Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА

Театрын тайзан дээр амилж буй уран бүтээл үзэгчдэд бодол ухаарал, сэдэл санаа өгч байх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр манай театруудад арын албаныхан буюу зураач, туслах зураачаас эхлээд нарийн мэргэжилтнүүд дутмаг байгаа тухай “Зууны мэдээ” сонин “Нийгэм-Асуудал” буландаа хөндөж долоон цувралыг уншигчдад хүргэж дууслаа. Нийтлэлүүдийн тухай тоймлон хүргэе.

 

Театр арын албаны мэргэжилтнүүдээр “цангаж”байна

 

Театрын арын албаны мэргэжилтүүдийн тухай хөндсөн сэдэв дээрх гарчигтайгаар эхний дугаараа хүргэж байв. Энэхүү нийтлэлд Монголын хоёр төв театр болох УДЭТ болон УДБЭТ-ын зураачийн орон тооны тухай хөндсөнөөс гадна мэргэжлийн экспертүүдийн байр суурийг хүргэсэн юм.

УДЭТ-ын маркетингийн хэлтсээс тодруулахад “Одоогоор манай театр ерөнхий зураач, туслах зураач гэсэн хоёр орон тоотой. Зарим уран бүтээл дээр гаднаас зураач болон тайзны туслах ажилтнуудаа авах нь бий.  Мэдээж энэ тоо олон улсын стандартад хүрэхгүй. Тиймээс бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаад л уран бүтээлээ хүргэдэг” гэв.

Харин энэ тухай УДБЭТ-ын Хүний нөөц хариуцсан ажилтан н.Лхагважав “Одоогоор манай театрт үндсэн орон тооны  хоёр зураач ажиллаж байна. Ерөнхий зураач, гүйцэтгэгч зураач. Хоёулаа мэргэжлийн уран бүтээлчид. Мэдээж орон тооны хувьд олон улсын стандартад хүрэхгүй. Тиймээс ажлын ачаалал их. Харин гэрэлтүүлэгчээр дөрвөн хүн ажилладаг. Үүнд гэрлийн техникч, инженер багтдаг. Цаашид зураачийн орон тоо нэмэхээр Соёлын яам руу албан бичгээр хүсэлт явуулсан боловч хариу ирээгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн.

Харин тайзны зураач О.Баярмагнай Монголын театрт конструктор зураач зайлшгүй байх шаардлагатайг онцолж байсан юм. Түүний хувьд СУИС-ийг тайзны зураач мэргэжлээр төгссөн бөгөөд УДЭТ-ын бүтээл “Адууны түүх” болон найруулагч М.Батболдын “Опал” жүжгийн ерөнхий зураачаар ажилласан туршлагатай. Харин Соёлын яамнаас театрын арын албаны мэргэжилтнүүд рүү чиглэсэн ямар бодлого баримталдаг тухай тодруулахад тус яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн “Соёлын яам байгуулагдаад гурван жил болж байна. Ямар ч улс орны хамгийн үнэт зүйл нь хүн. Зөвхөн театр гэлтгүй соёл урлагийн салбарт хүний нөөцийг том зураглалаар харсан бодлого багагүй доголдолд орсон нь үнэн. Шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлүүд олон бий. Соёл урлагийн салбарын хүний нөөцийг судалгаанд суурилан, системтэй бэлдэх ажлыг мэргэжлийн түвшинд эрчимтэй хэрэгжүүлэх тал дээр бид ажиллаж байна” гэж байр сууриа илэрхийлж байв.

 

Мөнгөнд бус сэтгэлдээ хүлэгдсэн театрын арын албаныхан

 

Харин хоёр дахь цувралд Үндэсний урлагийн их театр болон Хүүхэлдэйн театрт очиж сурвалжлага бэлтгэсэн юм. Энэ үеэр Үндэсний урлагийн их театрт ерөнхий зураач гэсэн орон тоо байхгүй тухай бидэнд дуулгасан. Монголд төдийгүй дэлхийд ардын урлагаа сурталчилж буй цор ганц театр ерөнхий зураачгүй гэдэг нь харуусалтай. Тус театрын жижиг хэрэглэлийн эрхлэгч, тайзны ажилтан С.Хүрэлбаатар “Би энэ театрт ажиллаад гурван жил болж байна. Өмнө нь Сүхбаатар аймгийн театрт ажиллаж байсан. Одоогоор манай үйлдвэр анги 12 хүний орон тоотой.

Уг нь 16 хүн байх ёстой юм билээ. Үүнээс зургаа нь тайз хариуцдаг. Яг тоглолтын үед манай зургаагийн гурав нь дээшээ галерей руу гардаг. Доор үлдсэн гурав нь тайзаа зөөхөөс эхлээд дуун дээр хүртэл очиж ажилладаг” гэв. Мөн ирээдүй болсон бяцхан багачуудад оюуны хөрөнгө оруулдаг Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач М.Ариунтуяа "Манайх тайзны ажилтан гэсэн нэг хүний л орон тоотой. Гэтэл энэ ажилтан маань ганцаараа юу ч хийж амжихгүй. Яагаад гэвэл манай театр хуучных учир механик тайзтай. Тэгэхээр бүгдийг гараар зөөх болдог. Бусад театр шиг галерей байхгүй учир гараараа татдаг. Тэгэхээр жүжигчид маань өөрсдөө энэ бүгдийг хийнэ. Тэгэхээр тайзан дээрээ л гэхэд бид дор хаяж хоёр хүн нэмж авмаар байна" гэв

 

Театрын арын албаныхныг бодлогоор МСҮТ-д л бэлтгэе

 

Гурав дахь цувралдаа бид театрын арын албаныхныг хаана хэрхэн бэлтгэдэг тухай хөндсөн юм. Одоогоор Монгол Улсын хэмжээнд КУДС хажуудаа “Урлаг-Урлан” МСҮТ-ийг ажиллуулдаг ажээ. Энэ тухай тус сургуулийн сургалтын менежер Б.Мөнхжаргал “Манай сургууль театр киноны зураач гэсэн мэргэжлээр оюутан элсүүлдэг. Эхэндээ энэ ангид хүүхэд тун бага элсдэг байсан ч сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Мөн дэргэдээ “Урлаг-Урлан” МСҮТ-ийг хичээллүүлж эхэлсэн. Тус МСҮТ нь телевиз, техникийн тоног төхөөрөмжийн засварчин, дуу бичлэгийн техникч, фото зурагчин, гэрэлтүүлэгч, тайз чимэглэгч, тайз засалтын мэргэжилтэн, урлагийн болон үндэсний хувцасны оёдолчин, нүүр хувиргагч, гоо засалч зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна” гэсэн юм. Энэ нь яг өнөөдрийн бидний хөндөж буй театрын арын албанд дутагдаад байгаа мэргэжлүүд билээ. Гэхдээ 21 аймагтай, аймаг бүртээ урлагийн театр, чуулгатай манай улсын хувьд урлагийн арын албаныхныг бэлтгэдэг ганцхан МСҮТ байгаа нь хэтэрхий бага тоо.Тиймээс орон нутгийн МСҮТ-д эдгээр мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжих ёстойг бид онцолсон.

 

Н.Буянбаатар: Мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжиж, цалингийн тогтолцоог эргэж харах цаг болсон

 

Энэхүү дөрөв дэх цувралдаа бид Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатарыг урьж ярилцсан. Тэрбээр “Манай театр одоогоор 189 хүний орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Үүний ихэнх хувийг уран бүтээлчид эзэлдэг. Таны хэлснээр яг арын алба буюу тайзны зураач, гэрэлтүүлэгч, оёдолчин, парикчин, гуталчин, урын санч, хөгжмийн найруулагчаас эхлээд туслах мэргэжлийн уран бүтээлчид үнэхээр ховор. Тайзны уран бүтээл гэдэг хамтын хүчээр босдог. Гэтэл тухайн дуулалт жүжиг юмуу, бүжгэн жүжгийг ганцхан дуучин бүжигчин бүтээчихдэггүй. Үүний ард олон хүний хөдөлмөр оршдог. Манай театрын хувьд үндэсний гэсэн тодотголтой. Тиймээс нарийн мэргэжлийн уран бүтээлчид яаралтай хэрэгтэй байна” гэж онцолсон юм. Мөн тэрбээр туслах мэргэжилтнүүдийн цалин бага тул ажиллах хүч бүрдэхгүй байгаа тухай ярьж байв.

 

Олон улсын жишиг VS Монголын театрын тогтолцоо

 

Тав дахь цувралдаа бид олон улсын театруудыг өөрийн орны театртай харьцуулж, нийтлэл бичив. Энэ удаад Японы уламжлалт театр “Хамасүка” театрын тухай жишээ дурьдсан юм. Энэхүү театр нь эртнээс уламжилж ирсэн сүүдэрт ший, хүүхэлдэйн төрлөөр уран бүтээл хийдэг онцлогтой. Тэгвэл тус театрт өдгөө долоон зураач ажилладаг аж.Тэднийг стандартынх нь дагуу хуваарилбал ерөнхий, хувцасны, нүүр будгийн, тайзны,   конструктор, дэлгэцийн, парикны зураач нар байдаг аж. Энэ нь Япон болоод Азийн ихэнх орнуудад мөрдөгддөг стандарт бөгөөд үүнээс нэг нь л дутуу байвал уран бүтээл төгс, цогц болохгүй гэж үздэг юм байна. Тиймээс тус театрт зураач бүхэн үнэ цэнтэй. Мөн зураачдаас гадна гэрэл техник болон дуу шуумны нарийн мэргэжилтнүүд нь доод тал нь таван хүнтэй байх шаардлага тавьдаг юм байна. Энэ нь тухайн улсын үндэсний урлагийн бодлого, цаашлаад эх орноо соёл урлагаараа сурталчилж, олон улсад ондооших хамгийн гол зам гэж үздэгтэй нь холбоотой юм байна. Мөн дэлхий дээр олон төрлийн театр бий. Харин зураачийн мэргэжил ганцхан. Тиймээс олон улсад энэ мэргэжлээр төгсөж буй оюутан гуравдугаар дамжаанаасаа нарийн мэргэжлээ сонгодог юм байна. Одоогоор Япон, Солонгос, Итали, Франц, ОХУ зэрэг олон орон урлагийн сургууль, академийнхаа хажууд урлагийн туслах буюу нарийн мэргэжлийн ангийг нээх болжээ. Үүнд мужаан, гэрэлтүүлэгч, тайз засагч, дууны оператор, парикчин, хүүхэлдэй урлаач гээд өнөөдөр театрын урлагт ус агаар мэт хэрэгтэй мэргэжилтнүүдийг бодлогоор дэмжсээр иржээ.

 

Төрийн бодлого үгүйлэгдсэн театрын арын алба

 

Энэхүү зургаа дахь цувралдаа бид орон нутгийн театруудын арын албаны тухай хөндсөн юм. Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын дарга Г.Солонго “Манай театр одоогоор 60 хүний орон тоотойгоор уран бүтээлээ хийж байна. Уг нь стандартаараа 115 хүн ажиллах ёстой. Харин энэ тогтолцоо орон нутгийн театруудад алга. Хамгийн ихдээ л ганц нэг театр 70 хүний бүрэлдэхүүнтэй байгаа байх. Тэгэхээр аж ахуйн нэг хүн хоёр хүний ажил хийж байх жишээтэй. Мэдээж уран бүтээл хийнэ гэсэн утгаараа орон тооны ихэнх хувийг уран бүтээлчид эзлэх ёстой. Харин театрын арын албыг чин сэтгэлтэй хүмүүс л гүйцэлдүүлэх юм. Ер нь орон нутгийн театруудын гэрэл техникийн ажилчид бүгд л мэргэжлийн бус хүн байдаг. Жишээлбэл, манай театрт гэрлийн техникч, дуу  шуумны оператор, тайзны ажилтан нэг, нэг бий. Гэтэл ядахдаа тайзан дээр 2-3 хүн ажиллаж байж стандартаа барина шүү дээ. Томоохон уран бүтээл хийхэд дуучин, жүжигчин, нягтлан хүний нөөцөөсөө эхлээд бүх хүн тайзаа зөөж, гэрэл техникээ ажиллуулах жишээтэй” гэв. Харин Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хөгжимчин Т.Ган-Эрдэнэ “Манай театрын хувьд мөн л арын албаны мэргэжилтнээр дутмаг байна. Бид дур мэдэж боловсон хүчин авах эрхгүй. Тиймээс уран бүтээлч бүгд л тайз болоод гэрэл, шуумны ажилдаа оролцдог. Байгаа нэг нь байхгүй хүнээ нөхөж заримдаа 1-2, гурван хүний ч ажил хийх  нь бий. Ялангуяа орон нутгийн театр тайзны арын албаны уран бүтээлчдээр цангаж байна шүү дээ. Энэ тухай хүсэлтээ холбогдох байгууллагуудад уламжилдаг ч хариу өгсөн нь үгүй. Мөн мэргэжлийн уран бүтээлчид орон нутгийн театр луу ирэхгүй байгаа нь цалин хөлстэй нь шууд холбоотой” гэсэн юм.

 

Туслах зураач 650 мянган төгрөгийн цалинтай

 

Харин цувралын сүүлийн нийтлэлдээ бид тайзны нарийн мэргэжлийн уран бүтээлчдийн цалингийн тогтолцооны тухай хөндсөн билээ. Монгол Улсын соёл урлагийн байгууллагад урлагт хайртай, чин сэтгэлтэй хүн багахан цалингаа гололгүй амьдралдаа хүргэх гэж хичээдэг гэсэн дүр зураг харагдаж байна. Мөн энэ сэдвийн хүрээнд ярьж буй эх сурвалж бүхэн театрын арын алба цалин багатай учир сонирхож ажиллах хүн олдохгүй байгааг онцолж байв. Үнэхээр бидний хөндөж бичиж буй театрын арын албаны уран бүтээлчид Засгийн газраас тогтоосон  ТҮСУ-3 буюу сард 650 гаруй (үүнээс татвар авна) мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Гэтэл энэ мөнгө одоогийн нөхцөлд хангалттай цалин мөн үү. Монголын төр уран бүтээлчдээ бодлогогүй орхисны хамгийн гунигтай жишээ энэ ТҮСУ-3 гэсэн үнэлгээ юм. Энэ тухай УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин “Өнөөдөр Монголын урлаг хэдий болтол нэгдсэн бодлогогүй явах вэ. Театрын урлагт арын албаны мэргэжилтнүүд хамгийн чухал. Бид дэлхийн урлагтай хөл нийлүүлэн алхъя гэж бодож байвал нарийн мэргэжилтнүүдээ бодлогоор дэмжиж, бэлтгэх ёстой. Уран бүтээлч хүн сэтгэл зүрхээ урлагт зориулж, түүнээсээ эрч хүч, энерги авдаг, сэтгэлтэй хүний хийдэг ажил. Гэвч бүгд л адилхан ар гэр, амьдралтай шүү дээ. Өнөөдөр ийм бага цалингаар амьдралаа яаж авч явах билээ. Тиймээс олон авьяастай, зүтгэлтэй мэргэжилтнүүд энэ салбараасаа гарч байна” гэж ярьсан юм.

Өнөөдөр Монголын театрын урлагийн бодит байдал ийм байна. Бид урлаг хөгжиж байна гэж ярьдаг боловч хөгжлийн хамгийн чухал түлхүүр болох арын албаны мэргэжилтнүүдийг ямар ч бодлогогүйгээр орхигдуулсан тухай эх сурвалж бүхэн ярьж, онцолж, анхааруулж байсныг нийтлэлийнхээ төгсгөлд уламжилъя.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)