П.АМГАЛАНБАЯР
Завхан аймгийн Нөмрөг сумын ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш Х.Батнасан, нийгмийн ажилтан Т.Батжаргал нар “Нөмрөг сумын нутаг дахь түүх, соёлын өвийн тухай асуудалд” сэдвээр илтгэл тавилаа. Энэ үеэр тус сумын ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш Х.Батнасантай ярилцсан юм. Тэрбээр төрөлх сургуульдаа 20 дахь жилдээ ажиллаж буй.
-Нөмрөг сум дахь түүх, соёлын өвийн тухай асуудлаар сонирхолтой илтгэл тавилаа. Илтгэлийн хүрээнд юуг онцолж тусгахыг зорив?
-Нөмрөг сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний нэг болох эрдэм шинжилгээний бага хуралд түүх, соёлын дурсгалт өвийн асуудлаар илтгэл бичлээ. Түүх, соёлын дурсгалт өвийн тухай хөндөнө гэдэг миний хувьд сургуулиа төгсөж ирээд түүхийн багшаар ажилласнаас хойшхи мөрөөдөл байсан. Хэлэлцүүлэгт оролцож буй эрдэмтэд, гавьяатуудаас судалгааны ажилд суралцаж байгаагаа том завшаан гэж бодож байна. Алслагдсан сумын сургуулийн багш нарт оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Мөн орон нутаг судлалд үнэтэй хувь нэмэр боллоо гэж энэ эрдэм шинжилгээний бага хурлыг дүгнэж байна.
Сумын Засаг даргын захирамжийн дагуу хамгаалалтад авсан түүх, соёлын дурсгал, бүртгэл болон иргэд, ЕБС-ийн сурагчдаас авсан судалгаагаар тооллогод оруулж хамгаалалтад авах шаардлагатай мөн устаж үгүй болох магадлалтай түүх, соёлын дурсгалын талаар илтгэлдээ хөндсөн. Нөмрөг уулын хошуу буюу Завхан аймгийн Нөмрөг сумын нутгаас хүрэл, төмөр зэвсгийн үед холбогдох түүхэн дурсгалууд олдсоор байна. Түүх, соёлын дурсгалыг судлан шинжилж дахин давтагдашгүй үнэт өвөөрөө бахархах, хайрлан хамгаалах, хадгалан өвлүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна гэж үзсэн. Нөмрөг сум дахь түүх, соёлын дурсгалыг улсын тооллогод хэд хэдэн удаа хамруулсан ч тусгайлан судалгаа, шинжилгээний ажил хийгээгүй. Тиймээс орон нутагт байгаа түүх, соёлын дурсгалын үүрэг зориулалт, холбогдох цаг хугацааг тогтоож, судалгааны эргэлтэд оруулан орон нутгийн судлалд өөрийн гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор судалгааны ажлыг бичлээ.
-Одоогоор хэчнээн түүх, соёлын дурсгал бүртгэгдсэн бэ?
-2005 онд Засаг даргын захирамжаар хамгаалалтад авсан түүх, соёлын дурсгал хүн чулуун хөшөө гурав, буган чулуун хөшөө зургаа, хиргисүүр 69, дөрвөлжин булш 79 байна. Харин 2020 онд төрөл тус бүрт нэг дурсгалыг нэмж бүртгэсэн. 2022 оны долдугаар сарын 3-4-нд Соёлын өвийг сэргээн засах төвийн ажлын хэсэг, Завхан аймгийн музейн мэргэжилтнүүд, Нөмрөг сумын ажлын хэсэг хамтран ажилласан. Хойд өргөргийн 48 градус, 53 минут, 16 секунд, зүүн уртрагийн 96 градус 56 минут, 36 секунд координатын солбилзолд байрлаж байсан буган чулуун хөшөөг Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын цогцолбор байгуулах зорилгоор зөөвөрлөсөн. Ингэснээр Хүдрэг багийн Ялаат нуурын хажуугийн буган чулуун хөшөөний цогцолборт далайн түвшнээс дээш 1833 метр өндөрт өргөгдсөн координатын солбилзолд байршуулсан.
-Судалгаанаас үзэхэд цаашид түүхэн соёлын дурсгалаа хайрлан хамгаалахын тулд ямар ажлууд хийх ёстой гэж судлаач хүний хувьд үздэг бэ?
-Нөмрөг сум дахь түүх, соёлын дурсгалын үнэ цэн, ач холбогдлын талаар иргэдэд мэдлэг ойлголтыг сайн өгөх ажлыг орон нутгаас зохион байгуулах хэрэгтэй гэж боддог. Түүх, соёлын дурсгалын хадгалалт хамгаалалтын асуудлаар онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Мөн нутаг орныхоо талаар сайн мэддэг иргэдийг түшиглэн түүх, соёлын дурсгалыг улсын тооллогод бүртгүүлэх, цогцолбор, дурсгал бүхий газруудын ойр нутаглаж байгаа малчидтай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний урамшуулал өгөх замаар хамгаалах, булш хиргисүүрийг тонох асуудалтай тэмцэх шаардлагатай гэж боддог.
-Та Нөмрөг сумын ЕБС-д 20 жил түүх, нийгмийн ухааны багшаар ажиллажээ. Түүхэн дурсгалын өв соёлоо хайрлаж хамгаалах тал дээр хүүхдүүдэд зориулсан ямар ажил хийхээр зорьж байна?
-Орон нутаг судлалын дугуйлан хичээллүүлэхийг зорьж байна. Ингэснээр хүүхдүүд түүхээ судлах, хайрлан хамгаалах, хүсэл эрмэлзлийг бадраах юм. Мөн энэ чиглэлээр туршлага хуримтлуулсан Ховд аймгийн Манхан сумын ЕБС-ийн туршлагаас судалж дэлгэрүүлэхийг зорьж байна. Орон нутаг судлал, өв соёл, түүхийн агуулгыг заах нь амьдралд нь илүү ойрхон болов уу. Хамгийн гол нь түүх, нийгмийн ухааны хичээлээр эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд орон нутаг судлалыг түшиглэх нь зөв юм байна гэж бодож байна. Соёлын өв давтагдашгүй үнэт зүйл гэдгийг хүүхдүүдээр дамжуулж иргэдэд зөв ойлголт өгдөг.
-Ажлын гараагаа хэзээ ээхэлж байв. Таныг Нөмрөг сумын уугуул гэж сонссон?
-Ээж минь энэ нутгийн уугуул. Би Нөмрөг сумын Дархан-Уул багт төрж, өссөн. Өдгөө сумынхаа 100 жилийн түүхэн хуудасны 40 гаруй жилийг бичилцэж явна. Үүний 20 жилд сургуулийнхаа түүх, нийгмийн ухааны багшаар ажилласан байна. Их сургуулиа төгсөөд сумандаа ажиллах сонирхлоо дагаад ирж байлаа. Мөн нас өндөр ээж минь нутагтаа хүлээж байсан юм.
Тухайн үед мэргэжлээрээ ажиллах боломж байгаагүй. Насан туршийн боловсролын багшийн орон тоо гарч дөрвөн жил ажилласан. Энэ үед сургуулийн маань нэг багш цагаа илүүчилж намайг мэргэжлээрээ ажиллах боломжийг олгосон. Мэргэжлээрээ ажиллах болсон тэр өдрийг би хэзээ ч мартдаггүй. Миний амьдралын хамгийн баяртай үеийн нэг. Түүхийн боловсролыг өөрийнхөө зорьсон хэмжээнд хүүхдүүдэд олгох юмсан гэсэн хүсэл мөрөөдөл минь ингэж 2007 онд биелсэн. Сүүлд сонсоход тухайн үед манай сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Лувсандорж, сургуулийн захирал хоёр зөвлөж байгаад намайг мэргэжлээрээ ажиллах цаг нь болсон гэж боломж олгосон юм билээ.
Эхний 10 жил багш болоход суралцсан хугацаа байсан. Харин сүүлийн 10 жил төлөвшин бий болох, бие даах хэмжээнд очсон цаг үе. Сурагчдаа түүхээрээ бахархах, үнэт өв соёлоо өөрийн болгох, үүнийг үүрэг талаас нь ойлгуулахад түлхүү анхаарал хандуулж байна. Сумандаа ажиллаж, амьдарч түүхийн шарласан хуудсыг имэрч амьдарч байгаагаа их хувь заяа гэж боддог.
-Таны хүүхэд нас тахилгат Баянзүрх уулынхаа өвөрт өнгөрчээ?
-Манай нутаг хангай газар. Байгалийн үзэсгэлэнт газруудтай. Хутагт хувилгаадын өлгий нутаг. Миний төрж өссөн Дархан-Уул багт манай нутгийн тахилгат Баянзүрх уул байрладаг. Ариун дагшин энэ газар төрж өссөн их хувь заяандаа бэлгэшээдэг. Ойгон, Тэлмэн, Хоёр жинс нуур, Нөмрөг, Хөдрөгийн уулс, Хатавчийн хүрээний туурь, хутагтуудад зориулсан гэрэлт хөшөө гээд манай нутагт очиж үзэх, сэтгэлээ ариусгах сайхан газрууд их бий.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)