Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

“Эрдэнэт” гэхээр л уул уурхайн их бүтээн байгуулалт өрнөсөн хөгжил дэвшлийн үлгэр жишээ хот, эх орондоо хамгийн их үнэтэй баялгийг бүтээж яваа хөдөлмөрч, бүтээлч хүмүүсийн тухай дүр зураг ой тоонд буудаг. Зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаараа Ази тивдээ тэргүүлэх эгнээнд багтдаг “Эрдэнэт үйлдвэр”, Лондонгийн металын биржийн “А” зэрэглэлд багтах 99.999 хувийн сорьцтой тунгаамал зэсийг үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд гаргадаг “Ачит-Ихт” компани,   катодын цэвэр зэс, цахилгааны зэс утас үйлдвэрлэдэг “Эрдмин” ХХК гэсэн уул уурхайн салбарын “томчууд” тус хотод үйл ажиллагаа явуулдаг учраас тэр биз.

 

Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж химич болсон нь

 

Эдгээр томоохон уурхайн “төв цэгт” төрж, өсч хүмүүжсэн Эрдэнэт хотын залуусын мөрөөдөл нь баялаг бүтээх их үйлсэд гар бие оролцож үзэх гэгээн хүсэл байдаг аж. Ийнхүү хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж яваа Эрдэнэтийн залуучуудын төлөөлөл нь “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн Химийн лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэчимэг юм.  Уул уурхайн салбарын удирдах түвшинд зөвхөн эрэгтэйчүүд л ажиллах ёстой хэмээх нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэн, салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа түүнийг бид энэ удаагийн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа онцоллоо.

Ж.Эрдэнэчимэг Эрдэнэт хотын 14-р сургуулийг төгсөөд багын хүслээ биелүүлэхээр зориглон уул уурхайн салбартай салшгүй холбоотой, голлох чиглэлийн мэргэжил болох химичээр МУБИС-д элсжээ. Сургуулиа төгсөөд химийн шинжлэх ухааныг хойч үеийн залуустаа түгээхээр сэтгэл шулуудан боловсролын салбарт ажиллаж, ихээхэн туршлага хуримтлуулжээ. Үүнийхээ дараагаар гидрометаллургийн шинэлэг технологиор катодын зэс боловсруулах үйлдвэр Эрдэнэт хотод шинээр нээгдэн үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг сонсоод ажиллах хүсэлтээ өгч бүртгүүлсэн байна. Өөрийн хүссэн мэргэжлээрээ сурч, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний талаар арвин мэдлэг хуримтлуулж чадсан Ж.Эрдэнэчимэг ур чадвараа таниулан “Ачит-Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрт 2014 онд анх лаборантаар ажилд оржээ. Үүнээс хойш мэдлэг, чадвараа ил тод харуулан химич инженер болж, улмаар химийн лабораторийн эрхлэгч болон дэвшин ажиллаж яваа нь Ж.Эрдэнэчимэгийн манлайлал, хариуцлага, ажлын гүйцэтгэл ямар өндөр түвшинд явааг илтгэж байгаа болов уу.

Тэрбээр “Ачит-Ихт” компанийн катодын зэсийн үйлдвэрт ажиллаж эхэлсэн талаараа  “Энэ үйлдвэрийн нэгэн эд эс болж чадсандаа үргэлж  баярлаж, бахархаж явдаг. Бидний үйлдвэрлэж буй 99.999% цэвэршилттэй катодын зэс нь цаашлаад нунтаг зэс, дэлхий даяар эрэлттэй бүтээгдэхүүн болж, улс орны эдийн засагт том хувь нэмэр оруулж буй нь бахархахаас өөр аргагүй” гэлээ.

 

“Өөртөө итгэж чадвал манлайлагч болох боломж нээлттэй байдаг”

 

Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг Ж.Эрдэнэчимэг өөрийгөө харуулах боломж гэж хардаг. Тиймээс тухайн ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэл өндөртэй, хариуцлагатай, сахилга баттай, товлосон хугацаанд нь чанартай хийхийг эрмэлздэг аж. Энэ тухайгаа “Уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа үргэлж нэн тэргүүнд байдаг. Өдөр тутамдаа анхаарал болгоомжтой байж дүрэм журам зааварчилгааг чанд мөрдөн ажиллах шаардлагатай. Энэ нь хүнийг ажлаа төлөвлөдөг, зохион байгуулалт сайтай хариуцлагатай болгож, өсөх хөгжих боломжоор хангадаг гэж боддог. Товчхондоо уул уурхайд “Аюулгүй ажиллагаа амжилтын үндэс” болдог. Тиймээс манай компани үүнийг гол уриа болгон ажилладаг” гэв.

Ажлаа гэсэн чин сэтгэл, салбараа гэх халуун зүтгэл, үйлдвэрийн удирдлагуудын итгэл болоод дэмжлэгийн үр дүнд Ж.Эрдэнэчимэг энэ жил уул уурхайн салбарын ТОП-3 “Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн”-ий нэгээр шалгарсан юм. Энэ тухайгаа “Надад энэ шагналын нэр, утга агуулга нь бэлгэшээлтэй сайхан санагдсан. Мөн уул уурхайн салбарт олон жил тууштай, үр бүтээлтэй ажилласан чадварлаг эмэгтэйчүүдтэй хамт нэр дэвшсэн учраас сэтгэл их хөдөлж, догдолж байсан. Ажлаа гэсэн сэтгэл зүтгэлийг минь өндрөөр үнэлсэнд маш их баярлалаа” гэсэн юм.

 “Ачит-Ихт” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын 36 хувийг эмэгтэйчүүд эзлэхийн сацуу 2021 онд уул уурхайн салбарын “Жендэрийн мэдрэмжтэй хамт олон”-оор шалгарч байв. Үүнээс тус компани эмэгтэйчүүдийнхээ оролцоо, манлайлалд онцгой анхаарч, дэмждэг нь харагдаж байна. Үүнийг Ж.Эрдэнэчимэг батлан “Салбарынхаа шилдэг эмэгтэйчүүдтэй цуг нэр хүндтэй номинацид нэр дэвшин өрсөлдөж амжилт гаргасан нь манай компанийн эмэгтэйчүүдийн манлайллыг дэмждэгийн бодит жишээ гэж харж болно” гэлээ.

“Шилдэг эмэгтэй инженер, техникийн мэргэжилтэн”-ээр шалгарсан түүнээс манлайлагч хүнийг хэрхэн тодорхойлох вэ хэмээн асуувал “Манлайлагч гэдэг ойлголтыг төрөлхийн авьяастай, удирдах чадвартай, чадварлаг хүмүүст  хамаатуулж ойлгож болохгүй байх. Өөрийгөө ойлгож таньсан, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг, бусдыг сонсох, ойлгох чадвартай, хүмүүсийг хамтын зорилгод чиглүүлж чаддаг эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн бүрийг манлайлагч гэж хэлж болно гэж боддог. Хамгийн чухал нь өөртөө итгэж зорьж чадах юм бол манлайлагч болох боломж нээлттэй байдаг” гэж хариулсан юм.

Уул уурхайн хөгжлийн 100 жилийн эхний 80 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн манлайлал байтугай, оролцоо ч маш бага хувийг эзэлдэг байв. Харин сүүлийн 20 гаруй жил шинжлэх ухаан, технологийн хөгжил хурдасч, эмэгтэйчүүд энэ салбарт илүү олноор ажилладаг болж, бусад салбарын нэгэн адил удирдах түвшинд ч эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, нарийн торгон ухаанаар амжилттай удирддаг болсон цаг үе ирсэн гэдгийг Э.Эрдэнэчимэг тодотгов.

Энэ талаар тэрбээр “Технологийн хөгжлийг дагаад шинжлэх ухаан, хими технологи, математик, инженерчлэлийн чиглэлд ажлын байр нэмэгдэх төлөвтэй байна. Шинжлэх ухаан ач холбогдол өндөртэй, үргэлж хөгжиж байдаг салбар болохоор энэ чиглэлээр илүү олон охид суралцаасай, ажлын талбар дээр эрэгтэй инженерүүдтэй ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдөөсэй гэж хүсэж байна. Хэрвээ та бүхэн үнэхээр хүсэх  юм бол боломжийг бий болгож чадна, өөртөө итгэлтэй, зоригтойгоор эхлүүлээрэй гэж хэлье” гэв.

 

Химийн итгэмжлэгдсэн лабораторт ажиллахын давуу тал...

 

Монгол Улсад нэвтрүүлсэн гидрометаллургийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг Лондоны металын бирж болон олон улсын стандартын түвшинд тогтвортой байлгахад химийн лаборатори онцгой ач холбогдолтой байдаг. Тиймээс “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн химийн лаборатори нь олон улсын чанарын шаардлагыг ханган, ISO 17025:2018 стандартыг амжилттай хэрэгжүүлж, Химийн итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээг гардаж авчээ. Ингэснээр шинжилгээний хариуг богино хугацаанд чанартай гаргах, гаргасан хариугаа цаг алдалгүй мэдээллэх, шинжилгээний зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн ашигт ажиллагааг нэмэгдүүлсэн гэсэн олон давуу тал бий болжээ.

Энэ талаар Химийн лабораторийн эрхлэгч Ж.Эрдэнэчимэг "Бид үйлдвэрийнхээ технологийн шат дамжлага бүрээс ирсэн дээжүүдэд шаардлагатай химийн шинжилгээг хийдэг. Шинжилгээний дүнгээс шалтгаалан үйлдвэрийнхээ технологийн горимыг тохируулдаг тул шинжилгээний чанараас үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар шууд хамаардаг. Мөн технологийн дээрх шинжилгээнүүдээс гадна үйлдвэрийн орчин тойрон дахь гүний болон гадаргын ус хөрсний чанарт хяналт тавих аливаа бохирдол үүсгэхээс урьдчилан сэргийлэх байгаль орчны хяналт, үйлдвэрийн ашигт ажиллагаа, хүдрийн нөөцийг зохистой ашиглах чиглэлийн судалгаа туршилтын шинжилгээнүүдийг хийж гүйцэтгэж байна” гэв. 2021 оноос лабораторийн үйл ажиллагаа, тоон мэдээллийг боловсруулах ажлыг цахимжуулах ЛИМС программыг амжилттай нэвтрүүлж, өдөр тутмын үйл ажиллагаагаа хялбаршуулж чадсан нь компанийн бүтээмжид эергээр нөлөөлжээ.

Манай улсын экспортод гаргаж буй түүхий эдийн ердөө 1.1 хувийг боловсруулсан бүтээгдэхүүн эзэлдэг. Үүний 83 хувийг “Ачит-Ихт” компанийн боловсруулсан түүхий эд дангаараа эзэлж байна. Тиймээс Монгол Улсад гидрометаллургийн хөгжлийн түүхийг бүтээлцэж бичилцэж байгаа хамт олноороо бахархаж, талархаж явдгаа Ж.Эрдэнэчимэг илэрхийлж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)