Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Хүн төрөлхтний хамгийн үнэт зүйл бол хэл, соёл билээ. Өнөөдөр дэлхий даяаршихын хэрээр хүмүүс уг гарвал, бусдаас ялгарах ондоошлоо гээсээр байгаа нь үнэн. Түүний нэг жишээ нь үндэсний цөөнхийн уугуул хэл юм. Бид эх хэлээ хайрлан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор “Асуудал-Шийдэл: Өв соёл” буландаа цуврал нийтлэл хүргэж байгаа билээ. Өнгөрсөн дугаартаа бид Монголын үндэсний цөөнхүүдийн том төлөөлөл болсон цаатнуудын духа хэлний тухай онцолсон. Өнөөдөр Хөвсгөлийн Цагааннуур сумын нутагт харьяалагдах тайгад 40 гаруй өрх цаагаа маллан, өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлоороо аж төрж байгаа юм. Харин жилээс жилд цаатнуудын үндэсний хэл болох духа хэл мартагдахад хүрч, өдгөө 100 гаруй хүн энэ хэлээрээ ярьж байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Тэгвэл өдрөөс өдөрт алсран холдож буй энэ хэлийг сэргээх, авч үлдэх нь Монголын соёлын дархлааны нэгэн гол шигтгээ, дэлхийд эх орноо, хэл соёлоо гайхуулах гол хүчин зүйлийн нэг юм. Энэ удаагийн дугаартаа бид Хөвсгөлийн тайгад төрж, өсч торнисон О.Номин охины тухай онцолж байна. Түүний аав Очирбат, ээж Мөнхцэцэг нар духа хэлээрээ ярьдаг бөгөөд энэхүү үнэт өвөө охиндоо өвлүүлэн, зааж өгчээ. О.Номин өдгөө МУБИС-д математикийн багш мэргэжлээр суралцдаг юм байна.
“Би духа хэлээрээ ярих дуртай”
Их тайгын гүнд өглөөний нар ургахтай зэрэгцэн нам тайван, анир чимээгүй орчин угтах ажээ. Хаа нэг цаа буга хэвж, ижлээ ирэх мэт ийш тийшээ эврээ сэжлэн зогсох нь содон. Дэлхийн хаана ч байхгүй байгаль эхээ шүтэж, байгальтайгаа хамгийн ойр амьдардаг ястан бол цаатангууд юм. Цаатны отог хамгийн өндөрлөг, сэрүүн бүсэд цаан сүргийнхээ бэлчээрийн аяыг даган жилийн дөрвөн улирлын турш багадаа 6-8 удаа нүүдэллэдэг онцлогтой. Хашир хөгшид нь эртнээс жилийн төлөв шинжийг харж, нутаг бэлчээрийг урьдчилан таньж, идэш ургамал сайтай, чонын аюул хол газрыг сонгодог юм байна. Ийнхүү нүүдэллэж, эрдэнэт цааныхаа үр шимийг хүртэж, өв соёлоо уламжлан авч яваа айлын нэг нь Очирбатынх ажээ. Энэ айлын гэргийг Мөнхцэцэг, охиныг нь Номин гэнэ. Цаатангуудын амьдралын онцлогийг харахад хүүхдүүд нь Цагааннуур сумандаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, охид нь хот руу их сургуульд элсдэг бол хөвгүүд нь тайгадаа буцаж, эцэг эхдээ туслан цаагаа өсгөж, үржүүлэхээс гадна цэргийн албанд мордох үүрэгтэй байдаг гэнэ. Эр хүн цэргийн алба хааснаар аливаад тэвчээртэй болж хатуужил сууна. Энэ л жишгийн дагуу О.Номин охин Цагааннуур сумын дунд сургуулиа онц дүнтэй төгсөж, их эрдмийн аянд мордож, Улаанбаатар хотыг зорьжээ. Түүний хувьд үеийнхнээсээ эрт буюу зургаан настайдаа уншиж, бичиж сурсан байна. О.Номин “Би одоо МУБИС-д суралцдаг. Бага нас минь бусад цаатан хүүхдүүдийн адил аглаг тайгадаа өнгөрсөн. Манай цаатангуудын үндэсний хэл бол духа. Гэхдээ энэ хэлээр азай буурлууд маань ихэвчлэн ярьж байна. Харин миний хувьд үндэсний хэлээ ээж, ааваараа заалган бие дааж сурч эхэлсэн. Духа хэлээрээ ярих үнэхээр дуртай. Аав ээж хоёр минь төрөлх хэлээрээ сайн ярьдаг учир надад духа хэлээ сурахад хүндрэл гарахгүй байна” гэсэн юм. О.Номингийн хувьд сургуулийнхаа амралтаар л нутгаа зорино. Энэ үед Цагааннуур сум хүртлээ машинаар яваад цааш аав нь цаатайгаа тосч, хоёул тайгадаа очдог гэнэ. Түүнээс тайгын амьдрал хэрхэн өрнөдөг тухай асуухад “Цаатнуудын амьдрал өглөө галаа түлж, цайгаа чанахаас эхэлдэг. Одоо аав ээж хоёр минь өвөөлжөөндөө байгаа. Бидний амьдралын гол үнэт зүйл нь цаа шүү дээ. Бид цаагаа өсгөж, үржүүлэхээс гадна нүүдэл суудлаас эхлээд сүүгээр нь цагаан идээ боловсруулж, бүхий л хэрэглээндээ ашигладаг” гэв.
“Духа хэл казах хэлтэй төстэй”
Цаатангууд бол Түрэг гаралтай, Урианхай буюу Тува ястан. Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо зарласан. Харин Тува 1944 онд Зөвлөлтийн холбоонд нэгдэж, Оросын нэг хэсэг болжээ. Дэлхийн хоёрдугаар дайн болж их өлсгөлөнгөөс дүрвэсэн Тува, Буриад үндэстнүүд Хөвсгөлийн Тайга, Цагааннуурт орж ирж түр хугацаагаар суурьшиж байхад хил татаж, ах дүү амраг садангууд хоёр талд тусгаарлагдсан гэдэг. Өдгөө тайгадаа амьдарч буй цаатангууд бүгд ойролцоох сумандаа дунд боловсрол эзэмшдэг учир монгол хэлээр хоорондоо чөлөөтэй ярьж, залуус нь духа хэлээ ховор ашиглаж байна. Хүүхдүүд нь сургуульд монгол хэлээр хичээл заалгадаг учраас залуу хойч үе нь энэ хэлээ бараг хэрэглэхгүй болж нэг л мэдэхэд уусан алга болох вий гэж хөгшчүүл нь санаа зовдог ажээ. Энэ тухай О.Номин “Бидний хувьд хэл соёлоо марталгүй, эх хэлээ тэр хэвээр нь авч үлдэх ямар чухал болохыг би ойлгосон. Өнгөрсөн жилээс манай Цагааннуур суманд духа хэл заах болсон. Дунд сургуульд духа хэлээ зааснаар хүүхэд залуус эх хэлээ илүү хайрлах байх. Миний хувьд ч гэртээ харихаараа аль болох энэ хэлээрээ ярихыг чухалчилдаг” гэсэн юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тайгын эзэд ч урцанд амьдарч, цаа малладгаас бусдаар амьдралын хэв маяг нь илүү энгийн болж буй тухай хүмүүс ярьдаг. Тиймээс ч цаатангууд хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд ихээхэн анхаарч, сургуульд сургаж, дээд боловсрол эзэмшүүлэхийг илүүд үзэх болжээ. О.Номин “Духа хэлийг харж байхад казах хэлтэй төстэй санагддаг. Тоо нь адилхан хэллэгтэй байдаг юм. Манай буурлууд хоорондоо ихэвчлэн духа хэлээрээ хуучны дурсамж, залуу насныхаа тухай ярьж байгаа нь надад сайхан санагддаг. Манай цаатан залуус ч ялгаагүй духа хэлээрээ ярих чин хүсэлтэй байдаг. Тиймээс ахмадуудынхаа энэ хэлээрээ ярьж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг. Тиймээс настайчуудаасаа залуус бидний дэргэд үргэлж духа хэлээрээ ярьж байгаасай гэж хүсдэг” гэсэн юм.
Цагааннуур сумын сургууль духа хэлний хичээлийн хөтөлбөртэй
Цаатнуудын төрөлх духа хэлийг түрэг угсааны хэл гэж үзэх хүмүүс ч байдаг ажээ. Хэл аялгын хувьд 50-70 хувь нь язгуур монгол хэлний үгстэй ойролцоо байдгийг эрдэмтэд тогтоосон нь бий. Нүүдлийн амьдралтай цаатнуудын хүүхдүүд хичээлийн жилдээ л сургуульдаа сурч, амралтынхаа үеэр эцэг эхийнхээ хамт нүүдэллэж өнгөрүүлдөг. Тиймээс зуны сургалт, давтлага хийхэд хэцүү. Харин өнгөрсөн оноос Цагааннуур сумын сургуульд духа хэлний хичээлийн хөтөлбөртэй болсон нь цаг үеэ олсон алхам болжээ.
Хэл соёлоо хайрлан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь хүн бүрийн үүрэг. Ялангуяа үндэсний цөөнх болсон Монголын нэгэн шигтгээ, тод ялгарал цаатан түмний хэл аялга болох духа. Энэ л ард түмний түүчээ болж, төрөлх хэлээрээ ярьж, соёл уламжлал, эх хэлнийхээ дархлаанд үнэтэй хувь нэмэр оруулж яваа, тайгын охин О.Номингоос “Духа хэлээ энэ хэвээр нь авч үлдэхийн төлөө бид юуг хийх ёстой вэ” гэж асуухад “Цаатан түмний хэл болох духа нь бидний соёлын бас нэгэн том ялгарал. Тиймээс энэ хэлээ хадгалж үлдэх нь бидний үүрэг гэж бодож байна. Үүний тулд залуус бид хоорондоо байнга духа хэлээрээ ярьж байх нь чухал” гэсэн юм.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 80 (7065)