П.АМГАЛАНБАЯР
Сүрлэг өндөр уулс нь алсыг ширтэн дүнхийж, чимээ анирдах уудамд талын салхи сэвшээнэ. Уул, ус ургамал ногоо жигдэрч, байгалийн сайхан тогтоц бүрэлдсэн эх орныхоо баруун хязгаарт орших нутаг бол Завхан аймгийн Нөмрөг сум. Дэлгэсэн тэрлэг шиг уудам Монголынхоо нэгэн эд эс нь болон бүрэлдэн буй Нөмрөг, Хөдрөгийн нуруу, Чадвар Баянзүрх, Их бага Хайрханаа түшиглэх Нөмрөг сум өдгөө 100 жилийн замналаа бичиж буй.
Монголын анхны сумдын нэг болох энэ газраас төрөн гарсан төр нийгмийн сэхээтэн, эрдэмтэд, хутагт хувилгаадын цуваа тасрахгүй үргэлжилнэ.
Тэдгээрийн түүчээ, сумынхаа төдийгүй эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж нэгэн цаг үеийн түүхийг бичилцэж буй эрхмүүд танхимд цугларчээ. Тэднийг нэгэн ширээний ард суух сэжмийг холбосон зүйл нь бол яах аргагүй төрсөн нутаг ус нь. Учир нь арвин их түүхэн замналтай Хотгойдын Цогтой вангийн хошууны төв-Нөмрөг уулын хошуу, Нөмрөг сум байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
Хуралд Гавьяат багш, доктор, профессор, Ц.Гэлэгжамц, ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулганы дарга, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Н.Бэгз, Гавьяат багш, доктор, дэд профессор С.Отгонжаргал, Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ч.Дагвадорж тэргүүтэй эрхмүүд цуглаж, сонирхолтой илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Мөн Нөмрөг сумын зон олны төлөөлөл ч энэхүү арга хэмжээг зорин иржээ. Уг хурлыг Нөмрөг сумын Засаг даргаар ажиллаж, нэгэн үеийн түүхийг бичилцэж явсан Д.Лувсандоржийн охин СУИС-ийн багш, доктор Л.Долгоржав санаачлан зохион байгууллаа. Мөн сумын Засаг даргын тамгын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, “Хос бичиг” сан хамтран ажиллав.
Нөмрөг сумын түүхэн замнал
Эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулганы дарга, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Н.Бэгз нээж үг хэллээ. Тэрбээр Нөмрөг сумынхаа түүхэн замналын хуудсыг сөхөн ийн өгүүлэв.
1921 он. Энэ үед үндэсний ардчилсан хувьсгал ялжээ. Харин 1922 онд Ардын засгийн газраас Монголын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм батлан гаргасан байна. Харин 1923 онд Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм батлан гаргасны үндсэн дээр орон нутгийн засаг захиргааг шинэ төрийн үзэл баримтлалд нийцүүлэн ардчилсан замаар зохион байгуулах чиглэлийг өгчээ. Ингэснээр Хотгойдын Цогтой вангийн хошуу, Засагт хан аймгийн Цогтой вангийн хошууг нутгийн том уулсуудаар нэрлэж анхны дөрвөн аймаг байгуулсны нэг нь Хантайшир уулын аймаг. Ийн ноёны нэрээр нэрлэгдэж байсан хошууг Нөмрөг уулын хошуу болгожээ.
Нөмрөг уулын хошууг зохион байгуулах хурал 1923 оны наймдугаар сард болж, Хошуу даргаар хуучин хошууны ноён байсан З.Дамдин-Авшааг сонгосон байна. Мөн түүхийн хуудаснаа Завхан аймаг, тэр дундаа Нөмрөг уулын хошуу Халх-Ойрадын олон зуун жилийн дайн байлдааны голомт болж байсан хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Энэ нутгийнхан олон үеэрээ дайн дажны гамшгийг амссан учир, аюулаас зугтаж Алтайн хязгаар, Енисей мөрний эх, Сэлэнгийн эх хүртэл дайнаас дайжиж дүрвэж явсан байна. Хамгийн сүүлийн том дүрвэлт нь Лувсан-Ренчинг дагаж, Өвөр Монголын Хөх хотод очсон хүмүүсийн үр сад өнөөдөр ч гэсэн Нөмрөгт аж төрж буйг хурлын эхэнд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, академич Н.Бэгз өгүүлэв. Тэрбээр “Зовлон үзсэн ард түмэн хэрсүүжиж ухааждагийн нэг тод жишээ бол Нөмрөг нутгаас эрдэм, номтой том хутагт хувилгаад, төрийн зүтгэлтэн, урлаг соёлын олон алдартан төрж гарсан байдаг гэдгийг тэмдэглэж хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Жишээлбэл, Ардын засгийн анхны Ерөнхий сайд Жалханз хутагт С.Дамдинбазар, Улиастайн сайд агсан Дилов хутагт Жамсранжав, Ялгуусан хутагт Лувсанданзан, Арь гэгээн Дамдинчогдон, Төр нийгмийн зүтгэлтэн Б.Элдэв-Очир, Аж үйлдвэрийн яамны дэд сайд Б.Батжаргал, Сангийн сайд, Монгол банкны Ерөнхийлөгч Д.Моломжамц, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбат, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Содномпил, УИХ-ын гишүүн агсан Р.Амарсайхан, Үндэсний Oлимпын хорооны ерөнхийлөгч агсан Д.Загдсүрэн зэрэг нэрсийн цуваа урт үргэлжилнэ. Мөн эрдэмтдийн төлөөлөгч гэхэд ШУА-ийн жинхэнэ гишүүн гурван хүн байна. ШУА-ийн бага чуулганы дарга нар, одоогийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, бага чуулганы дарга нар төрөн гарсан. Мөн Нөмрөг сумын харьяат хүмүүс дотор Шинжлэх ухааны таван доктор, дэд эрдэмтэн, дэд доктор 45 төрсөн эрдэм номын өлгий нутаг юм. Мөн дээр дурдсан бүх эрдэмтэн мэргэд, алдартнуудыг төрүүлж өсгөж хүн болгосон алдарт эхчүүд тэр бүр нэр нь цуурайтаж, алдар хүндийн тавцанд гарч чаддаггүй ч гэсэн манай нутгийн хамгийн эрхэм хүндтэй хүмүүс гэдгийг онцлох хэрэгтэй. Тэднийхээ ач буянаар хүн болж, эрдэм ном эзэмшиж, өдий зэрэгт яваа. Би Ойгон нуурын захад Нөмрөгт төрж өссөн. 1959 оноос хойш Түдэвтэй сумын харьяат болсон ч 1970 хүртэл Нөмрөг суманд сурч байсан нутгийн унаган хүн” хэмээлээ.
Нөмрөг уулын хошуу анх таван сумтай байгуулагджээ. 1931 онд сум нь засаг захиргааны шинэ зохион байгуулалтаар Нөмрөг, Тэлмэн, Улаагчин, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг рүү нийлсэн зохион байгуулалтад орсон байна. 1959 онд хамгийн сүүлийн том зохион байгуулалтыг хийж Нөмрөг сумын баруун даваанаас хойших Ойгон нуурыг тойрсон нэг, зургаа, долдугаар баг, Нөмрөгийн арын тавдугаар багийн хагас нь хуучин Сартуулын Түдэвтэй сумын гурван багтай нийлж шинэ Түдэвтэй сум байгуулагдсан байна.
Энэ үеэр Гавьяат эдийн засагч, доктор, Монголбанкны ерөнхийлөгч асан, Д.Моломжамц ОХУ-аас мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “Эрдэм шинжилгээний Бага хурлаар сумын түүх, шашин, соёлыг гүнзгийрүүлэн судлах хийгээд орон нутаг судлалыг хөгжүүлэх асуудалд түлхэц өгөх зорилго тавьж байгаа нь сайшаалтай. Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд орон нутгийн хөгжилд тулгараад байгаа, шийдвэр хүлээсэн зарим асуудлуудад анхаарлаа илүү хандуулна гэж найдаж байна. Иргэд орон нутагтаа аж төрж, хөдөлмөрлөж, амьдрах бүхий л талын боломжийг бий болгох асуудал нь манай төр, засгаас орон нутгийн хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байх ёстой юм. Уг хурал нь сумын түүх, шашин соёлыг гүнзгийрүүлэн судалж, орон нутгийг хөгжүүлэх асуудалд түлхэц өгнө гэж харж байгаа. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар санамж бичиг үйлдэж аймаг сумдын удирдлага, УИХ-д хүргэж, төр засгийн анхааралд хүргэнэ байх гэж найдаж байна” хэмээн мэндчилгээндээ онцолжээ.
“Манай нутгийнхан зоригтой, шаргуу, хөдөлмөрч хүмүүс”
Илтгэлийн үеэр сонирхолтой яриа өрнүүлж, нутгийнхаа түүхийн талаар дурсамж дэлгэж байсан хүний нэг бол Нөмрөг сумын уугуул ахмад багш Л.Энхтөр байв. Тэрбээр сумынхаа сургуульд сурч төгсөөд мэргэжил эзэмшиж ирээд долоон жил түүх, пионерийн удирдагч багшаар ажилласан байна. Нутгийнхаа талаар “Социализмын үед мал аж ахуйн гурван бригад гэж байсан. Бригад нь одоогийн хэллэгээр баг болчихсон. Аав ээж минь Дархан-Уул багийн уугуул хүмүүс. Бид Хотгойдын домогт баатар Чингүнжавын үр удам шүү дээ. Манай нутгийнхан зоригтой, шаргуу, хөдөлмөрч хүмүүс бий. Нутаг маань өвлийн улиралд их хүйтэн. Зундаа сэрүүвтэр, эрс тэс уур амьсгалтай. Байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнтэй байгальтай хангайн бүс. Нөмрөг уулын орой дээр хаан, хатан хоёр том жинст чулуу бий. Эртнээс нааш тахиж шүтэж ирсэн хажуудаа тахилгын овоотой. Хаан, хатан хоёрт жинст нутгийн иргэд сүү, цайныхаа дээжийг өргөж, залбирч сүсэглэдэг. Нөмрөг, Хөдрөг гээд хоёр том уул бий. Нөмрөг хайрхан нь нутгийн иргэдээ нөмөрч хамгаалдаг. Харин хөдрөг уул нь хөдөрч хамгаалдаг юм гэнэ лээ. Нөмрөг гэдэг уулын өмнө одоогийн сумын төв оршиж байгаа. Энэ сайхан нутагтаа төрж, овоглож явдагаараа баярлаж бахархдаг” гэсэн юм.
Арвин их түүхийн өлгий болсон Завхан аймгийн Нөмрөг сумаас улбаатай дурдатгал цаглашгүй аж. Ийнхүү Эрдэм шинжилгээний бага хуралд “Их хутагтын чандрыг нутагт нь залсан нь”, “Дилова хутагтын АНУ-д зохион байгуулсан Монгол хурим” зэрэг арван илтгэл хэлэлцүүлж, түүхийн сонирхолтой цаг хугацаанд хүмүүсийг хөтөллөө. Уг хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээр номын авшиг буулгаж, Нөмрөг нутгийн нэгэн түүхийн хуудас шинээр бичигдэх нь олзуурхууштай.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)