П.АМГАЛАНБАЯР
Монголын анагаах ухааны салбарт нэгэн түүхийг бичилцэхээр уламжлалт анагаах ухааны салбарын төлөөлөл болсон эрдэмтэн, профессор, багш, эмч нар болон оюутнууд танхимд цугларчээ. Учир нь “2019 оны наймдугаар сараас хэрэгжүүлсэн “Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслийн хүрээнд эхний 50 боть номоо өлгийдөн авлаа. Номын нээлтийг гавьяат жүжигчин, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж болон түүний хүү Ц.Соёл-Эрдэнийн морин хуурын эгшиг, ерөөлөөр эхлүүлсэн юм.
Уншигчдад шинэ санаа, шинийг бүтээх боломжийг нээнэ
Уламжлалт анагаах ухааны 50 боть ном нь гурван хэсгээс бүрджээ. Тодруулбал, VII-XX зууны үеийн Монголын эмч маарамба, эрдэмтдийн бүтээл, 1972 оноос хойшхи Монгол Улсад хэвлэгдсэн уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээний бүтээл, 1990 оноос Монголын уламжлалт анагаах ухааны салбарт зүтгэж яваа эрдэмтдийн бүтээлүүдийг багтааж уншигчдын хүртээл болгож байна. Энэ үеэр тус төслийн удирдагч, Анагаахын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болдын сэтгэгдлийг сонслоо.
Тэрбээр “Энэ төслийг анх 2015 онд “Уламжлалт анагаах ухааны өвийг хамгаалах, ашиглах, арилжааны потенциалыг нээх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулсан. 2019 онд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг ЭМЯ-ны сайд байхад нь төслийн тухай танилцуулахад цааш хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж 300 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Уламжлалт анагаах ухааны 108 боть” төслөөс хэрэгжсэн эхний 50 боть нь уншигчдад шинэ санаа, технологи, шинийг бүтээх боломжийг нээж өгч байна. Мөн залуу судлаач, эрдэмтэд, оюутнуудад гарын авлага болно. Харин иргэд өвөг дээдсээс өвлөсөн ном судраас түүчээлсэн энэ бүтээлээс хэрхэн эрүүл амьдрах, хандлагаа зөв тогтоох мэдлэгийг авах боломжтой” гэв.
Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Монгол Улс ДЭМБ-ын 192 орноос уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоотой 25 орны нэг гэж нэрлэгдсэн. Намайг ЭМЯ-ны сайдаар ажиллаж байхад “Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болдын танилцуулсан 108 ботийн ач холбогдлыг өнөөдөр сонслоо. Сайн бүтээл болсон байна. Монгол Улс уламжлалт анагаах ухаанаа хөгжүүлж чадвал эдийн засгийг тэтгэх нэг эх сурвалж болох бүрэн бололцоотой гэдгийг манай мэргэжлийн хүмүүс судалсан байдаг. Гагцхүү үүнийг дэмжих, хөрөнгө оруулах бололцоог нь бүрдүүлж өгвөл манай уламжлалт анагаах ухааны салбарынхан ажил болгоод авч явж чадна” хэмээв.
“Уламжлалт анагаах ухааны цоо шинэ салбарыг бий болгох боломжтой”
Монгол түмний үнэт өв соёлын нэг бол уламжлалт анагаах ухааны салбар юм. Төслийн хүрээнд 50 боть номоос гадна мэдээллийн арвин сан хуримталсан гэдгийг төслийн удирдагч Ш.Болд хэлж байлаа. Мөн номонд түүхэн, үнэт баримтуудыг агуулснаас гадна олон хүний хөдөлмөр шингэжээ. Тодруулбал, Соёлын яамны зөвшөөрлөөр Үндэсний номын сантай гэрээ байгуулж хамтарч ажилласан байна.
Ингэхдээ тус номын сангийн сан хөмрөгөөс монгол эмч, маарамбуудын бичсэн 31 судар, монгол хэлээр бичсэн найман судар, монгол судлал гар бичвэр номын сан хөмрөгөөс 21 мянга орчим гар бичмэл, ном, Төвд номын сан хөмрөгөөс монгол, төвд эрдэмтэн мэргэдийн бүтээсэн 1.5 сая орчим номыг судалгаандаа ашигласан байна.
Мөн хувийн номын сан, хувь хүмүүст байгаа анагаах ухааны эртний судар номыг ашигласан нь их судалгааны үндсэн дээр 50 боть ном хэвлэгдсэн нь харагдаж байна. Ийнхүү судар, ном, бичиг дэх мэдээллийг цуглуулж, нэгтгэж мэдээллийн сан бүрдүүлэхээс гадна алдартай эмч, мааранба нарын зургийг ч олж чаджээ. Олон жилийн судалгаа, хүмүүсийн хөдөлмөрөөс бүтсэн уг төслийн хүрээнд шинжлэх 38 арга, эмчилгээний 18 гарын авлага, анагаах арга эмчилгээний технологи 98.700 гаруй эмийн түүхий эд, 5000 жорыг олжээ.
Түүнчлэн уламжлалтын анагаах ухааны цоо шинэ салбаруудыг энэ бүтээлүүдээс харж болно гэдгийг анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд хэлсэн юм. Жишээлбэл, уламжлалт анагаах ухааны гоо сайхны салбар, хүүхдийн өвчин судлал, эмэгтэй, эрэгтэй хүний өвчин судлал, нүдний өвчин судлал, идээ ундаа гэсэн олон салбарыг шинээр хөгжүүлэх боломжтой ажээ.
“Уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгоно”
Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Уламжлалт анагаах ухаан бол монголчуудын оршин тогтнохуйн үндэс, амьдралын хэв маягаас үүдэн хөгжсөн хосгүй үнэт шинжлэх ухаан юм. Мөн улс үндэстний тусгаар тогтнол, удам судрын хэлхээг дархлаажуулдаг нандин өв. Засгийн газраас уламжлалт анагаах ухааныг дэлхийн брэнд болгоход дэмжин ажиллаж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл ЭМЯ-ны сайд байхдаа энэ төслийг эхлүүлж өнөөдөр үр шим нь гарч байна.
Миний хувьд ч дэмжиж байгаа. 2022 оноос уламжлалт анагаах ухааны салбарт ажилладаг эрдэмтэн, доктор, профессоруудтай хамтарч хэлэлцүүлэг хийсэн. Энэ хүрээнд тодорхой үйл ажиллагаа бүхий ажлын хэсгийг байгуулсан. “Уламжлалт анагаах ухааны 108 боть”-ийн эхний 50 ботийг гаргах ажилд Анагаахын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ш.Болд тэргүүтэй ажлын хэсэг энэ бүтээлийг эмхтгэн гаргаж шинжлэх ухааны эргэлтэд оруулж байгаа нь Монголын уламжлалт анагаах ухааны түүхэнд оруулж байгаа үнэтэй хувь нэмэр” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)