжээ. Харин ахмад хүн тул оочер дугаар харгалзахгүй үйлчлүүлэх ёстой гэдэг саналыг 32 хувь нь дэмжихгүй гэж хариулсан байна. Мөн залуус ахмадуудын эх оронч сэтгэлгээ, үзэл хандлага, төлөвшил, тэсвэр тэвчээр, хатуужил, хариуцлага, зарчимч зан чанарыг хамгийн их үнэлдэг гэж хариулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 83 (7068)