Базарбямбын НЯМСҮРЭН

 

Жил бүрийн тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Хэвлэл мэдээлэл хараат бус байж чадаж байна уу, олон нийтийн мэдэх эрхийг хангахын төлөө ажиллах нөхцөл боломж бүрдэж чаддаг уу, хэвлэлийн эрх чөлөөг чөдөрлөсөн “тушаа”-г хэн, хэрхэн тайлах вэ зэргийг бид энэ өдөр хэлэлцдэг.

Тэгвэл эрх чөлөөний өдрөө угтаж өнөөгийн хэвлэл мэдээллийн нөхцөл байдал ямар байгааг дүгнэж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг салбарын мэргэжилтнүүд тогоон дотроо хэлэлцэж, сайн муугаа ярилцав.

ХҮЭК, МСНЭ, Хэвлэлийн хүрээлэн, Хэвлэл мэдээллийн зөвлөл, "Глоб интернэшнл" ТББ зэрэг салбарын экспертүүд хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой хуулийн зохицуулалт өнөөдөр манай улсад ямар байгаа талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн байгууллага өөрийн хэвлэл мэдээлэлтэй байхыг хориглосон заалт бий. Хэвлэл мэдээллийн байгууллага төрөөс ангид байх, олон ургальч үзэлтэй, хараат бус байх зарчмыг бий болгох зорилготой энэ хуулийн заалт маань практик дээр бүрэн хэрэгжиж чаддаг уу. Харин ч төрийн байгууллага хэвлэлгүй гэсэн "цэвэр" нэрийн дор далд санхүүжилт, гэрээгээр халхавчилсан ил цагаан магтан дуулалт болж хувирч байгаа юм биш биз гэдэг асуудлыг олон нийт ч, хэвлэлийн байгууллагууд ч санал шүүмжлэл болгон дэвшүүлдэг. Үнэхээр өнөөдөр манай улсад хэтэрхий олон хэвлэл мэдээллийн байгууллагатай, тэдгээр нь хараат бус гэхээс илүү улстөрчдийн санхүүжилтээр “амьдардаг” бодит нөхцөл байдал байсаар байгааг ч Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандахын илтгэлд дурдсан байлаа. Өөрөөр хэлбэл, хуульдаа төр хэвлэлгүй байх ёстой гэж заачихаад, хэвлэлийг далдаар санхүүжүүлж "угжиж" , улс төрийн арга хэрэгсэл болгон ашигладаг байдал өнөөгийн хэвлэлийн салбарт амь бөх оролцсоор  байгааг тэр онцлон анхааруулав. 

Харин МСНЭ-ийн мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа шүүмжлэлтэй саналтай байсан юм. Түүний шүүмжлэлийн хариуд Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах болон ХЭҮК-ын гишүүн Т.Нарантуяа нар хуулийн төслийн талаар тайлбар хийсэн юм. Энэ үеэр өрнөсөн зарим байр суурийг хүргэе.

 

З.Боргилмаа: Одоогийн хуультай харьцуулахад бүр дордуулчихаж

 

-“Яг одоо энэ ширээн дээр байгаа хуулийн төслийг өнөөдөр анх удаа харж байна. Хэдийгээр энэ арга хэмжээг МСНЭ хамтран зохион байгуулж байгаа ч зарим талаар өөр байр суурьтай байгаагаа дуулгамаар байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн асуудалтай заалт байгааг хэлмээр байна. Жишээ нь, “...хуулийн зорилго нь бусдын эрх, эрх чөлөө, нэр төрийг хамгаалах зорилготой” гэж төсөлд оруулжээ. Монголд нэр төр хамгаалах зорилготой хуулийн заалт хэзээ хэрэгждэг вэ гэхээр албан тушаалтны нэр төрийг хамгаалах тухай асуудал үүссэн үед л хэрэгждэг. Хэн нэгэн хүний нэр төрд халдлаа гэхэд эрх хязгаарлах шийдвэр гаргуулж болох юм байна. Энэ шийдвэр нь Хүний эрхийн үндэсний комиссоос гарах юм байна. Энд шуудхан хэлэхэд, би ХЭҮК-д итгэдэггүй. УИХ-аас санхүүждэг байгууллага, улстөрчдийн эсрэг зогсч чаддаггүй байгууллагын дүгнэлтээс хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарлаж болох заалтыг оруулсан энэ хуулийн төслөөс би хувьдаа айж байна.

Цаашлаад энэ хуулийн төсөлд “Хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хамгаална” гэсэн байна. Тэгсэн мөртлөө ямар тохиолдолд эх сурвалжийг ил болгох вэ гэдэг  дээр маш олон заалт оруулжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн хуультай харьцуулахад бүр дордуулчихсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд эх сурвалжийг хамгаална гэсэн заалт байдаггүй ч гэсэн олон улсын гэрээ конвенциор дамжуулаад бид одоо эх сурвалжаа боломжийн хэмжээнд хамгаалж чадаад байгаа.

Мөн хуулийн төслийн 10.1 дүгээр зүйлд “Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын олон ургальч байдлыг дэмжих төрийн тэтгэлэгтэй байна. Тэтгэлэг олгох шалгуур нөхцлийг тогтоосон журмыг Засгийн газар батална” гэж заасан байна. Төсвөөс санхүүжилт авахгүй байх нь хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол үндсэн шинж гэдгийг бид 30 жил ярьж ирсэн. Гэтэл харин ч төрөөс ил тод дэмжлэгтэй байхыг хуульчилж байгаа харагдаж байна. Бүр цаашлаад, энэ тэтгэлгийг Засгийн газраас олгоно гэсэн байна. Гэтэл хийж байгаа ажлыг нь шүүмжилсэн хэвлэлд Засгийн газар мөнгө өгөх үү, өөрсдийг нь магтан дуулсан хүмүүст өгөх үү. Энэ мэтээр салбарын эрх зүйг дээрдүүлэх төсөл гэж ийм түүхий төсөл танилцуулаад УИХ-ын тайланд явуулна гэдэг маш ичгэвтэр санагдаж байна.

 

М.Мөнхмандах: Хэмжээ хязгааргүйгээр эх сурвалжаа хамгаалах эрх хаана ч байхгүй

 

-Одоо хэлэлцэж байгаа энэ хуулийн төсөл бол загвар хууль юм. Загвар хууль гэдэг нь олон улсад тогтсон хэм хэмжээг тодорхой болгож өгдөг онцлогтой. Яавал бид олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцсэн эрх зүйн зохицуулалттай болох вэ гэсэн чиг баримжааг бий болгосон загвар хууль гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл, яг энэ төслийг  өнөөдөр УИХ-д өргөн бариад батлуулах гэж байгаа юм биш. Хоёрдугаарт, энд орсон ихэнх үндэслэл, хуулийн заалтууд нь олон улсад ямар байдаг тэр жишгийг дагах гэж оролдсон гэж үзэж байгаа. Жишээлбэл, эх сурвалжаа нууцлах эрх зүйн зохицуулалтын тухайд “зөвхөн шүүхийн шийдвэрээр” гэсэн маш чухал зохицуулалт оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага, албан тушаалтан, цагдаа хэн ч байсан сэтгүүлчийг дарамтлаад эх сурвалжийг илчлэх, эрхгүй гэсэн үг. Эх сурвалжаа илчлэх шаардлага хэрэгцээ гарлаа гэхэд тэр нь Эрүүгийн хэрэгтэй холбоотой, хяналт шалгалтын үйл явцтай холбоотой байж, түүнийг нь шүүхийн шийдвэрийн дагуу зохицуулах юм. Эрх чөлөөгөө хамгаалах тухай зохицуулалт үнэндээ манайд одоогийн байдлаар Олон нийтийн радио телевизийн тухай хуулиас бусад хуулиар баталгаажаагүй. Тийм учраас олон нийтийн радио телевизэд ажилладаг сэтгүүлч, уран бүтээлч хэвлэл мэдээллийн ажилтанд хамаарах боловч бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд хамаардаггүй. Энд онцгойлж хэлэхэд хэмжээ хязгааргүйгээр эх сурвалжаа хамгаалах эрх хаана ч байхгүй. Бусад улс орнуудад ч эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотойгоор эх сурвалжаа илчлэх шаардлагатай гэдэг зохицуулалтууд бий.

 

ХҮЭК-ын гишүүн Т.Нарантуяа: Сэтгүүлзүйн гурван зарчмыг баримталсан

-Бидний зорилго заавал энэ хуулийг батлуулах гээд байгаадаа гол биш. Хамгийн гол нь хараат бус, олон ургальч хариулагатай, ил тод байх ёстой гэсэн сэтгүүл зүйн гурван үндсэн зарчмын үүднээс иймэрхүү зохицуулалтууд хэрэгтэй байна гэдэг үндэслэлээр хуулийн төслийг оруулж ирсэн.

 

Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 77 (7062)