Б.ДОЛЖИНЖАВ

Долоо хоногийн хугацаанд Дэнжийн мянгаас эхлээд Зайсан толгой хүртэлх газарт 83/17 гэсэн тоо байршсан нь олон  таамгийг нийгэмд төрүүлээд байв. Тухайлбал,  монголчуудын 83 хувь ядуу,17 хувь баян гэсэн тоог илтгэв үү, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт болоод нийгэмд эзлэх хувь, парламентын гишүүдийн тоо  100 болж өөрчлөгдөх юм байна гэсэн таамгууд хөвөрсөн. Тэгвэл дээрх тоо нь шийдвэр гаргах түвшин дэх эрх баригчдын хүйсийн харьцаа буюу УИХ-ын 76 гишүүний хүйсийн тэгш бус байдлыг илэрхийлсэн нөлөөллийн ажлын эхлэл байжээ. Энэ тооны тайллын талаар  “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”, “Сонгогчдын боловсрол төв”, “Монфенмент”, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд”, “Бүтэн бүлээн”, “Нийгэм улс төрийн боловсрол”, “Мэргэжлийн социологичдын холбоо” зэрэг ТББ-ын төлөөллүүд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй учраас зөв шийдвэр гарах нь эргэлзээтэй

Шийдвэр гаргах түвшинд буюу УИХ-ын гишүүдийн 83 хувь нь эрэгтэйчүүд, 17 хувь нь эмэгтэйчүүд байна.  Энэ нь  хүн амын 51 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд хангалтгүй байгаагийн тод илрэл юм. Тиймээс нэг хүйс хэт давамгайлсан одоогийн тогтолцоог өөрчилж,  хууль, эрх зүйн орчноо шинэчлэх ёстой хэмээн үзсэн дээрх ТББ-ууд нэгдэн энэ нөлөөллийн ажлыг санаачилжээ.

Энэ талаар  “Бүтэн бүлээн” ТББ-ын тэргүүн Э.Энэрэл “83/17 гэсэн тооны талаар цахим орчинд хүн болгон өөр, өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ нийгэмд тэгш бус, хоорондын зөрүү ихтэй нэг асуудал байна гэдэгт ихэнх хүн санал нэгдсэн. Энэ тоо бол улс төрийн шийдвэр гаргах түвшинд буй хүмүүсийн хүйсийн харьцааг илэрхийлсэн  юм. УИХ-д байгаа 76 гишүүний 83 хувь нь эрэгтэй, 17 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй учраас төрийн бодлогод зөв зүйтэй шийдвэр гарах эсэх нь эргэлзээ дагуулж буй юм. Тиймээс 83/17 гэсэн нөлөөллийн ажлыг санаачилсан. Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Улс төрийн намын тухай хуулийг тун удахгүй Ерөнхийлөгч өргөн барихыг олон нийт хүлээж байгаа. Сонгуулийн тухай хуульд жагсаалтад хүйсийн харьцааг 50/50 хувиар хангана гэсэн заалт орж ирсэн нь дэвшилтэт алхам болсон. Нөгөө талаас квотыг 30-40 хувьд ярьж байгаа нь үнэндээ тэгш оролцоогоо бүрэн хангана гэвэл үгүй. Гэхдээ бүгд хэлэлцэж байгаа энэ заалтаараа батлагдах эсэх нь эргэлзээтэй. Жагсаалтаар оруулж ирэх лист хөдөлгөөнтэй лист буюу нам болоод хүнийг харж сонгохоор байвал тэгш оролцоог хангах зарчим хангагдахгүй байх магадлалтай. Дэлхийн хөгжингүй орнууд хүйсийн тэгш байдлын асуудлыг шийдэхдээ сонгуулийн хуульдаа нарийн суулгаж өгсөн байдаг” гэсэн юм.

БНСУ-ын тухайд сондгой тоон дээр эмэгтэй нэр дэвшигчийг жагсаадаг бол Швед, Франц улс орнууд 1/1 гэсэн зарчмаар явдаг юм байна.

Энэ бол эмэгтэйчүүдийг эрх мэдэлтэй болгох тухай асуудал биш. Тэгш төлөөлөл, тэнцвэртэй оролцоо нийгмийн хөгжлийг авчрах талаарх санаачилга юм. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хуулиудыг олон нийт анхааран харж, хэт тэнцвэргүй болсон 83/17 гэсэн үзүүлэлтийг тэнцвэртэй болгох нь чухал гэдгийг Э.Энэрэл онцолсон юм.

Дэлхийд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн дундаж хувь 25 байдаг

Манай улсын шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэрт байдал хангалтгүй , олон улсын түвшнээс ч доогуур байна. Тодруулбал, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн эзлэх хувь дэлхийн дундаж 25, Азийн дундаж 20 хувь байдаг аж. Энэ талаар  “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын зөвлөх Б.Золзаяа “Аль ч салбарт тэгш бус байдал давамгайлсан гэдгийг  энэ тоо харуулж байна. Ядуурал, гэр бүл салалт гэсэн олон зүйл дээр тэгш бус байдал алдагдсан учраас хүн бүхэн энэ тоог өөр өөрийн өнцгөөр ойлгож, тайлбарласан байх. Эмэгтэйчүүд улс төрд орж ирснээр хүнд ээлтэй бодлогын хууль батлуулж чаддаг. Тухайлбал, улс төрд хамгийн олон эмэгтэй сонгогдож, эмэгтэйчүүдийн бүлэг байгуулж ажиллаж байхад бидний өдөр тутмын амьдралд хамгийн их хэрэгтэй байгаа Архи, Тамхины тухай хуулийн төслийг батлуулж байлаа. Хүүхэд хамгааллын багц хуулийг ч мөн батлуулж байсан. Одоо хэлэлцэж буй Сонгуулийн тухай хуульд намын жагсаалт болон тойрогт эмэгтэйчүүдийн квотыг хамгийн багадаа 40 хувиар тогтоож өгөх нь хамгийн ээлтэй тогтолцоо болно. Зөвхөн намын жагсаалт гэх байдлаар хуурч болохгүй” гэв.

 Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг “Жендэрийн тэгш байдлын индекс”-ээр манай улс бүх үзүүлэлтээрээ 60 дугаар байрт жагсдаг бол улс төр эрх мэдлийн оролцоогоор 146 орноос 113 дугаарт эрэмбэлэгдэж байна. Энэ нь улс төрийн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарах ёстой гэдгийн илрэл юм. Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэн “Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эмэгтэйчүүд сонгуульд тэгш эрхтэй оролцохыг хуульчилсан. Үүнээс хойш 99 жилийн хугацаа өнгөрчээ. Бид хөгжлийн үе шатандаа нэг алхам урагшлах зүй ёсны шаардлага байна. Жендэрийн хувьд эмэгтэйчүүдийн оролцоог хамгийн доод түвшинд хуульчлах нь гарц шийдэл биш. Оролцоо, сонгох, сонгогдох эрх дээр маш олон асуудлыг ярих ёстой” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)