Баатарын НЯМСҮРЭН

 

Дүрэмт хувцсаар гоёж, энхийн манаанд зогсох хариуцлагатай бөгөөд бахархмаар салбар бол зэвсэгт хүчин. Өргөсөн тангаргатаа үнэнч байж цаг үргэлж ажилдаа шамдах тэдний хөдөлмөрөөр бахархахгүй байхын аргагүй. Алба хаагчдын сэтгэлд эх орон нь бүхлээрээ багтдаг ажээ. Мөн хэлсэндээ хүрдэг, цаг баримталдаг, хүнд бэрхийн өмнө сөхөрдөггүй, тэвчээр хатуужилтай зан чанарыг цэргийн албан хүнд сургадаг юм байна. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Мэдээллийн аюулгүй байдлын офицер, дэслэгч Э.Эрдэнэцэцэгийг урилаа.

 

Хүсэл мөрөөдлөө биелүүлсэн алхам

Э.Эрдэнэцэцэг Дорнод аймгийн Баянтүмэн хэмээх буйдхан нутагт төрж өссөн. Багаасаа л цэргийн хүн болох мөрөөдөлтэй охин байжээ. Дүрэмт хувцсаар  гоёсон ямар ч хүн цэмбэгэр, сүр жавхлантай харагддаг. Тиймээс энэ дүр зургаар өөрийгөө төсөөлдөг байсан тэрбээр өнөөдөр албан хаагч болж тэргүүндээ сүлд, мөрөндөө мөрдэс гялалзуулж явна. Тэрбээр хилийн цэргийн 0151 дүгээр ангид Радио телеграфчний дамжааг төгсөж амжжээ. Энэ алхам нь түүнд  мэргэжил рүүгээ улам ойртох алхам болсон ажээ. Ингээд бичиг баримтаа бүрдүүлээд Зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой байгаа тухайгаа өргөдөл бичээд ЗХЖШ-ын Хүний нөөцөд өгч байжээ. Энэ зоригтой алхам нь түүнийг цэргийн амьдралтай нэг мөсөн холбосон байна. Э.Эрдэнэцэцэгийн цэргийн амьдралд татагдах болсон шалтгааны нэг нь түүний төрсөн эгч юм. Түүний эгч хилийн цэрэгт ажилладаг байна. Цаг үргэлж өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй дайчин бүсгүй гэвэл тэрбээр эгчийгээ онцолсон юм. Э.Эрдэнцэцэгийн хувьд 2016 оны гуравдугаар сарын 29-нд Зэвсэгт хүчний 353 дугаар ангид планшетчин уншигчаар ажиллаж эхэлсэн байна. Учир нь ажиллах явцдаа ҮБХИС-д эчнээгээр суралцаж, 2022 онд цэргийн инженер мэргэжил эзэмшсэн ажээ. Ажилд ороод найман сарын дараа ЗХЖШ-ын даргын тушаалаар дэд ахлагч, 2020 онд ахлагч, 2023 онд дэслэгч болж офицерийн эгнээнд багтжээ.

 

Энхийг сахиулагч

Э.Эрдэнэцэцэгээр бахархахгүй байхын аргагүй нэгэн гавьяа гэвэл тэрбээр 2019 онд НҮБ-ын эвийн цэнхэр далбаанд нэгдэж, энхтайвны бэлгэ тэмдэг болсон цэнхэр малгайтан болжээ. Тухайн үед Өмнөд Судан руу 850 албан хаагч явснаас 60 нь эмэгтэй байсан гэдэг.  Хэрэв зэвсэгт хүчинд алба хаагаагүй бол хилийн чанадад үүрэг гүйцэтгэж, энхийг сахиулах ажиллагаанд явахгүй байсан. Тэрбээр Өмнөд Суданд 1.1 жил холбоочноор ажилласан байна. Энхийг сахиулах ажиллагаанд явахын тулд багагүй шалгуурыг давсан тухайгаа ярьсан юм. Эхлээд ангидаа биеийн тамирын шалгалт өгчээ. Дараа нь ангийн удирдлагын хуралдаанаар сонгогдсон албан хаагчид ЗХЖШ руу очдог байна. Мөн эмчийн үзлэг болон биеийн тамирын шалгалтыг тусад нь өгнө. Эдгээр шалгуурыг давсны дараа хоёр сарын хугацаанд Тавантолгойд хээрийн бэлтгэлд хамрагдажээ. Ийнхүү дэлхийн энхтайвны төлөө ээж аав, элгэн садан, гэр бүл, эх орноосоо нэг жил хол байх мэдээж хялбар байгаагүй нь лавтай. Гэвч энэ цаг хугацаа түүнд олон зүйлийг ойлгуулж, ажил мэргэжилдээ үнэнч, зоригтой, аливаад тууштай хөдөлмөрч байх үндэс суурь нь болж өгсөн байна. Мөн цэрэг хаана ч очсон сул дорой бус, аливаад дасан зохицох чадвараараа манлайлагч байж чаддаг аж. Нэг жилийн хугацаанд эх ороныхоо үнэ цэнийг ихэд мэдэрчээ. Энэ тухай түүнээс асуухад “Цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөл, амьжиргааны түвшин, аж байдал нь үнэхээр хэцүү газар очсон. Монгол жилийн дөрвөн улиралтай бол Судан улс халуун орон. Бид нүүдэлчин удмаа залгамжлан, уудам тал нутагтаа тааваараа амьдардаг малчны гэрт төрж өссөн нь юутай ч зүйрлэмгүй их хувь заяа гэдгийг  ойлгосон” гэж байсан юм.

 

Сонирхогчоос мэргэжлийн тамирчин болов

 

Э.Эрдэнэцэцэг нь ажил үүргээ биелүүлэхээс гадна фитнессээр хичээллэдэг мэргэжлийн тамирчин юм. Тэрбээр 2016 оноос энэ спортоор хичээллэж эхэлсэн байна. Э.Эрдэнэцэцэг энэ оны фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, Бикини модель төрлийн 163 см-ийн ангилалд 200 гаруй тамирчин оролцсоноос финалын шат хүртэл амжилттай өрсөлдөж, шилдэг 10-т багтжээ. Тэрбээр энэхүү тэмцээний тухай “Тэмцээн уралдаанд оролцож буй ямар ч тамирчин түрүүлнэ л гэсэн зорилготой байдаг. Өөртөө итгэх итгэл, өөрийгөө ялан дийлсэн их хүч, нууцхан догдлол, битүүхэн айдсаар тэмцээний салхийг хагалж шилдэгт багтах хүртлээ яваад финалын шатнаас хасагдах үнэхээр харамсалтай байсан” хэмээн тухайн үеийн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэмцээний бэлтгэлийн үеэр хөдөлмөрлөж байгааг харсан багш нар нь цэргийн хүн арай л өөр байна хэмээн магтсан гэдэг. Эрүүл амьдралын үндэс нь дасгал хөдөлгөөн. Тиймээс эрүүл чийрэг, өв тэгш бие бялдарыг эрхэмлэх шалтгаанаар анх энэ спортоор хичээллэж эхэлсэн байна. Тухайн үедээ бодибилдингийн тамирчин болж, тэмцээн уралдаанд орно гэж бодоогүй гэнэ. Илүүдэл жин, хөдөлгөөний дутагдлаас ангижирч, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг зорьжээ. Харин явцын дунд нэгэнт хөлсөө урсгаж, хугацаа зарцуулж байгаа юм чинь илүү том зорилго тавьж, тамирчин болох итгэл үнэмшил түүнд төрсөн аж. Ингээд сонирхогчоос тамирчны эгнээнд шилжиж анх удаа Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Бодибилдинг фитнессийн ирээдүйн мистерүүд”-д хүч сорьж байжээ. Э.Эрдэнэцэцэг фитнессийн спортоор хичээллэснээр өөртөө нэгэн шинэ түүхийг бүтээж, илүү том амжилтын төлөө тэмүүлэх болсондоо сэтгэл хангалуун байгаа аж.

 

“Цэргийн хүн үйлдлээ хянаж, олны дунд биеэ зөв авч явах ёстой”

 

Цэргийн албанд ажиллаж буй албан хаагчид үргэлж даргын тушаалаар ажилладаг журамтай. Тэд  хаана ч явсан үг үйлдэл, хэл яриагаа хянаж, олны дунд биеэ зөв авч явж, цэвэрч нямбай байхыг эрхэмлэдэг. Э.Эрдэнэцэцэг одоогоор зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажиллаж байгаа. Ажлаа аваад удаагүй ч ажил мэргэжилдээ эзэн нь болж, даалгасан үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлж яваа энэ цагийн шилдэг эмэгтэй офицерийн нэг юм.  Хэдийгээр шантрах үе гардаг ч тухайн үед хэрхэн эхэлж байснаа санаж, өөрийгөө зоригжуулдаг тухайгаа ярьж байсан юм. Цэргийн хүмүүс эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлаж зүтгэнэ хэмээн тангараг өргөдөг. Э.Эрдэнэцэцэг хэмээх бүсгүйн амьдралын түүхээр аялахдаа түүний хөдөлмөр, тэвчээрийг  мэдэрснээ нуух юун. Тэрбээр “Зууны мэдээ” сониноор дамжуулан Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхаа удирдлага, хамт олондоо баярлаж, талархаж байгаагаа илэрхийлснийг уламжилъя.     

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)