Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

 

Хүн бүрт хувь заяа, төөрөг тавилан гэж бий. Харин тэрхүү зам мөрөөрөө хэрхэн зөв явж, сайн, сайхан амьдрахыг  тухайн хүний оюун бодол, ухаан удирддаг билээ. Гэтэл ажил нь ахиж, амжилт нь нэмэгдэх тусам хүн илүү даруухан, энгийн байх нь хүн чанар, хүсэл мөрөөдлөө гээхгүй байхад тустай ажээ. Дипломатч О.Энхцэцэгийн хувьд амьдралдаа энэ л зармчмыг баримталж, төрийн албанд зүтгэхдээ Монгол Улс, гадаад харилцаа гэсэн хоёр үнэт зүйлээр  түшиг хийж, амьдралынхаа 39 жилийг энэхүү албанд зориулж яваа манай цөөхөн эмэгтэй дипломатчидын нэг билээ. Багаасаа л эрдэм боловсролыг эрхэмлэсэн сэхээтэн айлын охин болж төрсөн тэрбээр гадаад хэл сурах хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Англи, Орос хэлийг гаргууд эзэмшжээ. Дунд сургуулийн сурагч байхаасаа Англи хэлээ түшиглэсэн мэргэжил эзэмшинэ гэж зорьж байсан нь О.Энхцэцэгийг төрийн хүн, тэр дундаа олон улсад эх орноо төлөөлөх элчин, дипломатч болгоно гэж төсөөлөөгүй явсан нь лавтай.

Өнөөдөр Энх тайвны төлөөх олон талт үзэл ба дипломат үйл ажиллагааны олон улсын өдөр тохиож байна. Тиймээс   “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дипломатч О.Энхцэцэгийг урилаа.

 

Эрдэм, боловсролыг эрхэмлэсэн гэр бүл  

 

О.Энхцэцэгийн аав Ё.Очир Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул ажээ. Тэрбээр бага насаа сумандаа өнгөрүүлж, улмаар Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн их сургуульд элссэн байна. Сургуулиа төгсөөд ОХУ-ын Эрхүүд санхүү эдийн засгийн чиглэлээр дахин дээд боловсрол эзэмшсэн сэхээтэн хүн юм. Төгсөж ирээд Намын төв хорооны зааварлагчаар ажиллаж байгаад Гадаад худалдааны яаманд оржээ. Ё.Очир нийт 22 жил Гадаад худалдааны яаманд ажиллахдаа 16 жил нь сайдын алба хашсан төрийн хүн. Ингээд 1984-1988 онд Чех улсад суух Элчин сайдаар томилогдож, 1988-1990 онд БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарчээ. Ё.Очирын Монголын төрийн албанд зүтгэсэн эдгээр он жилүүдийн хөдөлмөрийг үнэлж, гавьяат эдийн засагч цолоор шагнажээ. Харин О.Энхцэцэгийн ээж Намсрайжав нь нь Төв аймагт төрж, өсчээ. Мөн Санхүү эдийн засгийн техниккумд суралцсан байна. Ингээд насаараа Ардын хянан шалгах хороонд байцаагч хийжээ. Тухайн үед өнөөдрийнх шиг АТГ гэж байсанүй. Тэдний хийх ажлыг тухайн үеийн  Ардын хянан шалгах хороон хариуцдаг байв. Эмэгтэй хүнд хүнддэх энэхүү ажлыг гардаж, тэр үеийн түргэн тусламжийн машинуудын асуудал, Алтан марк зэрэг дуулиан тарьж байсан хэргүүдийг илрүүлж байсан мөн л төрийн албаны хариуцлагатай хүн байсан аж. О.Энхцэцэг хэдийгээр жаахан байсан ч тухайн үед гэрийнх нь гадаа хамгаалалт гарч, гэр бүлийнхнийг нь хамгаалалтад авч байсныг тодхон санадаг гэнэ. Ийнхүү  Намсрайжав 1984 он хүртэл энэхүү албыг хашиж байгаад Ё.Очирыг Чех рүү Элчин сайдаар томилогдоход нь ажлаа өгчээ. О.Энхцэцэг таван хүүхэдтэй айлын дөрөв дэх нь. Том эгч О.Энхжаргал нь Олон улсын харилцааны дээд сургуульд дээд боловсрол эзэмшиж Гадаад худалдааны яам болон ГХЯ-нд ажиллаж байсан мөн л төрийн хүн.  Том ах О.Чинбат нь Ломоносовын нэрэмжит их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, олон жил “Mонцамэ” агентлагт ажиллажээ. Харин бага дүү О.Чинзориг нь МУИС-ийн хуулийн ангийг төгссөн бөгөөд өдгөө орчуулгын ажил эрхэлдэг ажээ. Ийм л эрдэм мэдлэг, боловсролыг дээдэлсэн сэхээтэн айлд өнөөдрийн нийтлэлийн баатар О.Энхцэцэг төрж, хүн болсон юм. Эд баялаг бус эрдэм номоор өөрийгөө гоёх,  сурч, мэдэхийн сайхныг тэрбээр ээж аав болоод ах, эгч нараасаа үлгэрлэдэг байна.

 

Сургуулиа улаан дипломтой төгсөв

Морин хуур чуулга болон манай урлаг соёлын алдартнууд НҮБ-ын танхимд тоглолтоо хийв.

Дипломатч О.Энхцэцэг Нийслэлийн 23 дугаар сургуулийг 1979 онд алтан медальтай төгсжээ. Энэ үед ОХУ-аас багш нар ирж хичээл заадаг байв. О.Энхцэцэгийн хувьд Орос хэлний хажуугаар Англи хэлийг бүрэн эзэмшсэн учир олон улсын харилцааны мэргэжлийг сонирхох болжээ. Тухайн үед сургуулиа онц төгссөн хүүхдүүдэд хуваариа өөрөө сонгохоос эхлээд олон боломж нээлттэй байсан үе. Гэвч О.Энхцэцэгийн яг өөрийнх нь зорьж байсан хуваарь байсангүй. Ингээд  аав, ээжтэйгээ зөвлөлдөхөд аав нь “Дан ганц хэл хэрэггүй. Хэлийг хажуугаар нь сурч болно. Харин мэргэжил хэрэгтэй. Тиймээс эдийн засагч болох уу” гэж саналаа хэлсэн гэнэ. Ингээд Төлөвлөгөөний эдийн засаг гэсэн хуваарь авахаар бодож байв. Энэ мэргэжлээр Ленинградад сурах байжээ. О.Энхцэцэг хүссэн хуваариа авч чадаагүй учир сэтгэл дундуур. Гэтэл тухайн жил Материал техник хангамжийн хорооны нэр дээр 20-30 хүүхэд гадаадад сургуульд явах хуваарьтай байж. Тэр дунд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн хуваарь байж таарсан гэдэг. Энэ хуваарийг хамгийн  өндөр оноотой хүүхдэд өгдөг тул О.Энхцэцэгт санал тавьснаар Олон улсын эдийн засагчийн ангид суралцахаар “алтан” Москваг зорьсон байна. Тэрбээр орос хэлийг төгс эзэмшсэн учир оюутан байх хугацаанд нь хүндрэлтэй асуудал тулгарсангүй. Харин ч хэлний мэдлэг, хичээл зүтгэлээрээ бусад оюутнуудыг манлайлж, 1984 онд сургуулиа улаан дипломтой төгсөөд эх орондоо буцсан байна. Оюутнууд сургууьд сурч байхдаа ГХЯ-нд харъяалагддаг байжээ. Зуны амралтаараа эх орондоо ирэхээр нь шалгалт авч, ажил даалгана. Ингээд сургуулиа төгсөөд ирэхэд нь дүнг нь харж байгаад харьяа байгууллага болон яамандаа хуваарилдаг дүрэмтэй байжээ. Ихэвчлэн бусдыгаа манлайлж онц сурсан мэргэжилтэнг яаманд авна. Үүний дагуу О.Энхцэцэг ГХЯ-ны хоёрдугаар буюу Зүүн Европ, баруун Европын орнуудыг хариуцсан хэлтэст дэд атташе гэсэн албан тушаалд томилогджээ. Ийнхүү түүний Монголын гадаад харилцааны салбарт оюун мэдлэг, сэтгэл зүрхээ зориулсан 39 жилийн эхлэл нь энэ цэгээс эхтэй юм.

 

Эмэгтэй дипломатчдын залгамж 

Олон улсын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон улстөрчдийн хамт.

1980-аад оны үед Монголын гадаад харилцаа, өргөжин тэлсэн онцгой цаг хугацаа байв. Энэ үед гаднаас сургууль төгсөж ирсэн мэргэжилтнүүдэд өндөр шалгуур тавьдаг байжээ. Төгсөгчид дипломатын тусгай шалгалт өгч, түшээ цолоо авснаар атташе болох эрх нь нээгддэг аж. О.Энхцэцэг ч ялгаагүй энэ замаар явж, одоогийн өөрийгөө бүтээсэн юм. Тэрбээр дипломат паспортоо авахаасаа өмнө Шведэд жуух бичиг барих ажиллагааны орчуулагчаар явж байжээ. Энэ үед тэрбээр албан паспорттай явж байсан гэнэ. Тухайн үед хамгийн хэмнэлттэй маршрут нь галт тэрэг байв. Ийнхүү Москва хүртэл вагоноор, түүнээс цаашаа ч дахин вагонд зорчиж, дунд нь усан онгоцоор явсаар зорьсон газраа ирж байжээ. Залуухан мэргэжилтэн маань сурталчилгааны том хайрцаг, Элчин сайдын яамны шуудан, өөрийн цүнх гээд нүсэр ачаатай эхний аялалдаа гарчээ. Эдгээр материалууд нь тун чухал учир өчүүхэн ч хариуцлага алдаж болохгүй. Ингээд эхний томилолтоо амжилтай дуусгаж ирээд, шалгалтаа өгснөөр албан ёсоор атташе болж, дипломат паспортоо өвөртөлсөн байна. О.Энхцэцэгийг сургуулиа төгсөөд ирэхэд ГХЯ-ны сайдаар М.Дүгэрсүрэн ажиллаж байжээ. Тэрбээр их зарчимч, шударга хүн байсан тухай дипломатч О.Энхцэцэг онцолж байсан юм. Сайд нь хэзээ ч хэн нэгнийг доогуур үнэлдэггүй, дөнгөж ирсэн шинэхэн мэргэжилтнүүддээ ч өөрөө хичээл зааж, дипломат хүнд байх ёстой олон зүйлийг хэлж, зөвлөж сургаж байсан гэнэ. Тухайн үед залуу мэргэжилтнүүд өгүүллэгүүдийг Англиас Орос хэл рүү орчуулдаг байжээ. Энэ ажлыг М.Дүгэрсүрэн сайд өөрийн биеэр шалгана. Ажил тарсны дараа сайд өөрөө дуудаад Англи хэл дээр нь уншуулдаг байж. Алдааг нь өөрөө хэлж, зааж зөвлөнө. О.Энхцэцэгийн хувьд ГХЯ-ны эмэгтэй дипломатчуудын залгамж халаа билээ. Харин Монголын анхны эмэгтэй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бол Л.Идэр гуай юм. Тэрбээр олон улсын байгууллагын хэлтсийн даргаар олон жил ажилласан,  НҮБ-д их нэр хүндтэй эмэгтэй байжээ. Түүний араас Б.Навчаа, н.Итгэл гээд мөн л шилдэг эмэгтэй дипломатчууд байсан тухай онцолж болохоор. О.Энхцэцэг эдгээр мундаг эмэгтэйчүүдийн араас тодорч явсан чадварлаг нэгэн.

 

Далайд гарцгүй хөгжиж  байгаа орнуудын бүлгийн санаачлагыг Монгол Улс анх гаргажээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  57 дугаар чуулганд оролцож байгаа Монголын төлөөлөгчид.

О.Энхцэцэгийн дипломат ажлаас онцолбол тэрбээр Нью-Йорк хотод хоёр удаа томилолт авч ажиллажээ. 1992-1997 онд Элчин сайдын дараагийн албан тушаал буюу хоёрдугаар Нарийн бичгийн даргаар анх томилогдсон түүхтэй. Энэ он жилүүдэд өдөр бүрийн хурал, уулзалтад тогтмол оролцож, орой төв рүүгээ мэдээ явуулахаас эхлээд хариуцлагатай алба байв. Тухайн үед НҮБ зургаан хороотой байдаг байв. Хөгжиж буй орнуудыг нийтэд нь, цааш нь задлахаар түүний дотор нэн буурай хөгжилтэй орнууд гэсэн ганцхан бүлэг байдаг байж. Энэ үед далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлэг гэсэн санаачлагыг анх Монгол Улс гаргажээ. Зургаан хорооны хоёрдугаар хороогоор зөвхөн эдийн засаг, санхүү, байгаль орчны асуудлыг ярина. Хуралдааныг сонсож байх үед нэн буурай хөгжилтэй 49 орны тухай их хөнддөг байжээ. Тэдэнд зориулсан хөнгөлөлтийн боломжуудыг ч онцолно. Гэтэл Монгол Улс нэн буурай орны бүлэгт багтах боломжгүй гэсэн судалгаа гарчээ. Учир нь энэ бүлгийн хамгийн чухал үзүүлэлт нь бичиг үсгийн боловсрол ажээ. Харин манай улсын 90 гаруй хувь нь бичиг үсэг тайлагдсан. Тиймээс өөрийн оронтой адил далайд гарцгүй орнуудын төлөөлөгч нартай уулзаж эхэлжээ. Гэтэл манайхтай адил 31 улс нэгдэж, бүлэг байгуулах шийдэлд хүрсэн байна. Ингээд өөрсдийн тулгамдаж буй асуудлыг нэгтгэж байр сууриа илэрхийлсээр иржээ. Энэхүү бүлгийг хүлээн зөвшөөрүүлж, бусад орнуудад ойлгуулахад мэдээж хугацаа хэрэгтэй. Тиймээс хурал бүр дээр асуудлаа ярьж, тэмцжээ. Ийнхүү 1995 онд зорьсондоо хүрч, Копенхаген хотод болсон нийгмийн хөгжлийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын баримт бичигт анх удаа далайд гарцгүй хөгжиж буй орнууд гэдэг үгээр нь оруулж чаджээ. Энэ хуралд төвөөс П.Жасрай дарга оролцож, Нью-Йоркоос О.Энхцэцэг орчуулагчаар нь ажилласан байна.  Энэхүү хуралдааны дараанаас НҮБ бүлгийг анхааралдаа авч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам асуудлууд нь шийдэлд хүрч, Женевт төвтэй худалдаа хөгжлийн бага хурлын байгууллагын хүрээнд эмзэг буюу  Далайд гарцгүй хөгжиж  байгаа орнуудын тухай асуудлыг авч хэлэлцэж, олон улсад хүргэж чадсан байна. Энэ ажлынхаа тухай О.Энхцэцэг “Жижиг орон ч ялгаагүй үндэслэлээ гаргаад, нэг  асуудлаа тууштай хөөцөлдөж, түүнийгээ зөв ойлгуулж чадвал амжилтад хүрдгийн тод жишээ энэ ажил байсан” гэж онцолсон юм. 

 

НҮБ-д ажилласан он жилүүд

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гм Мунд жуух бичгээ барив. Нью-Йорк хот 2007 он.

Нью-Йоркийн томилолтоо амжилттай дуусгасан О.Энхцэцэг 1997 онд эх орондоо иржээ. Тэрбээр яамандаа ирж, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2000 онд Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар томилогдоод, 2007 он хүртэл ажилласан байна. Үүний дараа түүнийг мөн л олон улсад явуулсан нь НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч гэсэн алба байв. Энэ нэр төртэй, хариуцлагатай ажлыг О.Энхцэцэг дипломатч 2012 он хүртэл хашсан юм. Тухайн үед тэрбээр өөрөөсөө гадна дөрвөн дипломатчидын хамт НҮБ-ыг зорьжээ. Мэдээж эх орноо төлөөлж ирсэн хүн өөрийн оронд тустай зүйл хийхийг л урьтал болгоно. Тиймээс өөрийн орны тэргүүлэх зорилт, чиглэлүүдийг боловсруулж эхэлжээ. Ингэж ажиллах хугацаандаа буюу 2010 онд  НҮБ-ын хоёрдугаар хорооны даргаар сонгогдон ажиллажээ. НҮБ дээр 193 орныг хамарсан таван газарзүйн бүлэг байдаг. Монгол Улс Ази номхон далайн бүлэгт багтдаг бөгөөд энэ бүлэгт 54 улс байдаг. Хоёрдугаар хороог өмнөх хоёр жилд нь чуулганыг Бангладешийн байнгын төлөөлөгч даргалдаг байсан гэнэ. Тиймээс дараагийн даргалах улс Африкаас  гарах байх гэсэн таамаглалтай байсан аж. Гэтэл нэг өдөр Энэтхэг улсын байнгын төлөөлөгч О.Энхцэцэг рүү утас цохижээ. Тэрбээр “Та хоёрдугаар хороог даргалахад нэрээ дэвшүүлээч” гэсэн санал тавьсан байна. Манай төлөөлөгчийн хувьд эхлээд саналаас татгалзсан гэнэ. Учир нь манайх бусад орныг бодвол арай бага дипломаттай байсан аж. Үүний дараа Бутан улсын байнгын төлөөлөгч түүнд дахин энэ саналыг тавьжээ. Ингээд О.Энхцэцэг саналыг төвдөө танилцуулжээ. Харин төвөөс түүнийг дэмжсэн байна. Гэвч нэрээ дэвшүүлсэн материалаа явуулж чадахгүй хэсэг өөртөө эргэлзжээ. Энэ үед бусад орны төлөөлөгч түүнийг дэмжсэн учир энэ нэр төртэй, хариуцлагатай албыг хашиж эхэлсэн байна. Тэрбээр ажлаа аваад хамгийн эхэнд арга барилыг өөрчлөх санаачилга гаргаж, шийдэлд хүрч чадсан байна. Түүний ажлын үр дүнд хорооны хуралдаан цагтаа эхэлж, төлөөлөгч нар ярих минутаа баримталдаг болж цэгцэндээ орсон аж. О.Энхцэцэгийн НҮБ-д ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн том ажлын нэг нь Морин хуурын чуулгыг НҮБ-ын тайзан дээр тоглуулсан явдал юм. Тухайн жил буюу 2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой тохиож байсан юм. Энэ цагт БСШУ-ны сайдаар Ё.Отгонбаяр ажиллаж байжээ. Тиймээс О.Энхцэцэг Азийн нийгэмлэгээр дамжуулаад, НҮБ-д эх орноо сурталчилах юм сан гэсэн бодол ээрэх болжээ.

НҮБ-ын өдөр аравдугаар сарын 24-нд тохиодог бол Монгол Улс НҮБ-д элссэн өдөр аравдугаар сарын 27-нд тохиодог. НҮБ-ын өдрөөр жил бүр Ерөнхий ассамблейн зааланд том хэмжээний концерт болдог аж. Тухайн концертыг гишүүн орон ч спонсорлож болдог гэнэ.  Тиймээс эх орноо сурталчилахын тулд энэхүү тоглолтыг зохион байгуулах эрхийг авч чаджээ. Ингээд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойгоор НҮБ-ын тайзан дээр Монголын морин хуурын чуулга, дуучин Э.Амартүвшин, С.Наран тэргүүтэй уран бүтээлчид очиж нэг цаг 30 минутын тоглолтыг амжилттай тоглосон байна. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд үг хэлж, 50 жилийн ойн маркны нээлт хийсэн гээд тухайн өдөр НҮБ зөвхөн Монголоор амьсгалж, Монголоор бахархсан өдөр болж өнгөрчээ. Энэ үед их ажлыг нугалсан НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч О.Энхцэцэг дипломат болсноороо хамгийн их бахархаж, омогшсон гэдгээ ярилаа. Одоогоор ГХЯ шинэ үе залгамж халаагаа Олон улсын харилцаа төгссөн мэргэжилтнүүдээс бүрдүүлж байна. Мөн Москвад ч энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг. О.Энхцэцэгээс эмэгтэй дипломатч байхын болоод сул талыг асуухад “Дипломат  ажлыг хийсэн энэ он жилүүдэд би ажлаа эмэгтэй хүнд хүндэдсэн, хэцүү гэж бодож байсангүй. Бидний гол хийх ажил улс орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмэр оруулж, чаддаг бүхнээ зориулах шүү дээ. Тиймээс цаг үргэлж эрдэм мэдлэгээ нэмж, хөгжихийг чухалчилсаар ирсэн. Хийж байгаа ажлаа мэддэг, чин сэтгэлтэй байхад дипломатч хүн эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу ялгаагүй” гэж хариулсан юм. Ийнхүү Монголын төр, дипломат албанд 39 жил ажиллаж буй О.Энхцэцэгийн  ажил, амьдралын замнал дуусах болоогүй байна. Түүний дараагийн томилолт хаана, хаашаа байхыг тааварлашгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 81 (7066)