П.АМГАЛАНБАЯР
Зохиолч бүрийн уран бүтээлийн ертөнц, мөн чанар, сэтгэмж дахин давтагдашгүй үнэ цэнтэй байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Би номныхоо тухай” буланд зохиолч ментор Т.Гүлдаурен уригдаж, “Power girl” номныхоо содон сонирхолтой ертөнцийн талаар ярилаа. Тэрбээр утга уран зохиолын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бүтээж яваа залуу үеийн түүчээ зохиолчдын нэг юм.
Зохиолчийн аялалд гарсан түүх
-Хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сард уншигчдад хүргэсэн “Power Girl” шинэ номынхоо тухай өгүүлье. Үүний эхэнд хэрхэн зохиолч болсон, юу намайг номын ертөнц рүү хөтөлсөн түүхээ бичье гэж бодож байна. Хүүхэд байхаасаа ном унших дуртай байсан. Ер нь ч тэгээд уншихгүйгээр бичих боломжгүй л дээ. Би сонгодог уран зохиол, шүлэг, хувь хүний хөгжлийн номуудад дуртай. Уран зохиолын ном уншсанаар хүн амьдралын мөн чанар, хүмүүсийн зан харилцаа, үзэл бодлыг мэдэж авах боломжтой. Зохиолын дүрүүдтэй хамт инээж, хамт гуниглаж, хамт хайрлах мэдрэмж өөрөө тансаг. Харин хүний хөгжлийн ном нь хувь хүнд илүү хандсан, ялангуяа цаг үеийн шинэ мэдлэг, мэдээлэлийг шингээснээрээ онцлогтой байдаг. Хүний хөгжлийн тухай бичсэн номыг уншихдаа би хамгийн чухал, надад шинэ байгаа санааг тэмдэглэж авдаг юм. Зарим ном гайхалтай их өгөөжтэй байдаг бол зарим номоос нэг өгүүлбэр ч тэмдэглээгүй байдаг. Тэр номыг унших гэж би мөнгөө, хамгийн гол нь үнэт цагаа зарцуулж байж нэг ч чухал санаа барьж авалгүй үлдэнэ гэдэг хичнээн харамсалтай. Тэгээд л бүсгүйчүүдэд зориулсан нэг сайн ном бичье гэж бодсон. Тэр ном маань “Тренди бүсгүй” бөгөөд олон мянган ширхэг борлогдсон. Одоо ч бусад номнуудаас минь илүү борлогдсоор байгаа анхны ном минь билээ. Ингэж л би зохиолч болох аялалдаа гарсан юм.
Өвөрмөц санаа бүхий таван бүлэгтэй
-Номын бичихийн хамгийн сайхан нь юу гээч. Үгийн хүчээр чи мянга мянган хүний зүрх сэтгэлд хүрч чаддаг. Ном хязгааргүй орон зай, цаг хугацааг туулна. Би явсан ч ном үлдэнэ. Саяхан бичсэн номоо харж суугаад би ингэж бодсон. Уншигчтай ярилцаж, зөвлөж, хамтдаа инээж, хамтдаа уйлж ном дотор би өөрөө оршдог юм байна. Ном үүгээрээ л гайхамшигтай. “Power Girl” ном маань орчин цагийн оюунлаг, хүчирхэг бүсгүйн мэдвэл зохих мэдлэг, чадваруудаас гадна бүсгүйлэг оршихуйн нууцыг агуулсан.
P- Pain
O- Opening
W- Wisdom
E- Emphaty
R- Rules гэсэн таван бүлгээс бүрдэх бөгөөд бүлэг тус бүрт өвөрмөц санаа, хэрэгжүүлэх арга барилыг өөрийн туршлага дээр үндэслэн эмх цэгцтэйгээр илэрхийллээ. Хувь хүний хөгжлийн төрөлд багтах хэдий ч бүсгүй хүний сэтгэл зүрхэнд гүн гүнзгий өнгийж, уйтгар гуниг, ганцаардал, аз жаргал гээд бүхий л мэдрэмжийг шингээж, яруу шүлгүүдээр чимэж өгсөн нь нэг л дулаахан сэтгэгдэл төрүүлэх болов уу. Хүчтэй эмэгтэй гэдгийг нийгмийг тодорхойлдог амжилттай, карьертай эмэгтэй гэдгээс огт эсрэгээр нь олж хараад “хүч” гэдгийг эмэгтэй хүний мөн чанар, төрөлх өгөгдөлтэй холбож бичсэнээрээ онцлог гэж итгэж байна.
Бүсгүй таны дотор орших нуугдсан хүчийг сэрээнэ
Бүсгүй хүн дотоод сэтгэлээ амар амгалан оршоох үедээ аз жаргалыг дүүрэн мэдэрдэг аж. Яг л эрвээхэй шиг далавчаа бүрэн дэлгэх үедээ өөрийнхөө дотоод ертөнцийг бүрэн нээж, ухаанаараа өөрийгөө чимвэл улам төгөлдөржих учиртай аж. Хайр, нинжин сэтгэл гэсэн хос жигүүрээ дэлгэвээс хамгийн хүчирхэг, ариун оршино. Үнэт зүйлтэй, зарчимтай бүсгүй хүн цаг хугацааны урсгалд үнэ цэн нь улам нэмэгдэх эрднийн чулуу адил тод гялалзах учиртай. Бүсгүй хүн оршихуйн дээд оршихуй буюу бүсгүйн заяаг олж төрсөн болохоор гэгээн, бурханлиг орших учиртай ажээ. Товчхондоо энэ ном таньд өөрийн дотор нуугдсан нандин хүчийг сэрээхэд туслана. Тэр хүчийг олсон цагт та хүссэн амьдралаа бүтээх түлхүүрээ атгалаа гэсэн үг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)