Б.ДОЛЖИНЖАВ

Нүхэн жорлонг халж, боловсон ариун цэврийн байгууламжтай болох хувьсгалыг эхлүүлж байгаа талаар “Монголын жорлонгийн ууган холбоо”-ноос өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ын ерөнхийлөгч Д.Басандорж “Дэлхийн хоёр тэрбум орчим хүн нүхэн жорлон ашигладаг. Сүүлийн таван жилд улс орон нүхэн жорлонгийн асуудлаа шийдвэрлэснээр дээрх үр дүнд хүрсэн. Дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь Ази тивд амьдардаг. Эдгээрээс Хятад, Энэтхэг хоёр нүхэн жорлонгоо өөрчилж шинэчилж чадсан. АНУ-ын эрдэмтдийн тооцоолсноор өдөрт 2.1 тэрбум кг шингэн хаягдал, 0.6 тэрбум кг өтгөн хаягдаж байна. Монгол Улсад өдөрт 5.25 сая тонн шингэн, 1.4 сая тонн өтгөн хаягдал хуримтлагдаж байгаль орчин, хөрсөнд ил задгай хаягдаж байна. Агаарын бохирдлоос илүү ус, хөрсний бохирдол үндэсний хэмжээний гамшиг болсныг дээрх тоо баримт харуулж байгааг БОАЖ-ын сайд мэдэгдсэн. Улаанбаатарын хөрсний 90 орчим хувь нь нянгийн бохирдолтой. Энэ нь олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болох эрсдэлтэй. Эрүүл аюулгүй амьдрах орчинд эрхтэй иргэд улаан шороон дотор бохир жорлонтойгоо амьдарч байна.Тиймээс энэ асуудалд санаа зовж, үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдээд "Монголын жорлонгийн ууган холбоо"-г байгууллаа. Ингээд нүхэн жорлонгоос салах хөдөлгөөнийг эхлүүлж, хувьсгал зарлаж байна. Монгол Улсын цаг агаар 2.24 градусаар дулаарч, цөлжилт манай улсыг бүхэлд нь бүрхлээ.Сум, суурин газарт хоёр сая гаруй нүхэн жорлон байна.Үүний 600 гаруй мянга нь нийслэлд байна.Улаанбаатарын гэр хорооллын айлын жорлонгийн хажууд худаг байрладаг.Сүүлийн 100 жилийн хугацаанд Африк тэргүүтэй орнууд нүхэн жорлонд хувьсгал зарлаж, үүнээсээ салчихлаа. Тогтвортой хөгжлийн зорилт батлагдаад гурван жил болсон ч ахиц дэвшил гарсан уу.Соруулдаг нүхэн жорлонгийн тендэрт их мөнгө гарздаж байна. Тиймээс бид ямар ариун цэврийн байгууламж Монголд тохирох, ямар технологи байх вэ гэдгийг  нарийвчлан судалж технологийн хувьсгал хийнэ.Гэр хорооллын нүхэн жорлонгийн эрүүл ахуйг хариуцсан байгууллага ААН байхгүй. Тиймээс хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгож энэ чиглэлээр дорвитой ажил хийхээр манай холбоо хувьсгал эхлүүллээ. Засгийн газрын 49 дүгээр тогтоолын дагуу Хөрс хамгаалах өдрийг тохиолдуулан энэ сарын 28-нд нүхэн жорлонг халах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд үндэсний хэмжээний зөвлөгөөн хийх гэж байна.Энэ үеэр Монголын нөхцөлд тохирсон жорлонг хэрхэн хийх, ямар технологийг сонгох талаар хэлэлцээд тавдугаар сард Д.Сүхбаатарын талбайд жорлонгийн үзэсгэн зохион байгуулна.Бүх аймаг, суманд салбар зөвлөлөө нээн идэвхитэй ажиллана.Ингэснээр гурван жилийн хугацаанд бид нэлээд өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна” гэж ярилаа.

Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тогтоожээ.Тодруулбал, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний 2-4 хувь нь нүхэн жорлонгоос ялгардаг байна.

Энэ талаар “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрхэмбаатар “Нүхэн жорлон бол манай улсын тулгамдсан нэг асуудал мөн.Үүнийг Засгийн газраас төсөв гаргаж эсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн шийдвэрлэх боломжтой.Тиймээс манай холбоо технологийн шинэчлэл хийж, ямар хөрсөнд ямар ариун цэврийн байгууламж тохирох стандарт баталж, иргэдэд зөвлөгөө өгч ажиллан иргэдийн оролцоотойгоор нүхэн жорлонгийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна” гэв.

Тус холбооноос 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа аймаг, сум, байгууллага, хамт олныг нүхэн жорлонг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа.

 Эх сурвалж:www.polit.mn