С.УЯНГА
Хотын иргэдийн хоолойд тулчихаад байгаа түгжрэлийн шийдлийг эрэлхийлэх гол үүрэгтэй үндэсний хороо хуралдав. Түгжрэл хариуцсан сайд, хотын орлогч нараас эхлээд бодлого боловсруулдаг бүхий л албан тушаалтнууд зэрэгцэж суугаад гарц шийдлээ гаргаж тавив. Өмнө нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг шийдэхдээ үр дагавраар баримжаалсан түр зуурын гал намжаах арга хэрэгжүүлдэг байсан бол цаашид урт хугацаандаа үр дүн өгөх, судалгаан дээр тулгуурласан шийдлийг танилцуулж буй нь гол онцлог байлаа.
Хуралдааныг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар даргалав.
Албаны хүмүүсийн үгнээс харвал Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь гол өргөн чөлөөг өргөтгөх, нэгдүгээр эгнээг чөлөөлөх, нийтийн тээврийг сайжруулахад чиглэх аж. Мөн дотор тойргийг бий болгох, гэр хорооллын авто замуудыг сайжруулах тэр дундаа боловсролын салбарын шинэчлэлд түлхүү анхаарах шийдлийг хэлж байна. Үүний хажуугаар дугуйн зам, гүүрэн байгууламжийг нэмэх шаардлагатай байгаа. Үр дүнд нь түгжрэл 18 хувиар буурч, дундаж хурд 13 км цаг болно гэсэн хүлээлттэй байгаагаа ч ний нуугүй ярилаа.
Судалгаанаас харвал, Улаанбаатар хотын иргэд өглөө ажилдаа явахдаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг голчлон зорьдог. Их, дээд сургуулийнхан 100 хувь Бага тойрууг чиглэн явдаг бол төрийн үйлчилгээ авах иргэд бүгд Сүхбаатар дүүргийг зорьдог аж. Өөрөөр хэлбэл, Энхтайваны өргөн чөлөө нийт зорчигчийн урсгалын 30.6 хувийг авч байна. Тиймээс Улаанбаатар хотын дөрвөн өргөн чөлөөнд шинэ эгнээ нэмж, нэгдүгээр эгнээг чөлөөлснөөр түгжрэл буурч, нийтийн тээврийг хуваарийн дагуу зорчуулах боломжтой болно гэж үзжээ. Дөрвөн өргөн чөлөөнд нэг эгнээ нэмэх замын урт 13.6 километр, шаардлагатай хөрөнгө оруулалт нь 16.4 тэрбум төгрөг. Ингээд нэгдүгээр эгнээг чөлөөлбөл, түгжрэл найман хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 10.2-11.7 км/цаг болж өснө гэв. 2007 онд нийслэлийн иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол 2015 оны байдлаар 34 хувь болж буурчээ.
Түгжрэлийг бууруулах хүрээнд их, дээд сургуулийг хотын зах руу нүүлгэх саналыг Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс дэвшүүлэв. Учир нь оюутнууд хичээлдээ явахын тулд өглөө бүр хотын бүх хэсгээс Бага тойргийг зорьж, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж байгааг тус төвөөс хийсэн судалгаанд дурдав. Иймд сургуулиудыг нүүлгэж, оюутнуудыг дагасан худалдаа үйлчилгээ, кофе шоп зэрэг бусад бизнесийн байгууллага хотын төвөөс нүүвэл хөдөлгөөн сийрэг болно хэмээн үзсэн байна. Үндэсний хорооны ээлжит III хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г батлуулах тогтоол гаргалаа. Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Чингэлтэйн өргөн чөлөө, Шар хадны зам, Энхтайвны гүүрний буцах эргэлт, АПУ компанийн уулзвар орчим, Мишээл экспогийн хойд тал, Улиастайн зам, Нарны замын нэгдүгээр эгнээг өргөтгөн шинэчилж, нийтийн тээврийн автобуснууд зорчдог байхаар зохион байгуулахыг үүрэг болгов. Авто замын ачааллыг бууруулах зорилгоор гэр хорооллын нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт 27.3 км авто зам тавих, дамжин суух терминалыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулан ажиллахаар боллоо. Түүнчлэн Улаанбаатарын төвийн болон баруун, зүүн бүсийн дугуйн зам, гүүрний ажлын санхүүжилтийг шийдэх юм.
Түгжрэл бууруулахад “дарга” нар ямар шийдэл, бодлого танилцуулсныг хүргэе.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва:93 мянган хүүхэд төв рүү сургуульд явж байна
-Төрийн өмчийн таван их, дээд сургуулийг Дэд төвүүдийг түшиглэн, гэр хорооллын хэсэгт нүүлгэхэд Засгийн газраас онцгой анхаарч, кампусыг нь барих мөнгийг шийдэх хэрэгтэй. Таван их сургуулийг тойроод хоёр километрын радиус дотор ерөнхий боловсролын 28 сургууль байна. Тэнд 72 мянган хүүхэд суралцдаг. Мөн хотын хойд хэсгийн гэр хорооллоос 93 мянган хүүхэд хотын төв рүү сургуульдаа явж байна. Гэр хороололд тус бүр нь 960 хүүхдийн суудалтай 52 сургууль баривал 540 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингэвэл замын хөдөлгөөний түгжрэл 16 хувиар буурна.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг: Зорчилтын нэгдсэн мэдээллийг гаргана
-RFID уншигчийг байрлуулж дууссан. Гол гурван үр дүнгийн нэг нь зорчилтын нэгдсэн мэдээллийг гаргана. Хоёрдугаарт, зорчилттой холбоотойгоор зохион байгуулалтын арга хэмжээ авах, гуравдугаарт, төлбөр тооцоог цахимаар хийх юм. Одоогоор бид тодорхой байршлуудад камер тавьж, тоолдог. Наадамчдын өргөн чөлөө нь нийт зургаан эгнээтэй, 8.2 километр үргэлжилсэн зам, зорчилт хоногтоо 86 мянгаас дээш гарч байна. 46-50 мянган машин авах чадалтай зам нь хоногтоо 86 мянгаас дээш гарч, тэг зогсолт болж байна. Энэхүү өргөн чөлөөг хөндлөн чиглэлд хоёр, урд хэсэгт нь нэг холбоос хийхээр төлөвлөсөн.
Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Замын цагдаагийн газрын дарга С.Баасанжав: Цахилгаан скүүтер бол түгжрэлийг бууруулах шинэ шийдэл
-Мопед, мотоцикл, унадаг дугуй, цахилгаан дугуй, скүүтэр хэрэглэгчдийн авто замын түгжрэлд нөлөөлөх нөлөөлөл, шийдвэрлэх асуудлууд байна. Цахилгаан скүүтер нь дэлхий дээрх хамгийн хурдацтай хөгжиж буй технологийн нэг бөгөөд тээврийн салбарт нэвтэрч цаг хугацаа, мөнгө хэмнэх, байгальд ээлтэй, сэтгэл ханамж, нийгмийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой инновацийн шинэ бүтээл юм. Шинэ үеийн залуусын сонголт болж хөгжиж байгаа дээрх нэр бүхий тээврийн хэрэгсэл 2022 онд Монгол Улсын хилээр 1050 ширхэг орж ирж борлуулагджээ. Авто замын түгжрэлийг сааруулахад ихээхэн нөлөө үзүүлэх дээрх тээврийн хэрэгслийг жолоодон авто замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангахад сайтар анхаарах шаардлагатай байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар: Энэ онд 730 автобусыг шинэчлэнэ
-Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаас гадна авто тээврийн хяналт, такси үйлчилгээ, ачаа тээврийн үйлчилгээ, хүүхдийн автобус, ажилчдын автобус, техникийн хяналтын үзлэгийн төв, авто үйлчилгээг бүхэлд нь сайжруулахыг зорьж байна. Тодруулбал, их багтаамжийн дизель автобус 600, дунд багтаамжийнх 50, цахилгаан 160 гээд нийт 810 автобус ирнэ. Эхний ээлжийн автобус тавдугаар сард ирэх бөгөөд энэ ондоо багтан 737 автобусыг шинэчлэнэ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн: Дугуйн зам, гүүр түгжрэлийг гурван хувиар бууруулна
-Унадаг дугуйн зам, гүүрэн байгууламжийн дэд бүтцээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламжид 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Өнөөдрийн байдлаар зураг төсөл нь боловсруулагдаж байгаа дугуйн замын тухайд 17 байршилд 24.5 км зам барих, найман байршилд 3.1 км гүүрэн байгууламж нийт 27.6 км зам, гүүрэн байгууламжийн зураг төслийг боловсруулсан байна. Энэ онд дөрвөн байршилд 3.18 км дугуйн зам, гурван байршилд 1.67 км гүүрэн байгууламжийг шинээр барина. Ингэснээр түгжрэл гурван хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан.
Эх сурвал: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 78 (7063)