Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил бүрийн тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон зарласан байдаг. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 30 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Тус өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хүний эрхийн үндэсний комисс, Эмнести интернэшнл, Глоб интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтарч мэдээлэл авах эрх, эрх зүйн орчны тулгамдсан асуудал, хэвлэл мэдээллийн ёс зүй, сэтгүүлчдийн аюулгүй байдал, асуудал,шийдэл, эв санааны нэгдлээ илэрхийлэх аяныг зохион байгуулж байна. Түүний нэг болох “Сэтгүүлзүйд хүний эрхийг хангах нь” хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Хэлэлцүүлгээр сэтгүүлзүйд хүний эрхийг хангаж чадаж байгаа эсэх талаар болон ямар зөрчлүүд ихэвчлэн гарч түүнийг хэрхэн зохицуулж байна. Цаашид хүний эрхийн асуудлыг яаж шийдвэрлэх талаар тус салбарын төлөөллүүд ярилцлаа. Хэвлэл мэдээллийн зөвлөл сүүлийн долоон жил буюу 2015-2021 оны хооронд 500 гаруй хүний эрхийн зөрчил, гомдлыг шийдвэрлэжээ. 2019 онд хамгийн олон буюу 106 гомдлыг хянан шийдсэн байна. Тухайлбал, эрэн сурвалжлагын гол дүрүүд гомдомтгой байснаас үүдэж шалгуулсан зөрчил хамгийн их байсан бол төлбөр нэхэж шантаажилсан асуудал оржээ. Харин ХМЗ-өөс залруулга гаргуулах, уучлал гуйх зэргээр гомдлыг барагдуулжээ.
Энэ үеэр ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дарга У.Тамир “Энэ жил дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ирээдүйн эрхээ бүтээх нь: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хүний эрхийг хангах хөшүүрэг мөн” уриан дор тэмдэглэж байна. Үүний хүрээнд хүний эрхийн байгууллагууд болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг сарын цуврал аяныг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь өнөөдрийн хэлэлцүүлэг. Чөлөөт хэвлэл мэдээлэл бол олон нийтийн итгэлийг тээгч байдаг. Баримттай, нотолгоотой үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олон нийт хэвлэл мэдээллээс хайдаг. Олж хардаг. Тиймээс дэлхий нийт хэвлэл мэдээллийг олон нийтийн хэл гэдэг. Манай сэтгүүлчдийн хувьд олон улстай хөл нийлүүлэн ажиллаж байна. Тодруулбал, өнгөрсөн жил Бельги улсын Брюссель хотод зохион байгуулсан ардчиллын тулгуур өөрийн зохицуулалт хэлэлцүүлэгт оролцож өөрийн улсын хэвлэлийн зохицуулалтын талаар Европын холбоо болон бусад орнуудад танилцуулсан. Ингэхэд манай улсын өөрийн зохицуулалтыг сайн жишиг болсон гэж үзсэн. Яагаад гэхээр Монголын сэтгүүлчид ёс зүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцдог, мэдээллээ залруулдаг соёлд суралцаж, хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримтлан ажиллаж байгаа” гэв.
Харин МСНЭ-ийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хоёр шинэ өөрчлөлтийг хийхээр ажиллаж байна. Хүний эрхийн зөрчлийг шийдвэрлэхгүй орхиж байсан гэдэг судалгаанд үндэслэн хүний эрхийн зөрчил гомдлыг үндсэн хуулийн цэц дээр хэлэлцдэг болох болон хүний эрхийн шүүхтэй болох хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харин сэтгүүлчдийн гаргадаг ёсзүйн алдаанууд нь ихэвчлэн санамсаргүй гаргасан болон мэргэжлийн ур чадвар дутмагаас болсон байдаг. Тэгвэл бид үүнийг өөрөө зохицуулдаг, өөрийн зохицуулалтын байгууллагатай болох нь хамгийн зөв гэж үзэж байгаа” гэв.
Харин өнөөдөр Монголын сэтгүүл зүй хүний эрхийг хангаж чадаж байна уу. Үүнийг цаашид хэрхэн шийдэх вэ гэдэг асуултад Монцамэ агентлагийн дотоод мэдээний албаны судалгаа, дүн шинжилгээний редакцын тоймч Б.Ариунзаяа “Миний бодлоор хүний эрхийг хангаж ажиллаж чадахгүй байна. Сэтгүүлчид редакцад төлөвшдөг гэдэг. Үүнтэй санал нийлэхгүй байна. Их дээд сургуулиуд хүний эрх болон ёс зүйн төлөвшлийг маш сайн олгох хэрэгтэй. Сэтгүүлчээр сурч байгаа оюутнууд дадлага хийхээр ирдэг. Гэвч хүний нууцыг хадгалж чаддаггүй. Энэ талын мэдээ мэдээлэл муутай байдаг. Тиймээс үүнийг их сургуульд суулгах хэрэгтэй” гэв. Харин ТВ5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат “Хэвлэл мэдээллийн салбар хүний эрхийг хангах тал дээр 50:50 хувьтай байна. Хүний эрхийг хангасан мэдээлэл нь хүний нүдэнд өртөхгүй байна. Сайн зүйлийн талаарх мэдээг хэн ч уншдаггүй. Харин муу мэдээнд бүгдээрээ дуртай. Тиймээс сэтгүүлчид иргэдийн сонирхолд нь тааруулан муу талын мэдээ бэлтгэдэг. Жижиг редакцууд нэгдэж нэгдмэл бодолтой болсноор энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. Тухайлбал, нэг хэвлэлийн хуралд 50-уулаа очсоноос нэг нь очоод бусдадаа түгээдэг. Харин очоогүй нэгэн нь өөр ажлуудаа амжуулдаг байвал мөнгө олох боломж нь нээгдэхээс гадна харах өнцөг ч сайжрах байх” гэв.
Гурван сая хүнтэй хэрнээ 500 ширхэг хэвлэл мэдээллийг байгууллага манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Мөн бүх төрийн байгууллагууд дэргэдээ хэвлэл мэдээллийн ажилтантай болсон. Ингэснээр тус салбарт ажиллах боловсон хүчин багассанаас гадна цалин мөнгө багатай учраас сонгон ажиллах хүмүүс цөөрчээ. Нэг үгээр боловсон хүчний дутагдалд орсон гэж хэлж болно. Мөн хэвлэл мэдээллийн салбарын 74 хувь нь улстөрчдийн мэдэлд байна гэдгийг энэ үеэр тэд хэлж байлаа.
Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга Ц.Энхбат “Сэтгүүлзүйд гадна болон дотоод орчны нөлөө их байна. Гадна орчны нөлөө буюу хууль эрх зүйн орчин муу учраас зөрчил их гардаг. Дотоод орчны нөлөө нь сэтгүүлчдийн ур чадвар дорой байна. Редакцын үйл ажиллагаа буурч сайтуудын хэмжээнд ажиллах нь их болсон учраас хүний эрхэнд халдсан мэдээлэл ихээр цацагдаж байна. Хэвлэл мэдээллийн санхүүжүүлэгч нь улстөрчид байна. Түүнээс үүдэж манай улсад төлбөртэй сэтгүүлзүй дэлгэрчихсэн. Үүнийг шийдэхийн тулд хэвлэл мэдээллийн зөвлөл хүчтэй байж салбараа цэвэрлэх хэрэгтэй” гэв.
Мөн соён гэгээрүүлэх мэдээ мэдээллээс илүү хар бараан мэдээлэлд дуртай байгааг онцолж байсан юм. Тухайлбал, амжилттай явж байгаад архинд орсон алдартан эсвэл загвар өмсөгч Э.Одгэрэл гал тогоондоо тавилгагүй гэдэг мэдээ л иргэдэд чухал байна. Нийгэм бүхлээрээ ёс суртахууны гажуудалд орсон. Ийм мэдээ үзэж өөрийн амьдралтайгаа харьцуулж тайвширдаг болсныг ирсэн хүн бүр хэлж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 82 (7067)