Т.САЙХАН

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.  Тэрбээр   "Энэ оны гуравдугаар сарын 24-ний өдөр ЦЕГ-аас Нийслэлийн прокурорын газарт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Өнөөдөр НПГ-аас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдөн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрэлдэж байна. Хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурор цагдаагийн байгууллагаас гаргахаар бэлдэж байна. Мөн 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна. Энэ ажлыг хэсгийг Эрүүгийн цагдаагийн дарга Т.Сүхболд ахалж ажиллана. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судлах, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх маш том кейс. Хүмүүсийг хэлмэгдүүлж, хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид хууль сахиулах байгууллага шалгана" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn