Д.Дарамбазар
Чөлөөт бөхийн ААШТ Казахстаны нийслэл Астанад дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний энэ өдөр Монголын шигшээ багийн гурван эмэгтэй тамирчин медаль авлаа. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-д П.Орхон мөнгөн медаль, 72 кг-д Э.Даваанасан, 53 кг-д Б.Болортуяа нар хүрэл медаль хүртэв.
Мөнгөн медаль хүртсэн П.Орхоны хувьд Энэтхэг болон Хятадын бөхчүүдийг өвдөг шороодуулж финалд шалгарсан. Аваргын төлөө Киргизийн Айсулуу Тинибековад 9-5 харьцаагаар ялагдсан юм. Харин Б.Болортуяа Өмнөд Солонгосын бөхийг ялсныхаа дараа хагас шигшээд Японы бөхөд цэвэр ялагдсан ч хүрэл медалийн төлөө Тайванийн бөхийг цэвэр ялсан. Мөн Э.Даваанасан ч Тайванийн бөхийг ялж хүрэл медаль хүртсэн юм.
Энэ өдөр монголын шигшээ багийн таван бөх барилдсанаас 57 кг-д зодоглосон Б.Эрдэнэсувд хүрэл медалийн барилдаанд Энэтхэгийн бөхөд ялагдав. Харин 65 кг-д өрсөлдсөн Б.Шоовдор хэсгийн шатнаас хасагдсанаар ийн тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Ийнхүү ААШТ-ийг зорьсон эмэгтэй шигшээ баг хоёр мөнгө, хоёр хүрэл медальтайболов. Харин өнөөдрөөс эрэгтэй жингийн барилдаанууд эхлэх хуваарьтай. Манай тамирчид 10 жинд хүч үзнэ.
Эх сурвалж: www.zms.mn